Ц.Билэгтсайхан: Нэгдүгээр сарын дундуур БНХАУ-д ковидын халдварын оргил үе тохиож, өдөрт 25.000 орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарсан
Халдварт Өвчний Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
https://www.facebook.com/niitlelchid/videos/3252314285098953
ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрчээ. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна.
Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.
Эмнэлгийн орны хувьд 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна.
Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатарт 78% орон нутагт 87, улсын хэмжээнд 82%-д хүрсэн. Томуугийн вакциныг 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийж байгаа юм. Үүнээс хүүхдийн хамрагдалт 99%, жирэмсэн эмэгтэйчүүдийнх 19, 65-аас дээш насныхан 74%, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудынх 85%-тай байна.
ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд хүүхэд байхгүй, 7% хүнд, 30% дунд, 60% хүндэвтэр ангилалтай.
Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах нус гоожих, ханайлгах, амьсгаадах.
Дэлхий нийтэд томуугийн AH3N2 вирус давамгайлж байна. БНХАУ-д AH3N2, B, БНСУ-д AH3N2, Японд AH3N2, А, ОХУ-д AH3N2, AH1N1, B хүрээний вирус давамгайлан эргэлдэж байгаа мэдээлэлтэй" гэсэн юм.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.
Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна.
Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар 5 хувьтай байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх