Газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж байна
Дорнод Хээрийн Төсөл аймаг, сумдын Засаг даргын орлогчоор ахлуулсан бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч, газар ашиглагчдын төлөөллөөс бүрдсэн олон талт, салбар дундын ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Уг ажлын хэсгийн оролцоотойгоор Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг харгалзан тус аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүний 9 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг багуудын Иргэдийн Нийтийн Хурлаар шат дараатай хэлэлцүүлж санал авч байна.
Цагаан зээрийн холбоос нутаг, шувуудын чухал амьдрах орчин, ой болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсүүдийг хамруулан экологийн цөм нутгийг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын бүтээмжтэй уялдуулан боловсруулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэхэд малчид, иргэд, олон нийт идэвхтэй оролцож дараах саналуудыг дэвшүүллээ.
Үүнд:
- Цагаан зээрийн холбоос нутгуудыг сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авах;
- Түүх, соёлын өв газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах;
- Булаг, шанд, уст цэгүүдийг хамгаалах, тохижуулах;
- Татмын ойг нөхөн сэргээн бургас тариалах газруудын байршлыг тогтоох;
- Бэлчээрийг сэлгэн ашигладаг уламжлалаа сэргээх;
- Усны хэмнэлттэй технологийг ашиглах зэрэг санал дэвшүүлэв.
Сэтгэгдэл үлдээх