“Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд нь өвгөдөд амгалан, залууст дунд зэрэг, нялхасыг энхрийлүүштэй
“Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Шороон үхрийн шинжийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч. Очирбат ийн тайлбарлажээ.
“Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд “Хүмүүс нугууд өвчин үгүй сэтгэл баясан төрөө номчлон, тэтгэж жаргалантай болюу” хэмээн зурхайн шүнд айлдсан байна.
Шороон үхрийн зурлагыг шинжих нь: Үхрийн толгойн өнгө, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна.
Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь баруун чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна.
Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур элбэгтэй, өвс ногоо, цэцэг, их дэлгэрэх. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Өвгөдөд амгалан, залууст дунд зэрэг, нялхасыг энхрийлүүштэй жил гэжээ.
Сэтгэгдэл үлдээх