Цэс Close

Х.Нямбаатар: Нүүрсний хулгайтай холбогдуулж хамгийн түрүүнд шалгах ёстой хүн нь Х.Баттулга

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна гэдэг дүн гарсан байна.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Нэг тээврийн хэрэгслийг 5 жолооч барьсан байгаа. Тэр бүх жолооч нараас мэдүүлэг авна. Хил гаальтай холбоотой асуудал яригдаж байна. Нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас Хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана.

ҮАБЗ-ийн нүүрстэй холбоотой дийлэнх зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед гаргасан. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр Бодь Интэрншнэл компанийг оруулж ирж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга.

Мөн нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээх шалгах ёстой гэж бодож байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах