Цэс Close

Т.Доржханд: н.Удаанжаргал гэдэг хүн надад "Энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудал, гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авч байна.

Шинжээчийн дүгнэлт: 

"Монгол Улсын 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нийт 315.5 сая тонн нүүрсийг экспортолсон. Үүний 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ-руу экспортод гаргасан байна.

  • Үнийн дүнг тооцвол 30.2 тэрбум долларын нүүрс экспортолсон. БНХАУ-руу экспортолсон нүүрс нь 29 тэрбум долларын нүүрс борлуулжээ.
  • Монгол Улсаас Сингапур улс руу нэг сая тонн нүүрс экспортолсон талаарх статистик Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд байгаа бол Дэлхийн банкны платформ дээр Сингапур улс нь Монгол Улсаас нүүрс экспортолж байгаагүй гэж мэдээлжээ.

Тавантолгой боомтоор гарсан ЭТТ ХК-ийн нийт нүүрсний хэмжээ 67.5 сая тонн, Монголбанкны статистикаар буюу Гаалийн ерөнхий газрын эх сурвалжтай авсан мэдээллээр 73 сая тонн, ЭТТ ХК-ийн уулын ажлын экспортод гаргасан нүүрсний хэмжээ бол 73 сая тонн, Татварын Ерөнхийг газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан дүнгээр он оноор татахад 73 сая тонн гэж гарсан. Эдгээр дөрвөн байгууллагуудын статистик үзүүлэлтүүд тооны хувьд бүгд зөрүүтэй байна. Монгол Улсын статистик нэг загвар, нэг тоотой байх шаардлагатай байгаа нь харагдаж байна" гэлээ.

Энэ үеэр хянан шалгагч алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллароор тооцлоо гэж танилцуулав. 

Уг танилцуулгын дараа сонсголын даргалагч 2022 оны Арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг гаргаж байсан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудлаа.

Тэрээр... Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болгочхов уу? Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Шинжээч нарын мэргэжил туршлага нь хэр байсныг би мэдэхгүй байна.

Ийм бага хэмжээний л хохирол гарсан юм. Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Шинжээчийн тоо бодитой биш байна.

Нэг жилийн өмнө бүгд мэдээлэлгүй байлаа шүү дээ. Оффтэйк гэрээг Их Хурлын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ.

Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар "мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя" гэхэд хоёр том тор барьчихсан н.Удаанжаргал гэдэг хүн ирсэн. Түүнийгээ 20 хон минутын дотор надад үзүүлээд "энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан.

2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах