Цэс Close

С.Бямбацогт: Гашуунсухайт боомтод 320 орчим аж ахуйн нэгжийн  21600 орчим тээврийн хэрэгсэл, 22000 мэргэшсэн жолооч ажиллаж байна

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.  Ерөнхий хяналтын сонсголд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улс хоорондын тээврийн “C” зөвшөөрөл олголт, гаалиар болон хилийн боомтоор нүүрс нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл”-ийг танилцууллаа.

Монгол Улс БНХАУ-тай 1991 онд онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийг байгуулж, 2011 онд шинэчлэн баталсан байна. Энэхүү хэлэлцээрт хэлэлцэн тохирогч талууд нөгөө талынхаа нутаг дэвсгэрт нэвтрэх тээврийн хэрэгсэлд нөгөө талаас өгсөн зөвшөөрлийн бичиг олгон хил нэвтрүүлэх зохицуулалт тусгагдсан бөгөөд БНХАУ-тай зорчигчийн байнгын тээвэр буюу “А” төрөл (тухайн жилдээ хүчинтэй), байнгын бус зорчигч тээвэр буюу “B” төрөл (нэг удаагийн), байнгын ачаа тээврийн буюу “C” төрөл (3 сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх), түр хугацааны ачаа тээвэр буюу “D” (нэг удаагийн), овор ихтэй ачаа тээврийн буюу “E” төрөл (нэг удаа), аюултай ачаа тээврийн буюу “F” төрөл (нэг удаагийн), зорчигчийн тогтмол тээврийн автобусыг дагаж тээш тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог “A-C” гэсэн долоон төрлийн зөвшөөрлийн бичгийг солилцож, ашиглаж байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын дагуу хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олголтыг 2013 оноос өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар (хуучнаар) хариуцан ажиллаж байгаад уг агентлаг татан буугдсанаас хойш “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Протоколын дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон ШУӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимуудтай жил бүр уулзалт зохион байгуулж, харилцан тээвэрлэлт хийх зорчих зөвшөөрлийн бичгийн тоог тохирч харилцан тэнцүү хэмжээгээр солилцдог байна. Энэ хүрээнд Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган зэрэг боомтууд дээр 2020 онд 39500, 2021 он 38000, 2022 онд 38000 байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгожээ. 2020 онд олгосон “С” зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байна. Ирэх он буюу 2023 оны байдлаар байнгын ачаа тээврийн “С” төрлийн 50.000 зөвшөөрлийн бичиг олгохоор талууд тохирсон бөгөөд энэ нь өмнөх онуудынхаас илүү байгаа гэв.

   Монгол Улсын Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гаргасан. Үүний өмнө цар тахлаас улбаатай хөл хорионы үед тээвэрлэлтийг эрсдэлгүй зохион байгуулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан гэдгийг С.Бямбацогт дурдав.

   Байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрөл олгохдоо “Автотээврийн үндэсний төв” бичилт хийж, Боотын үндэсний зөвлөл олгодог гэдгийг хэллээ. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор дээрх төрлийн зөвшөөрөл олгох зохион байгуулалтыг өөрчилж, олборлолт хийдэг компаниуд олгохоор болсон байна.

   “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар нь тээврийн нэгдсэн системийг бий болгож, энэ хүрээндээ зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод болгосон байна. Тус системд одоогийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай боомтуудад үйл ажиллагаа явуулж буй 500 орчим аж ахуйн нэгжийн 27900 гаруй тээврийн хэрэгсэл, 26400 орчим мэргэшсэн жолооч бүртгэлтэй байгаа гэв. Үүнээс Гашуунсухайт боомтод 320 орчим аж ахуйн нэгжийн  21600 орчим тээврийн хэрэгсэл, 22000 мэргэшсэн жолооч ажиллаж байгаа. Эдгээр нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэр хийж байгаа “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 65 хувь, нийт тээврийн хэрэгслийн 77 хувь, нийт мэргэшсэн жолооч нарын 84 хувийг эзэлж байгаа юм байна.

   Үргэлжлүүлэн С.Бямбацогт сайд 2018-2022 оны байдлаар хилийн боомтуудаар гарсан тээврийн хэрэгслийн тоог танилцуулав. Гашуунсухайт боомтоор 2018 онд 261.732 тээврийн хэрэгсэл, 2019 онд 258.658 тээврийн хэрэгсэл, 2020 онд 167159 тээврийн хэрэгсэл, 2021 онд 78903 тээврийн хэрэгсэл, 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар 62652 тээврийн хэрэгсэл нэвтэрч, нүүрс гаргасан гэдэг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн байна. Үндэсний статистикийн мэдээлэл болон бусад мэдээллүүдээс харахад нүүрс тээвэрлэлт тасралтгүй өсөж байгаа гээд “2003 онд 400 орчим мянган тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 2010 оноос 16 сая тонн болж өссөн, 2016 оноос нэмэгдэж одоо 24 сая тонн за, 2018-2019 онд 32-33 сая тонн нүүрс тээвэрлэж, экспортолж байсан” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах