Монголд эмчилгээний ач тустай 180 гаруй халуун, хүйтэн рашаан байна
Манай оронд нийт 267 халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүнээс ашиглалтын нөөц, эмчилгээний ач тус нь судлагдсан 180 гаруй халуун, хүйтэн рашаан байдаг.
2022 онд гаргасан үзүүлэлтээр улсын хэмжээнд 95 сувиллын эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 44 нь Улаанбаатарт, 51 нь орон нутагт байна. Эдгээр сувилалд нийт 2082 ажилтан ажиллаж байгаагийн 216 нь эмч. Эмч нарын 36 нь сэргээн засахын, 177 нь уламжлалтын, хоёр нь шүдний эмч байна. Мөн сувилалд 364 сувилагч, 25 хөдөлгөөн засалч, долоон хөдөлмөр засалч ажилладаг гэсэн хүний нөөцийн судалгаа бий. Сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагууд 2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 27.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ оны байдлаар нийт магадлан итгэмжлэгдсэн 73 сувилал байгаагаас 55 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үүнээс уламжлалтын чиглэлээр 42, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг 25, уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах хавсарсан 11 сувилал байна. ЭМД-ын сангаас сэргээн засах тусламж, үйлчилгээний 71,958 тохиолдолд 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон бөгөөд тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл нийт тохиолдлын 58.2 хувь, санхүүжилтийн 85.7 хувийг сувиллаас үзүүлэх сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ эзэлж байна. Зонхилон тохиолдох 10 оношны 2.0 хувийг сувилалд эмчилж байгаа зэрэг сувиллын тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд бий.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзан сувиллын үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа. Уулзалтын үеэр сувиллын газрууд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохдоо бичилт буруу, дутуу хийсэн зэрэг шалтгаанаар тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг авч чадахгүй байна хэмээн ярьж байсан. Мөн энэ уулзалтаар сувиллууд сэргээн засахын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн дутагдалтай, сувиллын байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй “амралт” сувиллын үйл ажиллагааг давамгайлж үзүүлж байгаа талаар ч хөндсөн.
ЭМЯ-аас Эрүүл мэндийн тухай хуульд “Сувиллын тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндээ сайжруулах, эсвэл эрүүл байхыг хүсэж буй хүмүүст чанар нөөц нь тогтоогдсон рашаан, ундарга, орд газар болон байгалийн бусад хүчин зүйлийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг урт болон богино хугацаагаар хэвтүүлэн үзүүлэх байгууллага байна” хэмээн нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж буй бөгөөд сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар, эрхзүйн орчныг тодорхой болгоход анхаарч ажиллахаа хэллээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл үлдээх