Х.Ганхуяг: ХААДС-ийн чанаргүй зээлийн үлдэгдэл 153 тэрбум төгрөгт хүрч, 179 тэрбум төгрөг тооцоо нийлээгүй байна

Засгийн газрын 25 тусгай сан байдаг. Гэвч ЖДҮ-г дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудаас албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох замаар зээл олгож, зээлийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой мэдээлэл их гарах болсон. Тиймээс тусгай сангуудыг шалгах, санал дүгнэлт гаргах ажлыг хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж буй.
Энэ талаар тэрбээр "Энэ жилийг Засгийн газар авлигатай тэмцэх жил болгон зарласан байдаг. Энэ ч агуулгаар Эрүүгийн хуулийн авлигын эсрэг заалтуудыг нэлээд чангатгасан. Тэгвэл авлигын нэг эх үүсвэр нь Засгийн газрын өөрийнх нь тусгай сангууд болон төрийн өмчит компаниуд байгаа юм. Төрийн өмчийн компаниудын хувьд Хөрөнгийн биржид бүртгэлтэй болох, олон нийтэд ил тод болох зэрэг ажлуудад тогтоол гараад явж байна. Харин тусгай сангуудад хийх ёстой ажлууд үлдчихсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 25 тусгай сан байна. Сан гэдэг зүйл төсвийг дандаа данхайлгадаг. Анх байгуулахдаа нэг зорилго тавиад татварын тодорхой төрлүүдээс орлогыг бүрдүүлнэ гэж байгуулагддаг. Гэтэл цаана нь төсөв алдагдалтай батлагддаг шалтгаануудын нэг нь тусгай сангийн асуудал шүү дээ. Аудитын газрын дүгнэлтийг харж байхад эхний байдлаар нийт 25 тусгай сангийн гурав нь зорилгынхоо дагуу үүргээ хэвийн гүйцэтгэсэн байна. Үлдсэн 22 тусгай санд ижил төстэй том асуудал үүссэн байгааг хянаж байгаа. Мөн эргэн төлөлтүүд нь асар муу болчихсон сангууд ч байна. Тэдгээрийн нэг нь Хөдөө аж ахуйг дэмжих сан. Зээлийн эргэн төлөлт нь 7 хувь байх жишээтэй. Нийт 9000 чанаргүй зээл гаргаж, хүлээгдэж буй өр төлбөрийн үлдэгдэл 153 тэрбум төгрөгт хүрчихсэн. Үүнээс гадна 179 тэрбум төгрөг тооцоо нийлээгүй гэж дүгнэгдсэн байна. Тооцоо нийлээгүй гэдэг нь сангаас зээл гарсан гэсэн тэмдэглэгээтэй хэр нь зээлдэгч талын авсан мөнгөний тооцоотой нийлээгүй байна гэсэн үг. Хүмүүсийн сайн мэдэх дараагийн сан бол ЖДҮХС байгаа. Зээлийн эргэн төлөлт нь 41 хувьтай. Зээлийн муу ангилал нь 108 тэрбум төгрөгт хүрсэн байна. 254 тэрбум төгрөгийн авлага дээрээ тооцоо нийлээгүй байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх