Цэс Close

Даваа гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Гашуунсухайтын төмөр замыг холбох ТЭЗҮ энэ зун батлагдаж, ирэх оноос бүтээн байгуулалт эхэлнэ", МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "БНХАУ-тай эдийн засгийн чөлөөт бодлогын хэлэлцээр хийж чадвал татварыг харилцан ижил түвшинд хүргэх боломжтой", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Инфлүүнсэрт итгээд хулхидуулсан иргэдийг хохь нь гээд орхих уу", Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг", Иргэн С.Баясгалан "Миний цусанд хар тугалга, хүнцэл аюултай түвшинд байна гэж гарсан. Энэ бол сайжруулсан түлштэй холбоотой" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.


"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Шинэ “асран хамгаалагчид”-ын шидийг үзэх цаг, П.БАЯР: Хүчингийн хэргийг инээдэм болгоод ярьж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь эмгэнэлтэй, Судан дахь зөрчил Ойрхи Дорнодод онцгой уршигтай зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Шинэ “асран хамгаалагчид”-ын шидийг үзэх цаг


“Хотын ногоон байгууламжийг чухам хэнд хариуцуулчихав аа” гэдэг асуултын хариулт анхаарал татаж буй. Хувийн хэвшлийнхэнд даалгах нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг ч нийгмийн тодорхой түвшинд өрнөсөн. Үүнийг дүгнэхэд эртэднэ. Харин хотын уушги болсон байгууламжийн “асран хамгаалагчид” нэгэнт тодорсон тул өдгөө юу хийж байгаа, цаашид ямар ажил гүйцэтгэх нь сонирхол татсан хэвээр. Албаны хүмүүст дээрх асуултыг тавихад “Харьцангуй туршлагатай, өмнө нь нийслэлтэй хамтран ажиллаж байсан, тогтвортой үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй аж ахуйн нэгжүүдийг сонгосон” гэж онцлоод “Бат-Өндөр хайрхан”, “Грийт пинус”, “Ногоон төгөл”, “Охь мандал”, “Талын хүч”, “Хос халиун пропертис”, “Хорсбек”, “Монплант”, “Цэцэгт ногоон хөндий”, “Эрдэс булаг” зэрэг компанийг нэр цохов. Судалж үзвэл бүгд л энэ чиглэлээр тодорхой хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, салбартаа танигдсан компани байна. Эдгээр аж ахуйн нэгж 2026 он хүртэл нийслэлийн гудамж, талбайн цэцэрлэг, ногоон байгууламжуудыг хариуцах бөгөөд цаг улирлын онцлогоос хамааран мод шохойдох, хэлбэржүүлэх, хортон шавжаас хамгаалах, бордох, цэнэг усалгаа хийх, зүлэгжүүлэх, бут, сөөг нэмж тарих, цэцгийн мандал байгуулах зэрэг ажлыг технологи, зааварчилгааны дагуу гүйцэтгэх үүргийг гэрээгээр хүлээжээ. 2023 онд гэхэд 180 мянга орчим мод, бут суулгаж, 2.5 га талбайд цэцэгт мандал байгуулан, хоёр га-д зүлэг нөхөж тарихаар төлөвлөжээ. Хаврын мод тарих үе нэгэнт дууссан учир энэ долоо хоногоос зүлэг, цэцэг тарих ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд буй аж. Ирэх наймдугаар сард манай улсад Зүүн Азийн залуучуудын спортын II наадам зохион байгуулахтай холбоотойгоор өнөө жил нийслэлд гоёлын ургамал, чимэглэлийн бут, сөөг олныг тарихаар болжээ. Нийт 51 байршилд ийм ургамал тарих бол 10 газарт 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн мандал байгуулахаар зорьж буйг цэцэрлэгчид дурдав.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Эрчим хүчний салбарын анхны гавьяат, Дорнодын М.Бадамсүрэн “доголон сандал”-аасаа шоудсаар л байх уу, М.Энхбадрал: Мэдээлэл ил болсноор иргэдийн оролцоо сайжирч, хяналт бий болно, Н.Анхбаяр: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын цар хүрээ жил бүр өсөж байна зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Дорнодын М.Бадамсүрэн “доголон сандал”-аасаа шоудсаар л байх уу


Дорнод бол Монгол орны зүүн хязгаар, хойгуураа Оросын Өвөр Байгалын хязгаар, зүүн талаараа Өвөрмонголын Хөлөнбуйр, Хянган, Шилийн голтой хиллэдэг аймаг. Манай улсын Хятадтай холбогддог 13 боомтын тав нь буюу Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн боомт тус аймагт бий. Дорнод нь 123.597 км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Ашигт малтмалын арвин нөөцтэй. Цав, Улааны холимог металл, мөнгөний орд, Цагаанчулуутын алт, Адуунчулуу, Хөөтийн нүүрсний орд, Сангийн далайн давсны орд, Тамсаг булгийн газрын тосны орд гээд 90 шахам ордтой. Түүнчлэн хүрэн нүүрс, шохойн чулуу, уран, усан болор, утаат болор, төмрийн хүдрийн арвин баялаг нөөцтэй. Хэл амгүй, татвар татаасгүй хөгжих бүрэн боломжтой.
Гэвч энэ аймгийн удирдлагын менежмент сайнгүй. Тиймээс хөгжил нь урагшилдаггүй. Найман жил болж байгаа ч хааяа хэл ам гарахаар хариу өгөх гэж гарч ирдэг Засаг даргатай. Засаг даргынх нь нэр М.Бадамсүрэн гэнэ. Арваад жилийн өмнө УИХ-ын байнгын хороод, Засгийн газар хавиар нэр нь яригдаад л явдаг байсан. Уг нь Н.Номтойбаяр түүнийг 2012 оны сонгуулийн дараа л “Дорнодын Засаг дарга болгоно” гээд явсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвшөөрдөггүй байв. Тиймээс энэ хоёр улстөрч хаана таарсан газраа үг зөрөөд л явдаг байв. Ерөнхий сад Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг гурван ч удаа батламжлахаас татгалзахдаа “...М.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил ажиллаагүй, шатахуун түгээгүүрийн станцад түгээгч хийж байсан” гэсэн шалтгаан хэлсэн. Үнэхээр ч М.Бадамсүрэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2 буюу төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэснийг хангаагүй байдаг. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сард Дорнод аймаг С.Ганбат гэдэг Засаг дартай болж, М.Бадамсүрэн орлогчоор нь ажиллах болсон юм. Харин Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа дахин зүтгээд 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр батламжлуулсан. Аймгийн дарга болохдоо “...Бадамсүрэн би дээд боловсролтой. 1996-2000 онд ТИС-ийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгч, 2009-2012 онд Дорнод аймгийн МАН-ын орон тооны дэд дарга, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2012-2013 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын зөвлөх, 2013-2014 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Төрийн албанд зургаан жил есөн сар ажилласан” гэж анкет өгч байв. Үндсэндээ М.Бадамсүрэн тэр өдрөөс хойш Дорнодын Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах