"Петрочайна дачин тамсаг"-т ногдуулсан актыг хүчингүй болгосон тухай Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар маргав
Татварын ерөнхий газраас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 312 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Гэтэл тус компани энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй, ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Улмаар зөвлөл гомдлыг хэлэлцээд дээрх татварын актыг түдгэлзүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Татварын маргаан шийдвэрлэлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайдад асуулга хүргүүлээд байна.
Тодруулбал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д тавьсан татварын акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүд болон гарсан шийдвэрүүдийн мэдээллийг ирүүлэхийг хүсжээ. Ямартай энэ асуудлаас үүдэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар цахим орчинд маргаж байна.
Сэтгэгдэл үлдээх