Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулдаггүй

Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулдаггүй

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу өнгөрсөн Баасан гарагт (2020.04.24) бие даан өрсөлдөх нэр дэвшигчид Үндэсний аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Энэ зуны парламентын сонгууль бие даагчид олноороо өрсөлдөх гэж байгаа таамаглалыг баталгаажуулж, бие даагчдын урсгал нэмэгдсэн гэдгийг АН-ын нас харьж яваа, улстөрчид нотлоод байна.

Аудитын газар бие даагчдын мөрийн хөтөлбөрийг авах эцсийн өдөр цагтаа АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга, Хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл, одоо АН-ын дэд даргаар ажиллаж байгаа Б.Дэлгэрмаа нар АН-аас салан тусгаарлаж, бие даан нэр дэвших тухай сүржин мэдэгдлүүдээ гарган, намын удирдлагуудаа “айлгах” хуучин технологио хэрэгжүүлэв.

УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших эрх олж авч чадахгүйгээ ойлгосон улстөрчид бие даан нэр дэвшихээр шийдэх нь цөөнгүй. Тиймээс АН-ын хэдэн улстөрчдийн шийдвэрт гайхаад байх учиргүй. Ийн бие даан нэр дэвшсэн гишүүд амжилт олохоосоо олохгүй нь их. Өөрийнхөө нэр хүндийг унагаж, намынхаа саналыг хуваагаад дуусдагийг ч сонгуулийн түүх гэрчилдэг.

Энэ удаагийн сонгуульд АН-ын удирдлага залуучуудаа дэмжих бодлогыг барьж байгаа нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа нарт таалагдсангүй. Намын даргын шийдвэр болгон үеээ өнгөрөөж, нас харьж яваа улстөрчдөд таалагдах албагүй. Гол нь улстөрч л юм бол тэдэнд сонгогчид яг одоо, энэ хаврын сонгуулиас ямар үр дүн хүсч байгаа вэ, ямар улстөрчийг УИХ руу өөрсдийгөө төлөөлөн илгээхийг хүсч байгаа вэ гэдгийг тандсан мэдрэмж тодорхой хэмжээнд байх ёстой болов уу.

Үнэн хэрэгтээ Монголын улс төрд 30 жил эргэлдэж, Төрийн өндөр албан тушаалуудыг ээлж дараалан хашсан хуучин улстөрчдөөс сонгогчид халширч байгаа, үүнийгээ ч шулуухан илэрхийлж байгаа. Тэднийг сонгохгүй гэсэн давалгаа нийгэмд үүсээд байгаа нь үнэн юм. Нөгөө талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр цэвэр залуучуудаа дэмжинэ хэмээн зарласан нь АН-ын удирдлагад МАН-ын залуучуудтай дүйн өрсөлдөх нэр цэвэр залуусыг сойхгүй л бол ялагдана гэсэн дохио очоод байгаа нь бас үнэн.

Гэвч С.Эрдэнийн энэ байр суурь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл тэр ч байтугай Б.Дэлгэрмаад таалагдсангүй. Заавал сонгуульд өрсөлдөнө, тэр тусмаа өөрсдийг нь эрх мэдэл, албан тушаалд хүргэсэн АН-тайгаа өрсөлдөх атаач хүслийг өдөөжээ. Өнгөрсөн дөрвөн жил АН-аа муулж, нэр хүндийг нь шалд нь унагаж орхисон Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа нарын хувьд 1996 оны УИХ-ын сонгуулиас хойш тасралтгүй сонгуульдаж, ялж, ялагдсан ч АН-ын хүчинд төрийн өндөр албан тушаалыг олон жил хашиж, өнөөдөр тэтгэвэрийн эмээ, өвөө болцгоожээ. Энэ 30 жилд тэд ач, гучийн зулай үнэрлэсэн эмээ, өвөө болсон бол эсрэгээрээ нийгмийн хөгжил бахь байдгаараа л байж байна.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхдаа Нүүрс төслийг будилаантуулсан хэргээр зөвлөхөө АТГ руу илгээж, Эрдэнэс Тавантолгойд ажиллуулсан хүргэн Дэнзэнгээ байцаалгаж байхад сонгуулийн шийдвэрлэх үед бойкотлож байгаа АН, С.Эрдэнэ хоёр нь л өмгөөлж байв. Э.Бат-Үүлийг Гэр хорооллын төслөөс мөнгө завшсан хэргээр хүүтэйгээ шалгагдаж байгаа өдрүүдэд мөн л АН нь өмгөөлөн өмөлзөж байлаа. Б.Дэлгэрмааг хэл аманд өртөн ОХУ-ын Элчин сайдаас эргэн ирэхэд АН л өмгөөлж, дэд даргаараа авч, дэргэдээ хамгаалсан.

Харин тэд АН-ын хайрыг даасангүй. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шиг шийдвэрлэх сонголтын өмнө АН-аа рекетлэн, нэр цэвэр, шинэ залуустаа том хаалт болж, залуучуудынхаа саналыг хуваахаар эргэлтгүй шийджээ. Ийм цаг үед С.Эрдэнийн зарчим дээрээ хатуу зогсож, залуу үедээ боломж олгох гэсэн сонголт харин хамгийн зөв байж мэдэх юм. Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулдаггүй гэдгийг С.Эрдэнэ Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа нарт АН-ын дарга, залуучууд хоёр мэдрүүлэх нь чухал юм.

 

 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.