Н.Тэмүүлэн: Өмнөговь аймагт гадаадын компанид газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор 11 хүнийг яллагдагчаар татсан
Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан зарим хүнд холбогдох Монгол Улсын газар нутгаас хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлээд байгаагаа өнөөдөр мэдээлэл өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тус хэрэгт 11 этгээдийн шалгаж байгаа.
Ханбогд сумын Засаг дарга асан Э, иргэдийн хурлын төлөөлөгч Б нарт хэрэг бүртгэл үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд явж байна.
Энэхүү хуулийн заалтыг зөрчин өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн Ханбогд сумын Засаг дарга асан Э нь
- “Фүжибит” компанид Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт 13.6 га газар
- И Си трансфорт компанид 14.5 га газар
- 2020 оны арваннэгдүгээр сард “Баторших Баян” компанид 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх хэргийг шалгаж байна
Мөн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч
- 2020 оны арванхоёрдугаар сард "Сан Арвитай" компанид 15 жилийн хугацаатай Гаалийн хяналтын талбайн зориулалтаар
- “И Ли Ар Гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд суманд 10 га газар
- "Соронзон говь" гэх компанид Цагаанхад газарт 20 га газар
- "Азхур Трэйвэл" компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн байцаалтын хэргийг шалгаж дуусаад, Шүүхийн байгууллагад шилжүүлсэн.
Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан байна гэсэн бөгөөд тус мэдээллиийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудал нь энэ сарын 5-нд ил болсон. Харин танайх үүнээс өмнө хэргийг илрүүлээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан гэж ойлголоо. Зөв үү?
АТГ-ын мөрдөн шалгах нэгжүүд илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 2023 оны есдүгээр сарын 23-нд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд байсан хэргүүдийн тухай мэдээллийг сая өгсөн.
- Ерөнхийлөгч өчигдөр гадаадын хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнд танай байгууллага ямар оролцоотой байх вэ, ямар ажиллагаа явуулах бол?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн Өмнөговь аймагт газар эзэмшүүлсэн асуудлыг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлийн хүрээнд АТГ болон прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дурдагдаж байгаа асуудлуудыг шалгаж эхэлсэн.
- Өмнөговьд газар эзэмшүүлсэн асуудалд одоогийн удирдлагууд нь л хамаатай гэж бодсон. Таны өгсөн мэдээлэлд өмнө нь ажиллаж байсан гэж дурдагдаж байна?
Сая дурдагдсан албан тушаалтнууд бол өмнө нь ажиллаж байсан хүмүүс.
- Хэдээс хэдэн онд вэ?
Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага зарлах боломжгүй тул үсгээр нь хэлж байгаа. Эдгээр нь одоо ажиллахаа больсон. Харин шинээр нээгдэж буй хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана.
Сая өгсөн мэдээлэл бол шалгаж дуусаад шүүхэд шилжих гэж буй хэргүүдийн тухай юм. Харин Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн хүрээнд дахиад шинэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн.
- Ханбогд суманд гадаадын иргэд шууд газар өмчилж авсан юм уу, дундын зууч бий юу?
Монгол Улсын Үндсэн хуульд гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд Монгол Улсын газар нутгаас өмчлүүлэх, эзэмшүүлэх нь хориотой. Газар эзэмшүүлэх процесс явагдах үед энэ компаниудын эзэмшигч нь Монгол Улсын иргэд байсан. Үүнээс хойш зарж, борлуулсан байж болзошгүй үйлдэл хэрэг шалгалтын явцад тогтоогдсон.
- Газраа эзэмшиж байгаад гадаадын иргэнд зарсан монгол хүмүүст ямар нэг хариуцлага тооцох уу? Тухайн хүмүүст холбогдуулж хэрэг нээсэн үү?
Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд нийтийн албан тушаалтан, хувь хүн ч бий.
- Танай байгууллага хэргийг шалгаад 2023 оны есдүгээр сарын 23-нд прокурорт шилжүүлсэн гэлээ. Бараг 3-4 сар болж байгаа юм байна. Шүүхээр хэзээ гэм бурууг нь дэнслэх вэ?
Авлигын хэрэг дээр яллах дүгнэлт үйлдүүлэх нь цаг хугацаа шаарддаг. 11 яллагдагч тус бүр дээр прокурор бүгдийнх нь үйлдлээр хянаж үзээд түүнд холбогдох яллах дүгнэлт үйлддэг. Тиймээс үүнд цаг хугацаа шаарддаг. Прокурор хэргийн бүх материалтай танилцаж, яллах дүгнэлтдээ нотлох баримтууддаа тулгуурлаж үндэслэлээ дурддаг тул цаг хугацаа их шаарддаг.
-Нүүрсний хулгайд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийг шалгаж байгаа юу?
УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байгаа.
Сэтгэгдэл үлдээх