Д.Амарбаясгалан: Эрдэнэс Монгол компанийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Эрдэнэс Монгол компани байгуулагдаад 15 жил болсон ч үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотор энэ компани хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж юм.
Энэ компани 89 орон тоотой, 7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг авч хаяж байна. Долоон газрыг долоон ахлах менежер удирдана.
Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлнэ. Ажлын байр нь үлдэж байгаа хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
Ажлын байрны шаардлага бий болсон. 1-р сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэл явуулна. 20-нд тестийн шалгалт авна. 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулна" гэв.
2023 оны нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл явагдана.
Тавигдах шаардлага:
- Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нэг болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх
Ахлах менежерт тавигдах шаардлага:
- Улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил жил ажилласан байх.
Сэтгэгдэл үлдээх