Цэс Close

Нийслэлд үүсч болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг зарцуулна

Хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө. Өнөөдрийн нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байна.

Тэрбээр, "Улаанбаатар хотын хэмжээнд 6300 тн нөөцийн махыг нийт долоон аж ахуйн нэгж бүрдүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал хаврын хүндрэлтэй холбоотойгоор 13.7 хувиар өссөн байна. Энэ өсөлтөөс шалтгаалаад айл өрхүүдэд очих нэг килограмм махны үнэ хэт их өсөхөөс урьдчилан сэргийлж зарим нэг зохицуулалтын ажлууд авч хэрэгжүүлж байна.

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн есөн дүүргийн 357 долоон дэлгүүр, худалдааны төвөөр дамжуулан худалдаалж байна. Гэхдээ энэ асуудал дээр Нийслэлийн засаг даргын эрх мэдлийн хүрээнд зохих шийдвэр гаргаж, төсвийн зохицуулалт хийж зардлын зөрүүг олгосноор махны үнэ тогтвортой байх боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Хоёрдугаарт, шар усны үерийн аюул, эрсдэл улам нэмэгдэж байна. Энэ эрсдлийг бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил иргэн, аж ахуйн нэгжүүдийн нягт уялдаа холбоотой хамтын ажиллагааны хүрээнд даван туулах нь чухал. Нийслэлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Өнөөдрийн байдлаар 2300 айл өрх шар усны үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилйжүүлэх, шаардлага тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.

Нөгөө талаар зудын эрсдлийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 77394 айл өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган айл өрхөд тэжээл, 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажил үргэлжилж байна.

Зүй бусаар хорогдсон малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хот суурин газар оруулж ирж, хүнс, үйлдвэрлэлийн шугамаар ашигласан талаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Холбогдох байгууллагууд хяналт шалгалт тавьж байна. Энэ талаар ямар нэгэн баримт нотолгоотой мэдээлэл байвал УОК-ын шуурхай утсанд мэдээлэл өгч болно. Мэдээллийн мөрөөр нарийвчилж шалгах боломжтой.  Өнөөдрийн байдлаар 4 сая орчим мал хорогдоод байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах