Цэс Close

М.Оюунчимэг: Гадаа +12, +13 хэм дулаан байхад орой утаа хэдийн гараад Зайсанд ч үнэртээд эхэллээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл энэхүү хөнгөлөлтийн санхүүжилт ирэх оны төсвөөс хасагдсан асуудал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүд хөндлөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:"Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу нийслэл, аймаг, сум гээд 10,000-аас дээш хүн ам төвлөрсөн сум суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн тарифыг хөнгөлж ирсэн ч 2023 оны төсөв дээр Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй орж ирсэн асуудал иргэдийн шүүмжлэл дагуулж байна. Үүнийг Төсвийн байнгын хороо анхаарах хэрэгтэй.  Гадаа +12, +13 хэм дулаан байхад орой утаа хэдийн гараад, гэр хороолол биш Зайсанд ч үнэртээд эхэлсэн. Эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болговол юу болох вэ" гэлээ.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад... "Манай байгууллага баталсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлдэг. Санхүүжилтийн эх үүсвэр байхгүй үед эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргахад хүндрэлтэй. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж өгөх хүсэлтийг Эрчим Хүчний Яаманд гаргасан. Яамнаас тодорхой чиглэл ирвэл шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх шийдвэрээ гаргах байр суурьтай байна.

УИХ-ын чуулганы хуралдаанд яамны зүгээс энэ асуудлыг танилцуулж байгаа байх. Хуулиараа тухайн жилийн төсөвт хөнгөлөлтийн хэмжээ тусгагдаагүй бол нөхөж олгодоггүй. Өөрөөр хэлбэл бид эндээ Засгийн газрын тогтоолын дагуу эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргачихдаг. Гэтэл улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаагүй тохиолдолд цахилгаан түгээх компаниуд алдагдалд хүрнэ" гэв.

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100%-аар хөнгөлдөг. Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах