Цэс Close

Б.Энэбиш: "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар ажиллаж байхдаа 30 гаруй УИХ-ын гишүүн утсаар ярьж, уулзаж байсан

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-оор  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм. Энэ хүрээндээ "Чалко Трейдинг Хонконг" компанитай байгуулсан гэрээний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2008-2012 оны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Д.Зоригт нарыг гэрчээр оролцож байна.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш "Чалкотой гэрээ байгуулснаас хойш 12, 13 жил болсон байна. Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулсан хүмүүстэйгээ хамт 12 жилийн хугацаанд ингээд сууж байгаа нь сонин байна. Намайг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Засгийн газар, улстөрчдийн шахаа байсан. Зөндөө л дарга, сайд нар ярьдаг. Найз нөхөд уулздаг байсан. Хүн ажилд авахаас эхлүүлээд янз бүрийн л зүйл ярьдаг байсан. Тухайн үед УИХ-ын 30 гаруй гишүүн утсаар ярьж, уулзаж байсан" гэлээ.

Сангийн сайд асан С.Баярцогт "Намайг Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүлэх үүргийг УИХ-аас авсан. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжлийн сангийн тухай төсвийг жил болгон баталдаг. Жил болгон тогтоолоор зарлагыг нь баталдаг. Энэ хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Тавантолгойн зүүн цанхи, баруун цанхи хоёр дээр хоёр төрлийн хэлэлцээр явагдаж байсан. Нэг нь дотоодын үйлдвэрлэлээрээ үйл ажиллагаагаа явуулах, нөгөө нь гаднын хөрөнгө оруулагчдын татах замаар үйл ажиллагааг нь жигдрүүлэээд явуулах зүйл яригдаж байсан. Би 2011 оны урьдчилгаа төлбөр 463.5 тэрбум төгрөг гэдэг нь 250 сая ам.доллараар тухайн үеийн ханшаар үржүүлсэн гэж ойлгож байна. Тэгэхээр эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь буруу байсан гэдэг дүгнэлт хийгээд байна гэж ойлголоо. Эсвэл зүгээр байгаа фактыг л дурдаад байгаа юм уу, шинжээч ээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чалкотой яг яаж холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг харлаа. Үнэтэй холбоотой зүйл ярьж байна. Үнэ зах зээлийнхээ нөхцөл байдлаас хамаараад өсөж, буурч явдаг. Өндөр үнэтэй байх үед хийсэн гэрээ бол сайн гэрээ. Үнэ буурсан үед гэрээнийхээ нөхцөлөө ашиглаад явбал сайн. Гэрээ байгуулчхаад үнэ өсөөд явчихвал алдагдалтай байх магадлалтай" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах