Замын хөдөлгөөнд нэг дүрэмтэй, нэг соёлтой оролцъё
Авто ослоор нас барж буй монгол хүний тоо баримт үнэхээр cэтгэл сэрдхийлгэм байна. Жилд зам тээврийн ослоор 400-500 хүн нас бардаг. Осол аваараас амьд үлдлээ ч гэсэн гэмтэж бэртэж, тахир дутуу болж буй хүмүүсийн тоо үүнээс хэд дахин их гарна. Ослын дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна.
Хэрвээ жолооч бүр дор бүрнээ замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хурд хэтрүүлэлгүй, хариуцлагатай ханддаг бол гэнэтийн үхлээр энэ олон хүмүүс эндэхгүй байх боломж бий.
Тиймээс Тээврийн цагдаагийн газраас жил бүр зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх, хэргийг бууруулах зорилгоор нөлөөллийн аян зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх болсон.
Өнгөрсөн онуудад Тээврийн цагдаагийн албанаас санаачилсан “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш, дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аян хэрэгжүүлснээр осол аваарын тоо харьцангуй буурч байна гэсэн судалгаа гарчээ.
Энэ оны хувьд Тээврийн цагдаагийн газраас “Нэг зам-Нэг соёл” аян өрнүүллээ. Энэ нь хайртай дотны хүмүүсээ хамгаалж, зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалан сануулж байгаа хэрэг юм.
Нүүдэлчин ард түмэн монголчуудад замын хөдөлгөөнд “дураараа биш дүрмээрээ” явах сэтгэлгээний өөрчлөлт орохоос нааш эмгэнэлт явдлууд буурахгүй шинжтэй байна.
Хурд хэтрүүлсэн ганцхан алдаанаас болж эрдэнэт хүний амь нас эрсдэх магадлал байгаа. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгд зам тээврийн осол ордог. Ирэх 2030 он болон 2060 онд ч энэ хэвээр байна гэдгийг судлаачид урьдчилан тооцоолсон.
Манай улс ч гэсэн хүн амын нас баралтын тавин шалтгааныг судалгаагаар гаргажээ. Гэтэл эхний аравт мөн л зам тээврийн осол орсон нь анхаарал татаж байна.
Жолооч нарын дийлэнх нь хотоос гараад хурдаа нэмдэг. Тал хээр нутгаар морьтойгоо дураараа давхиж ирсэн нүүдэлчин ард түмэн суурин иргэншилтэй учраад даруй зуун жил өнгөрөвч суурин иргэншлийн соёл, нийтийн сахих дүрэмд бүрэн төгс дасч өгөхгүй л хэвээр бна.
Хот суурин иргэншилтэй ард түмний онцлог нь нэгэнт тогтсон хууль дүрэм, журмыг хэн ч хаана ч байсан хэрэгжүүлэх соёл харьцангүй бат бөх суусан байдаг. Харин манайд энэ нь эсрэгээрээ. Замын цагдаа харагдахгүй л бол хамгаалалтын бүсээ зүүхгүй байх, хурдаа нэмэх, дүрэм зөрчихийг юман чинээ тоодоггүй.
Цөөхөн хэдэн монголчуудаа, бид хэдий болтол өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ, бусад нэгнийхээ амь насыг хайрлахгүй байх ёстой вэ?
Урин дулааны амралт, аялал зугаалгын цаг эхлэхэд орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэх хэрээр зам тээврийн ослын тоо нэмэгддэг.
Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замын хөдөлгөөн эрчимжиж, гарч буй зөрчил, ослын 80-90 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэйгээр онхолдож байгааг Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилсан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлэн мэдээлсээр байгаа.
“Яараад яах вэ дээ” гэдгийг сайтар мэдэх хэрнээ өнөө л очих газраа хурдхан хүрэх гэсэн гэнэн зангаасаа болж хурд хэтрүүлэн осол гаргах нь олонтаа. Угтаа бол огт очихгүй байснаас оройтоод ч гэсэн очсон нь дээр юм шүү дээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй бол ослын тоо буурах нь ч дамжиггүй юм. Жолоо барьж буй үедээ гар утсаар ярихгүй байх, заавал хамгаалалтын бүсээ хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх гэх мэт замын хөдөлгөөний үндсэн дүрэмд заасан журмаа баримталвал эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй байх боломжтой.
Минут, секунтээр л таны амь амьдрал эрсдэх магадлалтайг санан сэрэмжилж , осол аваараас урьдчилан сэргийлвэл өөрийн болоод өрөөлийн амь насыг хамгаалан, баатарлаг үйлс хийж байгаа гэсэн үг.
Морин дэл дээр өссөн монголчууд маань дүрэмгүй “тоглолт” хийдгийн нэгэн жишээ нь өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийн бас нэг шалтгаан юм.
Тиймээс жолооны хүрдний ард суусан бол нэг дүрэмтэй, нэг соёлтой замын хөдөлгөөнд оролцох нь бүхий л эрсдлээс хамгаална.
Жолооч бүр хариуцлагатай байх юм бол зам тээврийн осол аваараас сэргийлж чадна. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдаж болохгүй учир замын хөдөлгөөнд нэг дүрэмтэй, соёлтойгоор оролцоорой.
Б.Долзодмаа
Сэтгэгдэл үлдээх