Офицеруудын ордон-Таван шарын уулзвар хүртэл замын I эгнээгээр зөвшөөрөөгүй машин зорчуулахгүй
Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй гэж ТЦА-наас мэдээллээ.
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энх тайвны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг маргаашаас эхлэн эрчимжүүлнэ. Ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээх бөгөөд иргэдийг автомашинаасаа татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан очих нөхцөл бүрдэж, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагаа хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ гэж тооцож байна.
Замын_хөдөлгөөний_дүрэмд заасны дагуу: Энхтайваны өргөн чөлөөнд #автобус зорчиход зориулан тэмдэг, тэмдэглэл хийгдсэн зорчих хэсгийн #нэгдүгээр эгнээгээр:
Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус;
Тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин;
Нийтийн тээврийн газраас олгосон зөвшөөрөлтэй стандартын суудлын такси;
“Хүүхдийн автобус”, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөс олгогдсон “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчино.
Бусад тээврийн хэрэгсэл явах хориотой.
Сэтгэгдэл үлдээх