Бөн бөн
Хүн бүхэнд л хааяа хийж байгаа ажлаасаа уйдаж залхах үе гардаг даа. Ер нь хэнд ч хэрэгтэй юм хийгээд байгаа юм, нэг л их чухал царайтай амьтан өглөө яарч давдганаж гараад, орой сунаж үхэх шахталаа ядарсан амьтан орж ирнэ. Орж ирэхдээ уур уцаартай, ялархуу омгорхуу ч гэж жигтэйхэн. Тэгсэн атлаа гарт баригдах бүтээл, гаднаа хуримтлуулсан баялаггүй мэт санагдаад “синдромтож” орхидог. Яг тийм үе тохиох бүрд би “бөн бөн”-ийг санадаг юм. Юун “бөн бөн” бэ гэвэл эзэн нь өөрөө ярьсан нэг хөгжилтэй хууч хуваалцъя.
Ноднингийн өдийд ажлын шаардлагаар нэгэн нөлөө бүхий улстөрчийн үүдийг сахих хэрэг гарав. Том биетэй ширүүн харцтай тэр нөхөр сэтгүүлчдэд нэлээд таагүй ханддаг бололтой уриалгахан биш угтлаа. Ажил хэрэгч царай гаргаад л, асуусанд цөөн хэдэн үгээр хэг ёг хийж хариулаад л. Яриа нэг л эвлэх янзгүй, албаны уур амьсгалтай байлаа. Тэгж тэгж намайг аяга кофегоор дайлах юм болов. Сэтгүүлчид бид ямар мөрөөрөө дуугүйхэн сууж байгаад хүний юм ууж идэхээ мэдэх биш “Таны амьдралд тохиолдсон, санаанаас гардаггүй хамгийн хөгжөөнтэй дурсамж юу вэ” гээд л тэс хөндлөнтөв.
Нөгөөх чинь хөмсөг зангидсан хэвээрээ хэсэг сууснаа ингэж ярилаа. “Би Хан-Уулын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Хошин урлагийн Туяа биднүүс нэг анги л даа. Дуу бүжиг энэ тэр юманд дүй муутай дуугүй бор банди байлаа. Авахаас сурлага жоохон гайгүй. Нэг удаа урлагийн үзлэгт ордог юм байна. Бэлдэж байна гээд л баахан явав. Өдөр алгасахгүй оройтоод л, хичээлдээ ч муудаад ирэв. Гэрийнхэн асуухаар урлагийн үзлэгт бэлдээд байгаа л юм ярина.
Тэгсэн нөгөө номер маань ангиасаа шалгарч сургуулийн концертод оров. Дараа нь дүүргийнхэд орохоор болоод бүүр хичээлээсээ чөлөөлөгдөөд авлаа. Өвөө гэнэт уурлаад энэ нөхөр ер нь яваад л байх юм, юу хийж гийгүүлдэг хүн бэ гээд концертын бэлтгэл дээр гэнэт хүрээд ирэв.
Тэгсэн чинь нэг сэргэлэн бондгор охин /хошин шогийн Б.Туяа/ “Гангийн халуун наранд миний ээжий” гээд дуулахаар ард нь зогсож байгаа гурван банди “Бөн бөн бөн” гээд бакал хийнэ. “Гадсаа тойроод эргээд байдаг миний ээжий” гэхээр нь бид гурав “Бөн бөн бөн”. Орой нь өвөө “хичээл ном хийхгүй сүр бадруулаад л яваад байсан чинь ердөө л бөн бөн үү” гээд намайг суран бүсээр ороолгож гарсан даа” гэж ярив.
Би савж унатлаа инээв. Нөгөөх чинь ч бас дагаж хөхөрлөө. “Тэгээд та дүүргийн концертдоо орсон уу” гэсэн чинь “Өвөөгөөс айгаад ороогүй. Дараа нь багшид чухал номер тасаллаа гээд зөндөө загнуулсан” гэв. Тухайн үедээ хөгжилтэй санагдаад нулимсаа гартал инээсний хүчинд ярьж орсон ажил нааштай эргэчихлээ. Нулимс ингэж аминд ордогийг анх удаа л мэдэв. “Нөгөө хоёр бөн бөнтэйгээ холбоотой байдаг уу” гэтэл “Сүүлийн хэдэн жил сураггүй ээ, хаа нэгтээ бөн бөн гээд л явцгааж байгаа байх” гэсэн юм.
Түүн шиг нэг л их мундаг амьтан яваад байдаг. Яс юман дээрээ ердөө л бөн бөн байгаадаа хааяа уур хүрэх үе гарах. Гэхдээ хүн өөрөө л хийж байгаагаасаа таашаал авч, чухалд тооцож байвал аяндаа бүх зүйл болох юм шиг санагддаг.
Бас Гүржийн нэг кино байдаг даа. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодог сайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусах үед хэдхэн секунд л түүний бөмбөр эгшиглэдэг. Гэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим амтгүй. Нэг удаа залуу сэтгэлээр унаад тоглолтод ирсэнгүй. Дотно найзынхаа “тэр найралд чиний хэрэг алга” гэх хорон үгэнд эмзэглэжээ.
Гэвч мань хүн хөгжим эгшиглэмэгц тайз руу яарч, хурдан хурдан алхалсаар орж ирээд цохиураа авмагц л бөмбөрөө тоглох цаг нь болсон байна. Хоёр гурав цохиод л хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур хүрч ирээд залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ. Энэ кино, бас тэр “бөн бөн”-ийн түүх бол амьдралын чухал туслах дүр. Ийм дүргүйгээр амьдрал утгагүй гэдгийг хүмүүс харин тэр бүр ухаардаггүй.
Бүгдийг орвонгоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тэмцэлтэй амьдрах сайхан. Бас хийж байгаа ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх, яавал өөрт болон өрөөлд хэрэг болох бол гэж үргэлж эрэлхийлж явууштай. Бухимдах шантрах үе хэнд ч байх, Гол нь цагийн юмаа цагт нь амжуулаад, хүнд гавьяа болдоггүй юм гэхэд гай болохгүй л байх юм сан гэж бодогддог. “Бөн бөн”-өөр дутдаг хорвоод би ч бас “бөн бөн” гээд л явж байна.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх