Цэс Close

Д.Сумъяабазарыг хэзээ болтол шалгах вэ?

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан дарга нар хууль шүүхийн гадна үлдэж, шударга ёс шаардсан иргэд, сэтгүүлчид шүүгддэг болов. Нэг сэтгүүлчид долоо хоногийн олон эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорихыг улс даяараа харлаа. Дарга нар хариуцлага хүлээхийг улс даяараа хүлээж байна. Хоригдож буй сэтгүүлч улсад онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийнг хохироогоогүй. Харин хуучин автобус худалдан авч татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн дарга нар бол жинхэнэ хорлон сүтгэгч, иргэдэд хохирол учруулагчид. Үүний балгаар Улаанбаатар хотын иргэд дүн өвлийн хүйтнээр автобус хүлээн дагжин чичирч байна. Хэрэв хууль шүүхийн байгууллага шударга ажилладаг бол, иргэдийнхээ санаа бодлыг сонсдог бол шударга ёс шаардаж буй иргэд бус шуналдаа автсан эрх мэдэлтнүүдийг шүүх байлаа.

Ногоон автобусны дуулиан дэгдэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар огцроод хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэргийг шалгасаар л. Хэзээ болтол шалгахыг хэн ч мэдэхгүй.

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа ажээ. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авчээ. Тус хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татжээ.

Хорихыг хүссэн хүнээ хормын дотор хорьж буй хууль шүүхийн байгууллагуудад ногоон автобусны хэргийг яаравчлан шалгаж дарга нарт хариуцлага хүлээлгэх сонирхол алга даа.

Э.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах