Д.Амарбаясгалан: Иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж байгаагүй бөгөөд огт танихгүй

Иргэн Г.Ган-Очир, жүжигчин У.Цогтбаяр нар арав дахь өдрөө үргэлжилж буй жагсаалын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар лайв хийсэн. Тэр үеэр нүүрсний хэргээ нуухаар Г.Ган-Очирын данс руу есөн их наяд төгрөг шилжүүлсэн хэмээн ярьсан. Ингэхдээ тэрээр өөрийгөө МАН-д ажиллаж байсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан туслахаараа дамжуулан НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан гэж мэдээлсэн юм.
Тэгвэл иргэн Г.Ган-Очирын мэдээллийг ор үндэслэлгүй хэмээж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк лайвт надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.
- Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.
- Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.
- Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.
Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх