Цэс Close

Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар хөөмийч Д.Цэрэндаваа шалгарчээ

Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр Соёлын яамнаас шалгаруулдаг.

2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар "Монгол хөөмийн уламжлалт урлаг" өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна.

Тэрбээр 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн бөгөөд багаасаа аав Л.Дашдорж болон нутгийн хөөмийч М.Өлмийбат, Г.Маргад, Д.Сундуй, Д.Чулуун нараас хөөмийн ур чадварыг эзэмшжээ.

Монгол хөөмийг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, дөрвөн тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургасан аж.

Түүний хувьд Монгол хөөмийн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн найман баримтат кинонд гол дүр бүтээсэн байна. 

Түүний амжилтаас дурдвал: 

  • 1981 онд Бүх ард түмний урлагийн үзлэгийн "Хошой алтан медаль"
  • 1982 онд Ажилчны урлагийн үзлэгийн "Алтан медаль"
  • 1983 онд Ардын язгуур урлагийн "Алтан медаль"
  • 1984 онд Бүх ард түмний урлагийн үзлэгийн "Алтан медаль"
  • 1985 онд Москва хотод зохион байгуулагдсан Дэлхий залуучууд оюутны арванхоёрдугаар их наадмын "Гранпри" шагнал
  • 1986 онд Залуучуудын урлагийн их наадам уралдааны "Дэд байр"
  • 1987 онд Олон улсын хөгжмийн 7 дугаар симпозиумын “Алтайн магтаал, хөөмий”-н төрлөөр "Алтан медаль"
  • 1987 онд Ардын язгуур урлагийн 2 дугаар их наадмаас "Алтан медаль"
  • 1991 онд Монгол туургатны анхдугаар их наадмаас "Тэргүүн байр"
  • 1995 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас "Алтан медаль"
  • 1998 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас "Алтан медаль"
  • 2001 онд Олон улсын хөгжмийн хөөмийн симпозиумын "Алтан медаль"
  • 2001 онд Англи Улсын Хэбрэйдын аралд зохион байгуулагдсан Шүтэлцээт урлагийн наадмын "Тэргүүн байр"
  • 2003 онд Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмийн анхдугаар их наадмаас "Алтан медаль"
  • 2005 онд Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмийн хоёрдугаар их наадамд "Тэргүүн байр"
  • 2021 онд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улс /Якут/-д зохион байгуулагдсан “Язгуур урлагийн олон улсын наадам”-ын гранпри
  • 2022 онд “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч” шагналыг тус тус  хүртжээ.

зураг

Монгол хөөмийн уламжлалт урлагийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, 2006 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг.

Тэрбээр Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Шилдэг өвлөн уламжлагчаар: 

  1. 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа
  2. 2019 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж
  3. 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа
  4. 2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нар шалгарч байжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах