61 жилийн дараа буюу 2022 онд Хятадын хүн амын өсөлт буурчээ

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна.
2022 онд Хятадын нийт хүн амын тоо өмнөх оныхоос 850 мянгаар буурсан талаар Үндэсний статистикийн газраас мэдэгджээ. Энэ нь Хятадын эх газар 61 жилийн дараа хүн амын өсөлт буурсан үзүүлэлт юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр нээлтээ хийсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралдаанаар өрхийн бүртгэлд бүртгүүлэх хүүхэд төрүүлэхийн тулд гэрлэлтээ батлуулах, гэрлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд тэгш эрх олгох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр болжээ. БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны гишүүн Ши Вэньмин хүүхэд төрүүлэхийн тулд заавал гэр бүлтэй байх шаардлагагүй.
Ингэснээр гэрлээгүй, эсвэл гурваас дээш хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ хууль ёсны дагуу бүртгүүлэх боломжтой болно гэдгийг онцолсон байна. Түүнтэй адил санаачилгыг хэд хэдэн гишүүн гаргасан бөгөөд хүн амаа өсгөх зорилгоор өрхийн 1 хүүхдийг үнэ төлбөргүй боловсролтой болгох болон бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ авхуулах зэрэг санаачилгыг гаргаад байгаа аж. Ташрамд дурдахад, БНХАУ-д гэрлээгүй эцэг эхээс төрсөн хүүхдүүдэд сургуульд сурах, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг нийгмийн наад захын хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй байдаг аж. Аз болоход өмнөд Хятадын Гуандун, Баруун өмнөд Хятадын Сычуань, Зүүн Хятадын Шанхай зэрэг Хятадын хамгийн олон хүн амтай муж, бүс нутгийн зарим нь дээрх ийм хязгаарлалтыг цуцалжээ.
Сэтгэгдэл үлдээх