Цэс Close

Д.Амарбаясгалан: 2023 оноос эхлэн "Эрдэнэс Монгол" 200 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болно

Эрдэнэс Монгол ХХК Ажлын байрны нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр: Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нөөцийн сонгон шалгаруулалт амжилттай явагдаж дууслаа. Ахлах менежер, менежер, мэргэжилтнээр сонгогдох хүмүүс тодроод эхнээсээ томилогдох нөхцөл нь бүрдлээ. ЗГ-ын зүгээс төрийн бүтээмжийг дээшлүүлэх, авлигагүй нийгмийг бүтээх үүднээс өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн шат дараалсан арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол компанийн ажлын байрны нөөцийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Даврхадсан тоогоор 3400 орчим хүн анкет өгч, бүртгүүлсэн. Давхардаагүй тоогоор 2900 хүн мэдээллээ ирүүлсэн. Материал дутуу ирүүлсэн болон бусад шалтгаанаар хэд, хэдэн хүн хасагдсан. Улмаар 2084 хүн шалгалтад оролцох боломжтой болсон. Тэдгээрээс 1215 хүн шалгалтад орсон.

Үүнд төрийн зүгээс хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон. Харин шалгалтын тестийг Төрийн зөвлөлийн шалгалтын програм дээр үндэслэж хөндлөнгийн ажиглагч баг зохион байгуулалтыг хариуцсан. Ярилцлагыг мэргэжлийн хүний нөөцийн баг зохион байгуулсан. Ярилцлагын үр дүнгээр дадлага туршлагатай, олон улсын түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай эрхмүүд сонгогдсон бөгөөд өнөөдрөөс эхлэн АТГ руу ашиг сонирхлын мэдүүлгээ өгч ажилдаа орох нөхцөл нь бүрдсэн.

Засгийн газрын зүгээс анх удаа өргөн хэмжээний нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Цаашид үүнийг загвар болгож, төрийн бүх түвшинд ашиглах нь юу юунаас илүү чухал гэдэг нь харагдаж байна.

Мөн цаашид Эрдэнэс Монгол компанийн охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулдаг журмыг батална. ТУЗ-ийн бүрэлдэхүүн, хараат бусаар ажиллах гишүүдийг сонгон шалгаруулах шинэчилсэн журмыг ЗГ-аас оруулна.

Эрдэнэс Монгол компани өнгөрсөн 15 жилийн хугацаанд улс орны хөгжлийн манлайлах үүрэгтэй нэгжүүдийг бий болгох зорилготойгоор ажиллаж ирсэн. Харамсалтай нь хангалттай хэмжээний төсөв хөрөнгөгүйн улмаас төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаггүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар дүрмийн өөрчлөлт хийгээд цэвэр менежментийн компани болгосон. Харьяандаа байгаа 34 охин компаниасаа менежментийг төлбөрийг хоёр хүртэлх хувиар авах бөгөөд түүгээрээ нэгдсэн стратеги боловсруулж ажиллана. Ингэснээр 2023 оноос эхлэн Эрдэнэс Монгол компани 200 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болоод түүгээрээ дамжуулж улс оронд хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нь бүрдэнэ.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газруудын харьяа охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах журам оруулна. Мөн хараат бусаар ажилладаг ТУЗ-ын гишүүдийг сонгон шалгаруулна"  гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах