УИХ-ын гишүүн Н.Ганибалын ярилцлагаас онцлох 10 ишлэл

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өдрийн сонин"-д хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
- Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг цогцоор нь шинэ шатанд гаргах шаардлагатай болжээ. Засгийн газраас салбарын тэргүүлэх зорилгыг шинээр тодорхойлох, тэр зорилгодоо хүрэх алсыг харсан, эдийн засгийн үр ашгийг авчрах зорилт, нэн шаардлагатай үйл ажиллагаануудыг тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ зайлшгүй тулгараад байна.
- Хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбар бол эдийн засгийн хөгжилд одоо байгаагаасаа хэд дахин илүү хувь нэмэр оруулах боломжтой салбар. Зөвхөн махны экспортоос жилд нэг тэрбум ам.доллар олох боломжыг энэ Засгийн газар авч хэрэгжүүлэхгүй байгаа нь дэндүү харамсалтай.
- Засгийн газар нөөцийн мах бэлдэж борлуулах, махны экспортыг хорих байдлаар малчдын бэлтгэж буй махны үнийг хүчээр тогтоогоод байна.Өнгөрсөн намар мах бэлдэх үеэр малчдыг орлоготой байлгаж чадсангүй.
- Мал, махны үнэ хангалттай байгаагүйгээс малчид хангалттай өвс тэжээлээ бэлдэж чадсангүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд инфляц нэмэгдээд байдаг. Харин малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ буураад байдаг. Энэ нь төрийн буруу бодлогын илрэл болон сөрөг үр дагавар юм.
- Хөдөө аж ахуйг дэмжих сан нь алдагдалтай. Олон жилийн хуримтлагдсан авлагатай. Жил болгон татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвөөс алдагдлаа нөхдөг схем бий болчихлоо. Төрийн оролцоо ихтэй, дарга нарт давуу байдал бий болгодог чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй.
- Улс орон үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө зорих хэрэгтэй. Гэтэл нэгнийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг нь буулгаж байгаад нөгөөх нь ашиг олох байдлаар хүчээр үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг нь буруу бодлого юм.
- Бэлтгэл хангагдаагүй байхад Монголын бүх үхрийг ээмэгжүүлнэ гэдэг нь 10 тэрбум төгрөгийг шууд л салхинд хийсгэнэ гэсэн үг шүү дээ.
- ХАА-н бүтээгдэхүүний үнэ өсөж байж хөдөө хөгжинө. Мөн хот руу чиглэсэн их нүүдэл багасна. Малын тоо буурч цөлжилт багасна. Тиймээс малчдаа дэмжих төрийн зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ.
- Энэ Засгийн газар өдөр бүр шахуу үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гээд хурал семинар хийдэг мөртлөө гол жижиг, дунд үйлдвэрлэгч малчдаа хохироосон шийдвэрүүд гаргаад байх юм.
- Малчид нэг жилийн өмнө нэг хониор гурван шуудай цагаан будаа авчихдаг байсан. Одоо нэг хониороо нэг шуудай цагаан будаа арай чүү л авч байна.Энэ өвөл нэг боодол өвсийг 15-20 мянган төгрөгөөр худалдан авч малаа тэжээсэн. Ийм өндөр өртгөөр бий болж байгаа малыг хямдхан зар гээд байхаар чинь малчдын амьдрал яаж сайжрах билээ. Эдийн засгийн хувьд үр ашиггүй. Эдийн засгийн хоригт орсонтой адилхан байгаа биз дээ.
Сэтгэгдэл үлдээх