УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулганыг гурван чиглэлд анхаарч эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тогтлоо. Хүний эрхийг хангах, үүн дотор хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр байгуулсан ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлахаар тогтлоо. Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар тогтов. Дээрх гурван ажлын хэсгийг гаргаж, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар шийдвэрлэлээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудлын хүрээнд 2024 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдан нийт 21 хууль, 8 Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Бүлгийн гишүүдийн олонх зарчмын хувьд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн МСНЭ болон сэтгүүлчдээс МАН-ын бүлэгт санал тавьж, шаардлага хүргүүлсэн асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон МСНЭ-ээс өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Бага насны хүүхэд, гэр бүлтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлийн хуулийн төсөл юм.
Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 21.9 буюу мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг өргөн барьсан. Энэхүү заалтыг мэдээлэл олж авахыг эрхийг багасгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна гэдэг агуулгаар сэтгүүлчид эсэргүүцэж байна.
УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Энэ гурав дахь өдөр ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
14 хоногт багтааж энэ асуудлыг шийдвэрлэнэ" хэмээв.
Сэтгэгдэл үлдээх