Цэс Close

Орон сууцны конторуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах хэрэгтэй байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.  Энэ үеэр Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан.

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4268 орон сууцны  ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа юм.

Тус салбарт тулгамдаж байгаа асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болоод байгааг хэлж байв. Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг. Тэрчлэн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна. Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Зөвлөлийн гишүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагдлаа гэдгийг хэлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах