Цэс Close

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийгдэхээр болжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийв.

Талууд хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглэж, чехийн талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх саналыг тавилаа.

Монголд тахь эргэн нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг сайд Б.Батцэцэг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-санаачилгыг Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөртэй уялдуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талаар болон олон талт механизмуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн хоёр орны харилцаа боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тэлж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг чехийн их, дээд сургуулиудад сургахаар болсон, хоёр улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байгаа зэргийг сайшаав.

Түүнчлэн чех иргэд, жуулчид Монгол Улсад визгүй зорчих болсныг талууд мөн сайшааж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийгдэхээр болсон нь хоёр орны иргэд, баялаг бүтээгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, Монгол-Чехийн бизнесийн форум зэрэг арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар тохиролцов.

Мөн ГХЯ-д хоорондын консулын зөвлөлдөх уулзалтыг Прага хотноо зохион байгуулахаар санал нэгдлээ.

Сайд нар уулзалтын дүнгээр хэвлэлд мэдээлэл хийв.

 

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах