Сингапурын амжилтын нууц буюу MPH зарчим
Нийтлэгчийн тухай:
: Кишорэ Махбубани - Сингапурын Үндэсний Их Сургуулийн Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын дээд сургуулийн захирал. Дипломат албанд 30 гаран жил ажиллахдаа Сингапурын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, НҮБ дахь элчин сайдаар хоёр удаа томилогдож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Ерөнхийлөгчийн алба хашиж байв. Financial Тimes, Foreign Affairs, Washington Quarterly, New York Times зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэлд геополитикын сэдвээр нийтлэл бичиж, “Can Asia Think?”, “The New Asian Hemisphere: Тhe irresistible shift of global power to the East” зэрэг хэд хэдэн даацтай ном хэвлүүлжээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх Дэлхийн Зөвлөл, Йелийн их сургуулийн Олон улсын харилцааны Ерөнхийлөгчдийн Зөвлөл, Дэлхийн Эдийн Засгийн Форумын Гео-эдийн засгийн Глобал Зорилтын Зөвлөлийн гишүүн. Foreign Policy сэтгүүл түүнийг дэлхийн Топ 50 сэтгэгчийн нэгээр нэрлэж байв.
Kишорэ Махбубани Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын дээд сургуулийн захирал
Сингапур улс 2015 оны 8 сарын 9-ний өдөр 50 нас хүрлээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай нийгмийг Сингапур улс цогцлоож чадсан уу? Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронтой хурьцуулбал Сингапур улс нийт иргэдийнхээ амьжиргааг бүх талаар өв тэгш, хамгийн богино хугацаанд дээшлүүлж амжив уу?
Дээрх асуултад хариулах цорын ганц арга бол бодит тоо баримтанд түшиглэх явдал. Хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол хүнс, орон байр, эрүүл мэнд, боловсрол, ажлын байр. Эдгээр анхдагч хэрэгцээг Сингапурчууд бусад улс орнуудаас илүү богино хугацаанд хангаж чадсан уу?
Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хөөгдөж, өөрсдийн хүсээгүй тусгаар тогтнолыг олох үед ердөө л гуравдагч ертөнцийн буурай орон байлаа. Нэг хүнд ногдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухай үеийн Гана улсынхтай зэрэгцэж байв. Бүр яадгаа алдсан ядуу байгаагүй ч тэжээлийн дутагдал нийтлэг байжээ. Юу гэвэл бага сургуулийн нэгдүгээр ангид ороход намайг хүнс тэжээлийн тусгай хөтөлбөрт хамруулж байв. Бусад хүүхдүүдтэй хамт сүүний хувингаас утгалцаж суусны хувьд би энэ бүхнийг өөрийн биеэр гэрчилж чадна.
Хүснэгт 1: Нэг хүнд ногдох ДНБ /бодит үнээр
* 2005 оны ам.долларын тогтмол ханшаар
Өнөөдрийн байдлаар Сингапурын нэг хүнд ногдох орлого 500 ам.доллараас 55,000 ам.долларт хүрч огцом цойлсон нь шинээр тусгаар тогтносон бусад аль ч орны хүрээгүй том амжилт юм. Сингапурын эдийн засгийн энэ онцгой амжилтын түүх бол ердөө л гайхамшиг гэлтэй. Гэвч намайг 1980-аад онд НҮБ дахь Сингапурын элчин сайдаар ажиллаж байх үед НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүнээр ажиллаж байсан америк эр Жэймс Грант дээрх зүйлийг сонсох бүртээ ундууцдаг байлаа.
Хүснэгт 2: Дурдсан оноос 2014 он хүртэл өссөн ДНБ-ын өсөлтийн хувь /бодит үнээр/
*2005 оны ам.долларын тогтмол ханшаар
Чухамдаа өөр нэг салбарт үзүүлсэн Сингапурын амжилтыг илүү онцгойлж үзэх ёстой гэж тэр надад хэлдэг байв. 1965 онд нялхсын эндэгдэл 1,000 төрөлт тутамд 35 байсныг 1985 он гэхэд 10.9 болгож бууруулсан нь бүх улс орнуудыг ардаа орхисон үзүүлэлт байлаа. Жэймс Грантын зөв байжээ. Аль ч нийгэмд хүн амын хамгийн эмзэг, гадны нөлөөнд автамтгай бүлэгт нялхас багтдаг. Нялхасын эндэгдэл багасч энх тунх байх нь эргээд нийгмийн экосистем хэр сайжирч байгаагийн шууд тусгал болдог аж.
Амьд мэнд төрж өссөн Сингапурын нялхас дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоогоор дамжих ерөөлтэй байв. Тун саяхан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ОECD) явуулсан математик, шинжлэх ухааны Бүх нийтийн суурь эрдмийн (Universal Basic Skills) түвшин тогтоолтоор Сингапурын 15 настнууд дэлхийд чансаагаараа тэргүүн байрт орсон байна. 2012 оны “OECD PISA шийдэл олох шалгалт”-нд Сингапур хүүхдүүд мөн л тэргүүллээ.
Нийгмийн бусад олон шалгуур үзүүлэлтээр Сингапур улс дэлхийд тэргүүлж байна. Миний төрж өссөн ядуусын хорооллоос гараагаа эхэлсэн Сингапур улсын иргэдийн 90% нь өнөөдөр өөрсдийн өмчилдөг орон сууцанд амьдарч байна. Энэ үзүүлэлтээрээ мөн л дэлхийд тэргүүлж байна. Цаашилбал орлогоороо нийгмийн доод 20% -д багтдаг айл өрхүүдийн 80% нь өөрийн орон сууцанд амьдарч байна. Нийгмийн Халамжийн Төв Сангийн (Central Provident Fund) тусламжтайгаар хурдацтай өссөн цалин хөлс, заавал төлөх ёстой нийгмийн даатгалын хадгаламжаа ашиглаж байр авах боломжоор хангасан чанд тогтолцооны дүнд өөрийн байртай айл өрхийн тоо ер бусын өндөр хэмжээнд хүрчээ.
Авлига бол гуравдагч ертөнцийн орнуудын ихэнхи нь яагаад өөдөлдөггүйн цорын бөгөөд хамгийн том шалтгаан мөн
Тэд хамтдаа гайхалтай баг болж чадсан.
Меритокраси бол ноёлогч ангийн хамсаатнууд бус харин хамгийн чадварлаг иргэд нь шилэгдэж улс орноо удирддаг тогтолцоо юм. Прагматизм гэж дугуйг шинээр бүтээх гэж оролдоод байдаггүй, шаардлагагүй зүйлд цагаа бараад байдаггүй улс орны үзэл баримтлалыг хэлнэ. Доктор Го Кен Сви ямагт “Кишорэ минь, Сингапурын өмнө ямар ч асуудал тулгарсан бай яг ижил асуудлыг хэн нэг нь хаа нэгтээ шийдсэн л байж таараа. Иймд тэр шийдлийг олж хуулаад Сингапурт нутагшуулъя” гэж хэлдэг байв. Шилэгдмэл сайн туршлагыг хуулна гэдэг бол аль ч улс орны хийж чадах зүйл. Харин ”шударга журам”-аар засаглана гэдэг бол хамгийн хэцүү нь. Авлига бол гуравдагч ертөнцийн орнуудын ихэнхи нь яагаад өөдөлдөггүйн цорын бөгөөд хамгийн том шалтгаан мөн. Сингапурын үндсийг тавьсан эрхмүүдийн хамгийн агуу бяр тэнхээ бол тэдний “өршөөлгүйгээр шударга ёсыг баримталдаг” чанар юм. Дээр нь бүгдээрээ сүйхээтэй, овжин байж чаддаг байсан нь бодлогоо хэрэгжүүлэхэд нэмэр болсныг дурдах ёстой.
“СИНГАПУРЫН АМЖИЛТЫН ҮНДЭС БОЛ MPH: MERITOCRACY, PRAGMATISM, HONESTY (ШУДАРГА ЖУРАМ) ЮМ.”
Гэхдээ Сингапурыг гүжир гүтгэлэг тойроогүй. Таван жил тутам чөлөөт сонгууль явагдаж ирсэн ч Сингапурын улс төрийн тогтолцоог “соёлтой дарангуйлал” гэх нь нийтлэг. Хэвлэл мэдээлэл нь төрийн хяналтанд байдаг гэсэн түгээмэл ойлголт ч бий. Хил Хязгааргүй Сурвалжлагчид (Reporters Without Borders) байгууллагын 2015 онд гаргасан Хэвлэлийн Эрх Чөлөөний Индексээр тус улс 180 орноос 153 дугаар байрт жагсчээ. Энэ үзүүлэлт хүний эрхийн байгууллагуудын шүүмжийн бай болж ирсэн. Эрх чөлөөний ордон (Freedom house) ч Сингапурыг “хагас эрх чөлөөтэй” гэж дүгнэдэг.
Мэдээж эдгээр шүүмжийн заримд нь эргэлзэшгүй үндэслэл бий. Гэвч Сингапурын ард түмэн бол дэлхийн хамгийн өндөр боловсролтой ард иргэдийн нэгд тооцогддогийг санах хэрэгтэй. Тиймдээ ч тэд дэлхийн хаана ч гологдохооргүй юм. Хэрэв Сингапурын ард түмэн “чөлөөт бус” нийгэмд боомилогдож байгаа бол өөрсдийн итгэл үнэмшилд бат зогсч сонгуулиар засгаа өөрчлөх эрх нь бий. Дийлэнхи нь эх орноо орхиогүй. Яг үүнтэй ижил нэг үнэн зүйл бол америк, европ гэх мэт дэлхийн хамгийн чадварлаг хүмүүс Сингапурын иргэн болж өөрсдийн уугуул иргэншлээс татгалзаж байгаа явдал. Магадгүй барууны хэвлэл мэдээллийнхний анзаарч түвдээгүй нэг зүйлийг энэ хүмүүс анзаарч чадсан байх: Сингапур бол төрж өсч, амьдрахад хамгийн таатай улс орнуудын нэг. 1965 онд сүйрэх тавилантай байсан энэ улс дэлхийн хамгийн өндөр хөгжсөн орны нэг болж чадсан явдал нь өөрөө ер бусын түүх билээ.
Forbes Mongolia сэтгүүл (11 сар)
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_shortcode_id="4xgav2i7p" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="vhuzgtbrc8" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text animation_delay="0" shortcode_id="qf6fwn669o"]Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх