Цэс Close

Ж.Ганбаатар: Ангарскт гарсан гал Монгол руу нийлүүлж байгаа дизель болон АИ-92 шатахуунд доголдол үүсэх хэмжээнийх биш

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд нүүрс тээврийн тухайд "Энэ жил 18 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байсан бол өнөөдөр 23 сая тонн нүүрс гаргаад байгаа. Жилийн эцэс гэхэд 36 сая тонн нүүрс гаргаж чадах уу гэвэл чадна. Бид жилд 70,80 саяыг ч гаргаж чадна. Гол асуудал боомтууд дээр өгч байгаа квот, хил гаалийн асуудал байна. Боомтын асуудал зам тээвэрт байна гээд орхихгүй, Боомтын сайд томилогдохоор БНХАУ-ын гангийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах, Өвөрмонголын зарим аймгийн удирдлагуудтай уулзах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ тэг ковид нөхцөл байдал сулрахыг хүлээж байна."

Мөн өчигдөр ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан гал түймэрийн  улмаас манай улсад нийлүүлэгдэх шатахуун тасалдах эрсдэл үүсэх эсэхийг тодруулахад "Ангарскийн асуудлаар өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүмүүстэйгээ ажиллалаа. Ирж байгаа бодит мэдээллийг өгөхөд Ангарскийн АИ-92, А-80, дизель түлшийг нэрдэг үйлдвэр үйлдвэрт гал гараагүй. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гал гарсныг хэлсэн. Гал богино хугацаанд гараад, богино хугацаанд унтрааж чадсан байна.

Ангарск бидэнтэй цагийн зөрүүгүй ч удирдлага нь Москвад байдаг. Москвагаас 15:00 цагийн үед мэдээлэл аваад өөрийн сувгуудаар дамжуулан хүргэх болно.

Монгол Улс руу нийлүүлж байгаа дизель түлш болон АИ-92 шатахуунд доголдол үүсэх хэмжээний асуудал биш гэдэг хариуг өгч байна.

Томоохон хэмжээний гал гарсан бол богино хугацаанд унтраах боломжгүйг та бүхэн мэдэж байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах