Цэс Close

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Лаос Улс нь өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээрийн зайд оршдог хэдий ч “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэв.

Хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцоллоо.

Мөн Лаосын Үндэсний Ассамблейн даргын энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Лаос Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ийнхүү Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дараа богино хугацаанд Вьентьян хотноо дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үр дүнтэй, амжилттай болж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт эрчимжүүлэхээр тохирч, айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг сайшаан тэмдэглээд цаашид ч Монгол, Лаосын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа нотлов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах