Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс хөрөнгийн даатгал хамгийн өндөр дүнтэй буюу 24 хувийн хураамжтай
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор даатгалын салбарын түүхэн замнал, өнөөгийн нөхцөл байдал болон эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл танилцууллаа.
Монгол Улсын даатгалын салбарын үүсэл 1934 оноос эхлэх бөгөөд 1997 онд Даатгалын тухай хууль батлагдаж 2004 онд Даатгалын тухай хууль шинэчлэгдэн, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль шинээр батлагдсан байна. Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсанаар тус салбарын зохицуулалтын орчин, хяналт шалгалтыг хариуцах болжээ. 2008 онд анхны урт хугацааны даатгалын компани байгуулагдсан бол Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 онд батлагджээ. 2005-2015 оны хооронд Дэлхийн банкны “Малын индексжүүлсэн даатгалын төсөл” хэрэгжиж, улмаар Хөдөө аж ахуйн давхар даатгал компани энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2018 онд Хөдөө аж ахуйн давхар даатгал компани “Үндэсний давхар даатгал” ХК болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бол энэ жил IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ хангаад байгаа юм байна.
Манай улсын хувьд 1990 оноос хойш банкны салбар давамгайлсан санхүүгийн салбарын бүтэцтэй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хурдацтай тэлж байгааг Л.Сонор дарга танилцуулав.
Санхүүгийн салбарын гурван тулгуурын нэг даатгалын салбар нь өнөөг хүртэл маш бага хувийг эзэлж байгааг онцоллоо. Даатгалын салбарын нийт хураамжийн орлогыг ДНБ-тэй харьцуулсан харьцаа Монгол Улсын 2022 оны эцсийн байдлаар бол 0.63 хувь байгаа нь олон улс дундажтай харьцуулахад 10 дахин бага үзүүлэлт аж. Дэлхийн дундаж нь 6.8 хувь байдаг байна. Даатгалын салбарын үндсэн үзүүлэлт сүүлийн арван жилд өсөж байгаа бөгөөд 2022 оны эцсээр тус салбарын компаниудын нийт хөрөнгө 475 тэрбум төгрөг болж өссөн байна. Даатгалын салбарын нийт хураамжийн орлого нь 305 тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэдгийг Л.Сонор дарга Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Үргэлжлүүлэн тэрбээр эрх зүйн орчин, технологийн шийдлийг ашиглах боломж, хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудын талаар танилцуулсан.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав.
Тусгай зөвшөөрөл бүхий 18 компаниас гадна зуучлагч, хохирол үнэлэгч, төлөөлөгч, актуарч, аудитын компани зэрэг тусгай зөвшөөрөл эрх бүхий этгээдүүд үйл ажиллагаагаа явуулдаг болохыг онцоллоо.
2022 оны жилийн эцсийн байдлаар даатгалын компаниудын нөөц сан 12.6 хувиар өсөж 216.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 182.2 тэрбум төгрөгийг ердийн даатгалын компаниудын, 31.8 тэрбум төгрөгийг давхар даатгалын компанийн, 2.9 орчим тэрбум төгрөгийг урт хугацааны даатгалын компанийн нөөц сан бүрдүүлж байна.
Тайлант хугацаанд даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд даатгалын компаниудын нийт хөрөнгөд эзлэх хувийг даатгагчийн төрлөөр авч үзвэл ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө 398.2 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компаниудын нийт хөрөнгө 16.4 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн хөрөнгө 60.3 тэрбум төгрөг байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан.
Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нь 484.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий даатгалын эрсдэлийг хүлээн авч, 300.7 тэрбум төгрөгийн даатгалын нийт хураамжийн орлоготой ажилласан бөгөөд үүнээс, давхар даатгалын хураамжийн зардалд 100 тэрбум төгрөгийг шилжүүлсэн бол даатгалын компаниудын олгосон даатгалын нийт нөхөн төлбөр 94.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин давхар даатгалын компанийн хураамжийн орлого 4.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд давхар даатгалд 1.6 тэрбум төгрөгийн хураамжийг шилжүүлсэн бол 0.2 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгож ажилласан байна.
Нийт даатгалын хураамжийн орлогын гуравны нэг орчим хувийг давхар даатгалын төлбөрт гадагшаа төлдөг бөгөөд салбарын бодлого боловсруулагч, хяналт зохицуулалтын зүгээс үүнийг дотооддоо үлдээх бодлого баримталж, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв. Тэрбээр хураамжийн орлогын бүтцийг дэлгэрэнгүй танилцуулсан. Нийт хураамжийн орлогын 33.5 хувийг давхар даатгалын хураамжийн зардалд, гуравны нэг хувь нь хураамжийн буцаалт, 10.3 хувь нь даатгалын гэрээний зардал, 4.8 хувь нь нөөцийн сан, 26.2 хувь нь нөхөн төлбөрийн цэвэр зардал, 15.8 хувь нь үйл ажиллагааны зардал, 6.3 хувь нь ашиг болдог гэсэн тоон мэдээллийг танилцуулав.
Даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох хураамжийн орлогын харьцаа 2022 оны жилийн эцсийн байдлаар нэг ам.долларт шилжүүлбэл 25.4 ам.доллар байгаа бол олон улсын дундаж нь 900 орчим ам.доллар байдаг аж.
Санхүүгийн салбарт даатгалын зах зээлийг эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэр хэрээр энэ салбарын эрсдэлийг даах чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага бий гэв. Санхүүгийн зохицуулах хороо энэ хүрээнд Сангийн яам болон бусад холбогдох газруудаас саналыг авч, даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа юм байна.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хураамж, нөхөн төлбөрийн хувь хэмжээний талаар мөн танилцууллаа.
Даатгалын 16 хэлбэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байгаа ба хөрөнгийн даатгал хамгийн өндөр дүнтэй буюу 24 хувийн хураамжтай байдаг байна. Авто тээврийн хэрэгслийн даатгал 22.3 хувийн, мэргэжлийн хариуцлагын болон гадаад зорчигчийн, газар тариалан, санхүүгийн, агаарын хөлгийн даатгалууд нийлээд 24.2 хувьтай, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 13.7 хувийн хураамжтай байгаа гэв.
Нөхөн төлбөрийн олголтын тухайд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 34.4 хувьд, авто тээврийн хэрэгслийн даатгалын 28.8 хувьд даатгалын нөхөн төлбөр олгогддог байна. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 40.9 тэрбум төгрөг бол үүний 31.9 тэрбум нөхөн төлбөр болгон буцаан олгодог. Энэ нь олон улсын дунджаас харьцангуй өндөр дүн гэдгийг хэлэв. Үргэлжлүүлэн Д.Баярсайхан дарга малын индексжүүлсэн даатгалын талаар мэдээлэл танилцууллаа.
Малын индексжүүлсэн даатгал нь тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүн. Тус даатгалд даатгуулсан малчид нь ган, зуд зэрэг байгаль цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Эрсдэлийн түвшний босго үзүүлэлтийг Засгийн газар тогтоодог байна. Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 219 дүгээр тогтоолоор нэгдүгээр босго үзүүлэлтийг 5-6 хувь, хоёрдугаар босго үзүүлэлтийг 25-30 хувь байхаар тогтоожээ. Энэ нь тухайн сумын нийт малын хувиас хоргодсон малын тооны эзлэх хувь байдаг байна. Энэ хэмжээнд хохирол амссан бол тухайн малчин хохирол амссан эсэхээс үл хамаараад малын индексжүүлсэн даатгалаар тухайн сумын малчин бүр нөхөн төлбөр авах бол сумын хэмжээнд гарсан малын хорогдол босго үзүүлэлт хүргэхгүй тохиолдолд нөхөн төлбөр олгогддоггүй зохицуулалттай байдаг аж.
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдах хувь хэмжээ тун бага байгааг танилцуулгад дурдсан бөгөөд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт малчин өрхийн 14.4 хувь, нийт малын найм орчим хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагджээ. Энэ хүрээнд 117.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий малыг даатгаж 3.9 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг төвлөрүүлсэн бөгөөд хохирлыг мал тооллогын үеэр хийдэг байна. Тооллогын дараа мал хоргодсон хэмээн үзэж, тэр нь босго оноог давсан нөхцөлд малчдад нөхөн төлбөр олгодог байна. 2019 онд одоо төвлөрүүлсэн хураамж 3.8 тэрбум төгрөг байснаас 600 сая төгрөгийн нөхөн төлбөрт олгожээ. 2020 онд 3.5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн ч 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр, 2021 онд 3.9 тэрбум төгрөгийн хураамжийн бага хувийн нөхөн төлбөрт олгож байжээ. Урьдчилсан байдлаар тооцоолол хийгээд үзэхэд энэ жил харьцангуй өндөр дүнтэй нөхөн төлбөр олгох магадлалтай байгааг мөн дурдав. Ташрамд дурдахад, есдүгээр сард малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоор байгааг мэдээлсэн. 2022 оны хураамж 3.9 тэрбум төгрөг байгаа бол үүний 70 орчим хувийг нөхөн төлбөрт олгохоор тооцооллыг хийсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан үргэлжлүүлэн даатгалын багц хуулийн төслийн талаарх гол зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоноор Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх