"Өөрчлөлтийг хурдасгая" салбар хоорондын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг боллоо
Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. Энэ жилийн хүрээнд "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн хувьд хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах талаарх үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг, уулзалтыг Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Ус сувгийн удирдах газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "WASH Action" төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг уулзалтаар эрүүл мэнд, инженер, хүрээлэн буй орчны салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хүн ам, сургууль, эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээг шаардлага хангасан түвшинд хүргэх талаарх ойлголтоо нэгтгэх, цаашдын хамтын ажиллагааг нягт, уялдаатай болгох зорилготой юм.
Түүнчлэн ус, ариун цэврийн байгууламжын хямралыг даван туулахын тулд бяцхан шувуухайгаар төлөөлүүлэн хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх