ДОРНОДОД АЛДАГДСАН ЛЕГИОНЫ ТҮҮХ

МЭӨ 70 онд Ромын эзэнт гүрнийг уг үндсээр нь донсолгосон Спартакийн боолчуудын бослогыг дарсан ялагчдыг нийслэл Ром хот хүндэтгэн хүлээн авлаа. Спартакийн бослогыг даралцсан жанжин Помпейн цэргүүд Ром хотод сүр жавхлантайяа орж ирэхэд түүнийг аврагчаа хэмээн үзсэн Ромын иргэд алга ташин, исгэрэлдэн хүлээн авчээ. Харин 2 жилийн турш Спартакийн боолчуудын араас мөшгиж, хамаг хүчээ баран байж, Луканид далайд хашиж, сүүлийн хүчийг нь нуга дарсан их жанжин Марк Красс цэрэгтэйгээ хамаагүй өмнө зүгт байрлаж байсан тул Ром хотод Помпейгоос сүүлдэн орж ирсэн билээ. Нэгэнт ялан дийлэгчээ хүлээгээд авчихсан Ромын иргэд түүнд сүртэй баяр хүргэсэнгүй нь боолын бослогыг дарахад хамаг цэрэг, хөрөнгөө барсан Крассын уурыг хүргэж, атаархлыг хөдөлгөсөн гэдэг.

Марк Красс бол Ромын хамгийн баян хүнд зүй ёсоор тооцогддог байсан тул түүнд хүмүүс ч нэг их дуртай байсангүй. Марк Красс, Магнус Помпей, Юлий Цезарь нар удалгүй гурвуулаа нийлэн Ромын дээд эрхийг атгах болсон нь түүхэнд “Гурвын засаглал” буюу “Триумвират” хэмээн нэрлэгдэх болжээ. Хэдийгээр Ром бүгд найрамдах засаглалтай хэвээр байсан боловч Ромын их гүрний цэргийн хүч, мөнгө хөрөнгийг цуглуулсан гурван жанжны гараас парламент гарч чадахгүй болсон байв. Красс залуухан Юлии Цезарийг хөрөнгө мөнгөөр дэмжин, байлдан дагуулагч, нэрт жанжных нь нэр төрийг ашиглан, Помпейн эсрэг хөзөр болгон турхирч, “Гурвын засаглал” дотор өөрийн тэнцвэрт байдлыг хангаж чадаж байлаа. Помпей жанжин найз нөхдийнхөө дунд Крассыг доош нь хийхдээ “хэдэн боол хядсанаас өөр юу хийсэн юм дээ? Аугаа их л гэцгээх юм. Юугаараа аугаа болоод тэгээд байдаг юм бэ?” хэмээн доог тохуу болгодгийг дуулсан Красс түүнийг яаж ийгээд давах юмсан гэж мөрөөддөг байсан юм. Помпей удалгүй Газар дундын тэнгист үүрлэсэн далайн дээрэмчдийг гуравхан сарын дотор хуу цэвэрлэж, Бага Азид Ромтой тэмцэлдээд байсан VI Митридат хааныг нам дарсан нь Крассын нойрыг хүргэхээ байсан билээ. Энэ үед Цезарь ч Галлыг бүрэн эзэлж, Бельгийг дарангуйлах болсон нь ямар нэг том цэргийн гавъяагүй Крассын жин нөлөөнд сөргөөр нөлөөлөх болсон юм.

Харин энэ гурвын хамгийн залуу болох Юлий Цезарь тоглолтоо болгоомжтойхон хийж байлаа. Цезарь өөрийн нөлөөг ашиглан, Азид улсын харъяаны барилга байгууламж барьсан хүмүүсийн өрийн гуравны нэгийг цайруулах хууль батлуулсан нь Крассын өрийн ихэнхийг дарж, Ром даяар дургүйцэн шуугих нэгэн шалтгаан болсон билээ. Бүгд л Крассын ичгүүр сонжуургүй, хязгааргүй шуналтайг гайхан шагширч байлаа. “Гурвын засаглалыг” тэнцвэртэй байлгахын тулд Юлий Цезарь өөрийн цор ганц хайртай охин Юлия Цезаринаг Помпей жанжны 4 дэх эхнэр болгон өгсөн билээ. Залуухан, хурц ааштай Юлия Помпейд хайртай байсан боловч насаар эгчмэд гурван эхнэртэй нь таарч тохирохгүй, сэтгэлийн шаналгаатай явдаг байжээ.

МЭӨ 56 онд Юлий Цезарийн Галл мужийн (Одоогийн Франц) захирагч, консул байх эрхийн хугацаа дуусах дөхөхөд гурван консул уулзах шаардлагатай болжээ. Эхлээд Равенна хотод уулзсан Марк Красс, Юлий Цезарь нар хоорондоо байр сууриа харилцан тохирч, Лукад Помпейтой уулзахдаа Цезарийн Галлын захирагчийн хугацааг дахин таван жилээр сунгах, Крассыг Сирийн захирагчаар илгээх, Помпейг Испаний захирагчаар 5 жил байлгах тохиролцоонд хүрчээ. Гурван консулын хүсэлтийг Ромын Сенат удалгүй хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм.

Ромын хамгийн баян хүн Марк Красс Сирийн захирагчаар алсад одох гэж буй нь Азийг байлдан дагуулах түүний чин хүсэлтэй холбоотойг хэн хүнгүй гадарлаж байв. Крассын атаархуу зан, Месопотамийг эзлэн, Азийг байлдан дагуулагч хэмээх их алдар сууг олж, Африкийг байлдан дагуулагч цолтой Помпей, Галлыг байлдан дагуулагч Цезарь нартай эн зэрэгцэн, тэднийг өөрийн их хөрөнгөөр давж, Ромын Триумвиратад голлогч хүн болон хувирч, аажмаар өөрийн анхны жанжин Корнелий Суллын нэгэн адил диктатор болох хүсэл шуналд дагуулан хөтөлж буйг ч Помпей ч, Цезарь ч гадарлан байсан аж. Харин алдар хүндийн дон шүглэж, хөрөнгө мөнгөндөө ташуурсан, байлдааны туршлагагүй энэ өвгөнд Азийн гүнд байх Парфяны эзэнт гүрэн амаргүй хатуу хоол гэдгийг аль аль нь хэлж түвдсэнгүй. Цезарь харин ч өөрийн удирдлаганд байлдаж байсан Крассын хүү Публийд хэдэн мянган Галлын морин цэргийг өгч эцэгтэй нь дайнд мордуулж, өөрийн санхүүгийн ивээн тэтгэгчээ дэмжжээ. МЭӨ 55 онд Марк Крассыг Ромоос мордоход Сенатын олон арван гишүүд хотын иргэдийг дагуулан замыг нь хааж, дайн өдөөх ямар ч шалтгаан үүсгээгүй Парфяны эзэнт улсын эсрэг мордохыг нь зогсоох гэж оролдлоо. Тэр ч атугай Ромын трибун цолтой нэгэн эрхэм Крассыг зүхэж, олны өмнө хараал хийж ч үзэв. Красс Сенатын гишүүдтэй дэмий маргалдаж байх үед гэнэт хүрч ирсэн Помпей Ромчуудад хандан Красст саад хийлгүй явуулахыг уриалжээ. Помпейг асар их хүндэтгэдэг Ромчууд Крассын легионуудад зам тавин өгсөнөөр тэд Ром хотоос гарч одлоо. Помпейн нэр хүнд асар их байгааг харсан Красс уурандаа багтрах шахан, нэн даруй бүдүүлэг Парфяны цэргүүдийг нам цохиж, Ефрат мөрнөөс баруун хэсгийг эзлэн, тоолж баршгүй их баялгийн эзэн болж, Ромд эргэн эзэн суухаар хатуу шийдэн одсон бөлгөө. Түүний шадар жанжингууд нь энэ тохиолдлыг муу ёр хэмээн цээрлэж, Красст сануулахыг оролдсон ч зөрүүд баян өвгөн сонсохыг ч хүссэнгүй.

МЭӨ 56 онд Сирид хүрэлцэн ирсэн 43 000 хүнтэй Ромын арми Месопотамыг чиглэн Сирийн цөлөөр урагшилж эхлэв. Энэ үед Марк Крассын цэргийн хүрээнд хүрэлцэн ирсэн Армяны хаан Артавасд II-ын элч цөлөөр давшихын оронд Армяны нутгаар урагшлан тэдний 40 000 цэрэгтэй нийлж, Парфяны эзэнт гүрний нийслэл рүү шууд довтлохыг санал болгожээ. Артавасд Ромын хүчээр өөрийн гол дайсан Парфяны хаан Ород II-оос салахаас гадна эзлэгдсэн нутгийн зарим хэсгийг өөртөө авахыг санаархсан нь тэр ажээ. Ром гүрний цэргийн хүч хэнд ч ялагдашгүй гэдэг хатуу итгэлтэй Марк Красс Армяны хаантай ялагчийн алдар, ашиг олзоо хуваахыг хүссэнгүй, харин ч цэргүүдээ цөл дундуур урагшлахыг тушаав. Харин түүнд газарчилж, цэргээр туслахаар амласан нутгийн омгийн ахлагч Абгар аль хэдийн Парфяны хаанд урваж, элсэн цөлийн гүн лүү Ромын армийг санаатайгаар хөтлөн төөрөлдүүлж явааг Красс гадарласангүй.

Парфяны эзэн хаан Ород II энэхүү мэдээг аваад цэргийн үндсэн хүчээ авч, Армяныг байлдан эзэлж, эхлээд Ромын хамсаатныг үгүй хийхээр шийджээ. Харин өөрийн нэгэн авъяаслаг жанжин Спабод Суренад 9000 морьт харваач, 1000 хүнд морин цэргийг өгч, Ромын цэргийг цөлийн гүнд хууран аваачиж, Армяны холбоотнуудаас нь холдуулахыг зарлигдав. Гэнэт өмнөөс гарч ирсэн Парфяны цэрэг цөлийн гүн лүү дайжин одоход Крассын легионууд араас нь мөшгилөө. Гэвч дан морин цэргээс бүрдсэн Парфяны армийг тэрээр гүйцэх ямар ч боломжгүй байсан юм.

МЭӨ III зуунаас эхлэн Бага Ази, Персийн нутагт овъёос тариалж эхэлсэн нь хүнд хуягтай цэргийг ядахгүй тээж чадах тэнхээтэй морьдийн угшил буй болгосон билээ. Тиймээс Парфяны морин цэрэг, хөнгөн харваачид нь хир баргийн морин цэрэгт гүйцэгддэггүй, хүнд хуягласан морин цэрэг нь ямар ч жагсаалыг нэвт сэтлэн гарах чадвартай болсон байсан билээ.

Хэд хоног Ромчуудыг дагуулан цөлөөр тэнүүчилсэн Сурена жанжин дайсныхаа сул талыг хангалттай гадарлаад, Ромын цэргийн эсрэг хатгалдан байлдахаар шийдвэрлэсэн юм. Хэрэв Ромчууд илүүрхээд ирвэл морин цэрэг нь хөнгөхөн дутаачих тул түүнд алдаад байх ч зүйл байсангүй. Каррэ хотын (Одоогийн Туркийн Харран хот) орчимд Парфяны морин цэргүүд Ромчуудын жагсаалыг довтлон харвалдаж эхэллээ. Ромчууд нэн даруй дөрвөлжин жагсаалаар жагсаж, хүнд бамбайгаар халхалсан ч дайсны суман доор дэмий л зогсохоос өөр арга олдсонгүй. Уг нь дайсны цэргийн харвалтын давалгааг сөрөн зогсоод аажмаар урагшлан бутцохих тактиктай Ромчууд сумыг нь дуусахыг хүлээсэн ч Парфянчуудын суман мөндөр яагаад ч дуусч өгөхгүй байлаа. Сурена жанжин сумны нөөцөө сайн бэлдэж, харвалдаж буй цэргийн ангиудад нь сумаа дуусмагц, дараагийн ангидаа зай тавьж өгч ухран, тэмээнд ачсан сумнуудаас хангалт авч эргэн байлдаж буйг Ромчууд хэрхэн гадарлах билээ.

Тэсвэр нь барагдсан Ромчууд жагсаалаа ярж, Публий жанжны 4 000 Галлын морин цэргийг өмнө гаргаж, Парфяны харваачдыг сарниулахыг оролдов. Цөлөөр хэд хоног бэдэрч ядарсан морьдтой Галлууд Парфяны хөнгөн харваачдыг дэмий элдсэн ч гүйцсэнгүй, харин ч өөрснөө мэдэлгүй үндсэн хүчээсээ хэт тасран салжээ. Толгод даван давхилдан гарч ирсэн Галлчууд гэнэт Парфяны хүнд хуягт морин цэргийн эгнээнд тулав. Энэ үед дайжин зугатсан хөнгөн харваачид ар, хажуунаас нь бүслэн харваж эхэллээ. Галлын морин цэргүүд бараг бүхлээрээ хядуулан, Марк Крассын хайртай ахмад хүү цэргийн жанжин Публий хүнд шархдан, дайсанд олзлогдон шившгээ хутгахгүйн тулд амиа хорлолоо. Түүний толгойг тасдан авсан Парфянчууд үлдсэн цэргийн өмнүүр жаданд өлгөн давхихыг харсан Ромчууд сэтгэлээр унажээ.

Хүнд цохилт амссан Марк Красс сэтгэлээ чангалан байж, өөрийн цэргийн өмнө гарч: “Та нар сэтгэлээр унах хэрэггүй. Хүүгээ алдсан нь надад хүнд цохилт боловч Ромын армид энэ хамаагүй. Давшаад” хэмээн уриалав. Давшиж буй цэргүүдэд Парфяны харваачдын сум ихээхэн хохирол үзүүлээд байсан тул Красс когортуудыг ”яст мэлхийн жагсаал”-аар жагсан урагшлахыг тушаасан ч тусыг эс олов. Хөдөлгөөн муутай “яст мэлхийн жагсаал”-ын завсрыг ашигласан Парфяны харваачид жагсаалын голоор давхилдан, бүр ойроос онилон харвах боломжийг гаргаж өгчээ. Ромчуудын бамбайны араас чичлэх жад тэдэнд үл хүрэх аж. Энэ үед Парфяны хүнд хуягласан морин цэргүүд яст мэлхий жагсаалыг сэт сэт цохин гарч, когортуудыг сандруулж байлаа.

Харанхуй болж тулалдаан түр зогссоны дараа Марк Красс цэргүүдээ Каррэ хот руу ухран, тэнд байх цайзын хананы цаана орохыг тушаажээ. Хохирлын тоо аймшигтай байлаа. 20 000 гаруй Ромчууд алагдаж, 10 000 гаруй нь сураггүй алга болжээ. Публийн удирдсан 4000 Галлын морин цэргээс эргэж ирсэн хүн бараг алга. Цэргийн дарга нар Красс жанжинтай ярихыг оролдсон ч хүүгээ алдсан тэрбээр ямар ч дуугүй гөлрөн суух ажээ. Хайртай хүүгээсээ гадна Ромын эзэн суух мөрөөдлөө үрэн таран хийж, хамаг хөрөнгөө зарцуулан цуглуулсан их цэргийнхээ ихэнхийг өдөржин цөлд хядуулж, дампуурчихсан байгаа тэрээр өөр яах ч билээ?

Өглөө нь хотын хананд тулан ирсэн Парфяны цэрэг хэлэлцээ хийхийг шаардлаа. Красс гарахыг хүсээгүй боловч үймээн бослого гаргахад бэлэн болсон цэргийн дарга нарын шаардлагад тулгагдан цөөн цэрэгтэй хотоос гарч, Парфяны элч нартай уулзахаар очив. 50 орчим цэрэгтэй алхан ирсэн Крассыг харсан Парфяны жанжин: “Жанжин хүн морьгүй яахин хэлэлцээ хийх билээ? Красс жанжинд морь өг” хэмээн тушаажээ. Энэ нь бодвол эртлэн бэлдсэн арга байсан бололтой. Алтан эмээлтэй аргамаг хүлэг дээр Крассыг мордуулдаг нь Месопотамыг эзлэн дээрэмдэх гэсэн түүний хязгааргүй шуналыг битүүхэн шоглосон бололтой байдаг. Крассын морийг хөтөлсөн Парфяны баатар эр ухасхийн давхиж, Парфяны цэргийн жагсаалын өмнүүр нааш цааш хурдлахад цэргүүд уухайлан хашгиралдаж байлаа. Энэхүү шившигт байдлыг тэсч чадахаа байсан Красс илдээ сугалахад түүнийг дагалдан ирсэн цэргүүдийн дарга нарын нэг Октавий бусдыгаа уриалан илдээ сугалж, Парфяны цэргүүдтэй тулалджээ. Хоромхон зуурт Ромын жанжин болон түүний цэргүүдийг Парфяны харваачдын сум зараа мэт сүлбэн дуусгалаа.

Ялалт байгуулсан Сурена жанжин Крассын толгойг тасдан авч, аманд нь алт хайлуулан цутгаж, “шунахай этгээд шангаа хүртэв” хэмээн жаданд өлгөж, буцах замдаа олон түмэнд харуулан гайхуулсаар явжээ. Олзны Ром цэргүүдээс Красстай төстэй царайтай нэгнийг сонгож, эмэгтэй хүний хувцас өмсүүлэн жагсаалын өмнө тууж доромжилж бах таваа хангахаа ч тэрээр мартсангүй. Ромын түүхч Плиний бичсэнээр олзонд орсон Ромчуудыг Маржиана муж руу (одоогийн Тажикистан), Парфяны эзэнт улсын зүүн хил рүү туун оджээ.

Крассын толгойг авч мордсон элч Парфяны хаан Ород II Армяны хаан Артавасдыг ялж, түүний охин дүүг өөрийн хүү Пакоруст гэргий болгон авч, хуримаа хийж байх өдөр Армяны нийслэл Арташат хотноо иржээ.

Карфагений авъяаслаг жанжин Ханнибалд Канны тулдалдаанд МЭӨ 216 онд ялагдсанаас хойш Ромчууд ийм гутамшигт ялагдал хүлээж байсангүй. Цэргийн тал нь хядуулж, 10 000 нь олзлогдож, гурван ч сентурийн туг сүлд олзонд оржээ. Харин олзны 10 000 хүний хувь заяа хэрхсэн бэ гэдэг нь сонирхолтой асуулт юм. Зарим түүхчдийн үзсэнээр олзонд орсон Ромчууд ялан дийлэгчидтэйгээ ямар нэгэн хэмжээнд тохиролцоцгоож, Парфяны эзэнт улсын зүүн хилийг маналцахаар явсан бололтой ажээ. Ромын бүтэн легионыг шууд хядан цаазлахыг Парфянчууд зүрхэлсэнгүй, Ромын эзэнт гүрэнтэй удаан хугацааны мөргөлдөөнд орсоноо тэд ухааран ойлгож байлаа. Тиймээс олзны цэргүүдийг шалтгаангүй хядах нь Ромын зүгээс бүр илүү олон, илүү сайн бэлтгэлтэй арми өшөө хонзонгоо авахаар цөмрөн орж ирэх явдлыг урин дуудах аян шалтаг болуужин хэмээн болгоомжилсон ч байж мэднэ. Иймээс ч тэднийг Ромын цэрэг дахин хэзээ хэзээгүй орж ирэх магадлалтай баруун бүс нутагтаа болон бослого хөдөлгөөн гарвал аюултай төвийн бүс нутагтаа байлгахыг Парфяны хаан хүсээгүй бололтой ажээ. Олзлогдсон легион Парфяны зүүн хил рүү, одоогийн Афганистаны зүүн нутаг руу чиглэн одлоо.

Харин ялагч генерал Суренагийн хувь заяа сайхнаар эргэсэнгүй. Ромын түүхчдийн бичсэнээр Суренагийн нэр хүнд асар их өссөнд Парфяны хаан Ород II атаархах болжээ. Армяныг дарж, Ромын холбоотныг үгүй хийсний дараа цөлөөр Суренаг хайн бэдэрсэн Ромын цэргийг бутцохиж, алдар гавъяагаа хүртэх санаатай байсан Ородын төлөвлөгөөнд Сурена жанжны хэт санаачлагатай ажиллагаа, дийлдэшгүй Ромын армийг ялсан явдал саад болж, хааны уур хилэнг бадраасан байж мэдэх юм. Эсвэл ялалтаа байгуулаад нийслэл рүү эргэхийн оронд яагаад ч юм өмнө зүгийг чиглэн одсон Суренагийн үйл ажиллагаа хардлага, сэрдлэг төрүүлсэн байж ч мэднэ. Төрсөн эцгээ хөнөөж байж хаан ширээнд сууж, Крассын аян дайн эхлэхийн өмнөхөн төрсөн дүү Митридаттайгаа байлдаж, хаан ширээнд суух эрхээ хамгаалсан тэрээр ихээхэн хартай нэгэн байв. Иймээс ч дараа жил нь Сири лүү давшин орсон генерал Суренагийн эхний амжилтгүй байлдаануудыг далимдуулан түүнийг цаазлан хороох шийдвэр Ород гаргасан билээ. Суренаг нэн даруй цаазлав.

Красс ялагдсанаар Ромын засгийн эрхэнд байсан Триумвиратын тэнцвэрт байдал алдагджээ. МЭӨ 54 онд Помпей жанжныг бүчсэн хэсэг этгээдүүд маргаан үүсгэж, нэг нь түүний хувцас руу цус цацсан хэрэг гарсан билээ. Помпейг гэртээ харьсаны дараа цустай хувцсыг нь угааж суугаа зарцыг хараад Помпейн эхнэр жирэмсэн Юлия нөхрийг нь алчихаж хэмээн бодож, гүнзгий цочролд орж ухаан алджээ. Цочирсон Юлия цагаасаа өмнө төрж, төрөхийнхөө хүндрэлийг дааж чадалгүйгээр нас барж, Юлий Цезарийн ганц хайртай охин хорвоог орхин одлоо. Охины гэнэтийн үхэл Юлий Цезарь, Помпей хоёрын тэртээ тэргүй гүнзгий сэв суусан харилцааг улам муутгаж, тэд илээр зөрчилдсөөр Ромын Иргэний дайн болон хувирсан билээ.

Харин энэ үед Евразийн нөгөө өнцөгт бас нэгэн иргэний дайн болж байлаа. Төв Азийн өндөрлөгт хоёр зууны турш ноёрхож, хойд талдаа Байгаль нуур, өмнө талдаа Түмэн газрын цагаан хэрэм, зүүн талдаа Солонгосын хойг, баруун талдаа Туркестанд тулсан их нутгийг эрхшээж байсан Хүн гүрэн доройтон сульдсаар тал нутаг дахь ноёрхлоо алдаж байсан үе билээ. Хүн гүрний их шаньюй Сүүлүү жанжин (Хятад эхэд Xuluquanqu гэж тэмдэглэгдсэн) МЭӨ 60 онд нас барахад Хүннүгийн их гүрэнд засгийн эрхийн төлөөх тэмцэл хурцадсан билээ. Сүүлүүгийн бага хатан Жуанцү өөрийн эртний амраг баруун гарын ван Воянцүдитэй хуйвалдан, шинэ шаньюйг сонгох хуралдайгаас өмнө түүнийг Шаньюйгаар өргөмжилжээ. Хаан ширээг ёс бусаар залгамжилсан энэ явдал Хүннү гүрний дотор иргэний дайн дэгдээж, нэгэн зэрэг таван ноён өөрийгөө Шаньюйгаар зарлан гарч ирлээ. Засгийн эрхийг булаан авсан Воянцүди хаан ширээгээ алдахаас эмээж, Сүүлүү шаньюйгийн удмынхныг гадуурхан дарлаж эхэлсэн тул Сүүлүүгийн хүү Хуханье МЭӨ 58 онд бослого гарган тэмцэлдсэн билээ. Утга учиргүй харгислалд нь дургүйцсэн жанжид нь түүнийг хаян одож, Хуханьед нийлсэний тул Воянцүди аргагүй байдалд орж, амиа хорлосны дараа хаан ширээний асуудал дахин гарч ирлээ. Дайснаа дарсан Хуханье өөрийгөө шаньюй болох ёстой хэмээн үзэж байхад түүний ах Хүтүүсү ахмадын хувьд шаньюй болно хэмээн зүтгэжээ. Хуханье өөрийгөө шаньюйгээр зарласны дараа Хүтүүсү МЭӨ 56 онд бослого гарган, өөрийгөө Жижи шаньюй хэмээн зарлалаа. Хүннүгийн дотоодод иргэний дайны самуун дэгдэн Хуханьегийн удирдлагын дорх Өмнөд Хүннү, Хүтүүсүгийн удирдлагын дорх Хойд Хүннү болон хуваагджээ. Эхэндээ Жижи шаньюй амжилттай байлдаж, Хуханьег өмнө зүг рүү даран дутаалгасан боловч Хятадын Хан улсын дэмжлэгийг хүлээсэн Хуханье эргэн хүчирхэгжиж иржээ. Дотоодын дайн самуунаас дайжсан Жижи Шаньюй Хүннү гүрний уугуул нутгийн баруун хэсэгт төвлөрөх болж, Кангьюй омгийнхны дэмжлэгийг хүлээн авч, Усун, Динлин овгийнхныг дараад тэр бүст ноёрхох болжээ. Жижи Шаньюй өөрийн нутгийн баруун хэсэгт Талас мөрний эрэг дээр нийслэл хотоо байгуулсан юм.

Харин энэ үед Ромын дотоодод болж буй иргэний дайныг далимдуулан Парфяны шинэ эзэн хаан Пакорус Сирийг эзлэн авах бодолтой байв. Юлий Цезарийн аминд халдагсдын нэг Брутын талыг баримтлагч Сирийн захирагч Квинтий Лабенийг дэмжсэн Пакорус түүнтэй хамтран, Египтээс давших Марк Антонийн армитай тулалджээ. Марк Антонийн авъяаслаг жанжин Вентидий МЭӨ 38 онд Ром-Парфяны хамтарсан армийг бутцохиж, Пакорус хаан тулалдаанд алагдлаа. Парфяны хаан ширээг тойрон залагмжлагчийн асуудал үүсч, хаан нь Ромын цэргийн гарт үрэгдсэн явдал олзонд байгаа Ромын легионы хувьд асуудал болон гарч иржээ. Шинээр хаан болох хүн хэн нь тодорхойгүй, Ромын хүчин чадал мандан бадарсан энэ үед олзонд байгаа Ромчуудыг бослого гаргахаас урьдчилан сэргийлэн хядчих аюул тулгарсан нь ойлгомжтой. Иймээс легион захирагч Люций бослого гарган, дорно зүгт одох шийд гаргалаа. Эх орон нэгтэнтэйгээ учрахаар Парфяны эзэнт улсыг нэвт гарах боломжгүй байсан нь ойлгомжтой. Харин дорно зүг рүү одож, хаа нэгтэйгээс усан боомт олж, Ром руугаа далайгаар одох боломж хайхаар тэд шийджээ.

Парфяны харъяанаас бослого гарган зугтсан Ромын олзныхон бэдэрч явсаар Жижи Шаньюйгийн нутагт ирсэн бололтой. Хан улс болон дүүгийнхээ өмнөд Хүннү нартай тэмцэлдэж байсан Жижи Шаньюй цомхон боловч явган цэргийн байлдаанд сурцтай Ромын цэргүүдийг сонирхож, өөрийн хүчиндээ нэгтгэн авсан аж. Эх оронгүй болсон Ромын цэргүүд энэ үед үндсэндээ хөлсний цэргүүд болон хувирч амиа зогооход хүрчээ. Мервт туугдаж очсоноос хойш Жижи Шаньюйгийн нийслэлийг хамгаалах байлдаанд оролцох хүртлээ 17 жил олзонд байсан Ромчууд хаана юу хийж явсан тухай эх сурвалжийн мэдээ байдаггүй билээ. Харин шаньюйгийн нийслэл хотын тухай Хятадын эх сурвалжуудад тэмдэглэсэн мэдээллүүд дээр үндэслэн зарим эрдэмтэд хотын бэхлэлт Ромын цэргийн архитектурын хэв шинжийг хадгалсан хэмээн үздэг юм.

МЭӨ 44 онд Хан улс Жижи Шаньюйтай найрамдахыг чухалчлан барьцаанд байсан хүүг нь суллан илгээв. Хүүтэй нь барьцаанд байх үед ёс бусаар хандсан тухай яриаг сонссон, дүү Хуханьег нь илтээр дэмжиж буйг мэдсэн Жижи Шаньюй ихэд хилэгнэн Хан улсын элч нарыг цаазалсанаар хоёр улс дахин мөргөлдөөнд орох нөхцөл үүссэн билээ.

Хан улсын хааны ордонд гаргасан алдаанаас болж, эзэн хааны тааллаас гарсан их түшмэл Ган Яншоу МЭӨ 38 онд алс баруун хязгаарын захирагчаар томилогдон ирэв. Түүний цэргийн жанжнаар Шандун мужийн Жинин хотоос жанжин Чэнь Тан томилогдон иржээ. Чэнь Тан авъяаслаг цэргийн жанжин байснаас гадна ямар нэг том гавъяа байгуулж, албан тушаал өгсөхийг мөрөөддөг нэгэн байлаа. Жижи Шаньюйг энэ хязгаар нутагт бэхжиж буйг сэтгэл зовнин ажигласан Чэнь Тан Хүннү нар дахин хүчирхэгжвэл өрнө зүгтэй харилцах замыг боож хаасан Хан улсын цайзуудыг дайлах болно хэмээн зүй ёсоор хардаж эхлэв. Чэнь Таны мөрөөдөл, эрхэм их алдар гавъяагаар хааны ордонд буцаж очихыг санагалзан гансран суух Ган Яншоугийн санаашралтай давхцаж, Ар Хүннүгийн Жижи Шаньюйг бэхжихээс өмнө бутцохих төлөвлөгөө болон хувирчээ.

Чэнь Таны эхний саналыг Ган Яншоу няцаав. Хааны ордоны зөвшөөрөлгүйгээр Хүннү нарын эсрэг их цэрэг хөдөлгөх нь өөрөө ялтай хэрэг болох бөгөөд ялагдах ахул шууд цаазаар авахуулах ялд унана хэмээн тэрбээр болгоомжилж байв. Эзэн хаанд илгээсэн хүсэлтийнх нь хариу ирэхгүй хэдэн сар болж буй нь Ган Яншоуг ихэд зовооно. Хааны ордонд буй дайснууд нь “дайн байлдаан огт үзээгүй Ган Яншоу сүржигнэж, хүчирхэг Хүннү нартай зөвхөн ганц мужийн цэргээр дайтахыг санаархсан осолтой санал байна” хэмээн эзэн хааныг ятгаж, далдуур эртний өрсөлдөгчөө Хүннү нарын гарт үрэгдээсэй хэмээн мөрөөдөж суугааг тэрээр хэрхэн мэдэх билээ.

Чэнь Тан жанжинтай хэд хэд ярилцсаны эцэст залуу жанжин гавъяа байгуулахын тулд амь насаараа ч дэнчин тавихад бэлэн байгааг ойлгомогцоо Ган Яншоу хааны ордны хуйвалдаанд туршлагажсан хүний хувьд заль мэх зохиохоор шийдвэрлэжээ. Ган Яншоу хүндээр өвчилж хэвтэрт орсон хэмээн цуу тараагаад олонд үзэгдэхээ болив. Энэ үед Их эзэн хааны зарлигаар Ар Хүннүг дайлах болсон тухай Баруун хязгаарын захирагч Ган Яншоугийн тушаал гэгч хуурамч бичиг баримт үйлдсэн Чэнь Тан яаралтайгаар цэрэг цуглуулж эхэллээ. Мөн Хүннү нарт дарагдаж өстөн болсон Усун, Динлин нартай ч холбоо тогтоохоор элч илгээн бэлтгэлээ базаав.

МЭӨ 36 он гэхэд Чэнь Таны удирдлаганд 40 000 цэрэг цугласан тул Жижи Шаньюйг дайлах бэлтгэл хангагдлаа хэмээн тэрээр үзжээ. Талас голыг чиглэн хөдөлсөн Чэнь Таны армийн тухай мэдээ авсан Жижи Шаньюй өөрийн холбоотон Кангьюйгийн хааны морин цэргийн хамт давшиж яваа хятад цэргийн хүнс хангамжийн цуваг булаан авах оролдлого хийсэн ажээ. Хангамжийн цуваагаа алдсан Хятад цэргүүд байлдааны чадваргүй болно хэмээн тэрбээр тооцоолж байлаа. Хэд хэдэн тулгаралтаар Хятадын армийн хангамжийн цувааг нэг удаа булаан авсан боловч Хан улсын морин цэргийн довтолгоонд өртөж, хүнсний цувааг буцаан алджээ.

Хятад цэргийн үндсэн хүч Жижи Шаньюйгийн нийслэл хотод тулан ирэхэд модон цамхаг бүхий хачирхалтай бэхлэлт тэднийг угтан авлаа. Хотын модон хэрэмний урдуур хоёр эгнээ ирлэсэн модон шургаагаар хамгаалалтын хашаа босгожээ. Иймэрхүү бэхлэлт байгуулах ажлыг хээр талын нүүдэлчид мэддэггүй байсан бөгөөд энэ бэхлэлтийг босгоход олзны Ром цэргүүдийн инженерүүд тусалсан байх магадлал өндөр билээ. Хүннү нарын хэд хэдэн удаагийн шөнийн дайралтыг тэсэн гарсан Чэнь Таны цэргүүд Хүннүгийн нийслэлийг эзлэн шатаах бэлтгэлээ хангаж эхэллээ.

Том бамбайтай цэргүүдээр халхавчилсан нум сумт цэргүүдийг бэхлэлтийн хана руу илгээж, бэхлэлтийн ханан дээр байх хамгаалагчдыг харваж, өндийх боломжгүй болгомогц хятад цэргүүд модон ханыг шатаахаар түлээ өрж эхэлсэн аж. Энэ үед бамбайгаа загасны хайрс мэтээр үелэн барьж, дөрвөлжин хэлбэрээр жагссан содон хувцастай цэргүүд бэхлэлтийн хаалганаас гарч ирж, ханыг шатаах гэж оролдож буй хятад цэргүүдийг довтлон бутаргахыг харсан Чэнь Тан чамгүй их гайхлаа. Хүннү нарыг морин цэргийн байлдаанд гарамгай шаргууг мэдэж, сонссон авч явган цэргийн байлдааны ийм хачирхалтай арга барил хэрэглэдэг гэж тэрбээр сонсож байсангүй. Үхрийн ширээр хуяг хийдэг Хүннү нараас тэс өөр, төмөр дуулгатай, хөл гартаа төмөр хамгаалалттай, том дөрвөлжин бамбайтай ийм цэргийг урьд өмнө нь тэрээр харж байсангй. Чэнь Тан цэргийн бичээчид энэ явдлыг тэмдэглэхийг тушаагаад, дарга нартаа энэ хачирхалтай цэргүүдийг алж хядахыг урьтал болголгүй, амьдаар барихыг үүрэг болгов. Хүннү нар хаанаас ийм явган цэргийн байлдааны тактик сурсаныг тэрбээр мэдэж, их эзэн хаандаа айлтгаж, нэр хүнд олохыг хүсчээ.

Хэд хоног бэхлэлтийг шатаахыг оролдсон ч төдийлөн үр дүнд хүрч өгөхгүй л байлаа. Шөнөөр Кангьюйгийн морин цэргүүд хотыг бүсэлсэн хятад цэргийн хуаран руу дайрч, энэ завсар сиймхийг ашигласан хотынхон ханын нурсан хэсгийг эргэн сэргээн босгоод байлаа. Нүүдэлчин хүннүчүүд шөнөөр хотын шатаж нурсан ханыг сэргээгээд байгаа нь хятадуудын гайхлыг чамгүй төрүүлж, хэрхэн инженерийн барилга байгууламжийн ийм мэдлэгтэй болсоныг тааварлахдаа хятадын олзны инженерүүд ажиллаад байгаа юм болов уу хэмээн таамаглаж байв.

Бүслэлтийн гуравдахь өдөр хотын хэрмэн дээрээс харвалдаж байсан Жижи Шаньюйгийн нүдэнд хятад харваачийн сум санаандгүй тусчээ. Хүнд шархадсан Шаньюйг нэн даруй хэрмээс буулгаж, ордонд нь аваачиж асарсан боловч шархны хүндээ даалгүй нас барлаа. Шаньюй алагдсан нь хотын хамгаалагчдын сэтгэл санааг алдагдуулан, маргааш нь Хан улсын цэрэгт бууж өгөв.

Мянга гаруй олзлогсдыг бүртгэж үзэхэд нөгөө хачирхалтай цэргүүдээс 145 хүн олзонд орсон тухай Чэнь Тан жанжинд мэдээлжээ. Чэнь Тан нэн даруй олзлогсод дээр очиж, тэднийг сохирхон харлаа. Бүх бие нь хөө хуягласан, хөлний хуяган хамгаалалттай, хятадуудын өмнө нь үзэж байгаагүй сонин хувцастай, өндөр нуруутай, шаргал үстэй, ногоон, цэнхэр нүдтэй энэ хачин эрсийг хятад цэргүүд ихэд сонирхон сонжиж харагдана. Чэнь Тан эдгээр цэргүүдийг бусад озлныхноос тусад нь, хангамж сайтай байлгахыг тушааж, Хан улсын эзэн хааны ордонд ялалтын мэдээгээ хүргэхдээ хачирхалтай цэргүүд олзолсон тухайгаа мэдээлэхээр шийджээ.

Ган Яншоу, Чэнь Тан нарын ялалт Хан улсын хааны ордонд ихээхэн маргаан дэгдээв. Хойд Хүннүгийн эсэргүүцлийг бүрмөсөн дарж, Жижи Шаньюйг устгасан явдал нь шагнан урамшуулах ёстой хэрэг боловч хааны зарлиггүйгээр дур мэдэн цэрэг татаж, дайн хийсэн явдалд нь гарцаагүй ял асуух ёстой байлаа. Удтал маргалдсаны эцэст мань хоёрт шагнал ч олгохгүй, ял ч тулгахгүй байхаар шийдсэн юм. Гэвч Ган Яншоугийн өмнөх ялыг хэрэгсэхгүй болгон, ордонд үлдээж, Чэнь Тан аймшигт Хүннү нарыг дарсан баатар жанжны дүрээр Хятадын цэргийн түүхэнд үлджээ. Чэнь Таны олзолсон хачирхалтай цэргүүдийг Ромчууд гэж мэдэж авсаны дараа тэднийг Түвдийн хил орчимд Гансу мужид байх цайзад суурьшуулахаар шийджээ. Энэхүү цайзыг хожим Лицуан хот хэмээн нэрлэх болсоныг зарим эрдэмтэд легион (италиар legio) гэсэн нэрний хятад дуудлага болов уу хэмээн таамагладаг ажээ. Манай эриний 9 онд уг хотыг Жиелу гэж нэрлэсэн нь “хотын дайралтанд олзлогдогсод” гэсэн үг байж болох юм хэмээн үздэг байна. 6 дугаар зууны үеэс хотыг Лицуан ч биш, Жиелу ч биш, Жиелайжай гэж нэрийдэх болжээ.

2005 онд энэ хотын уугуул иргэдийн дунд хийсэн ДНК-ийн судалгаагаар хачирхалтай өндөр хувь нь кокэшиан буюу Европ гаралтай гентэй болохыг тогтоосон бөгөөд одоо ч энд ногоон, цэнхэр нүдтэй, хятад хан үндэстэнд байхааргүй өндөр хамартай хүмүүс таарах нь элбэг аж. 2006 онд Монгол улсын Баян Өлгий аймгийн Улаанхус суманд хийсэн малтлагаар гарсан эртний Ромын аяга сенатор хүний аяга болох нь тогтоогдсон бөгөөд энэ малтлагаар гарсан эмэгтэй хүний цогцсын үсэнд химийн анализ хийж үзэхэд фосфор их агуулсан байсан нь 80% загасан хүнстэй хүн болох нь тогтоогджээ.

Баруун Алтайн ууланд олдсон загасан хүнстэй бүсгүйн цогцос Ромын жанжин Люцийгийн гэргий Персийн гүнж мөн үү? Булшнаас гарсан Ромын сенаторын аяга Ромын олзны легионы командлагч Люцийгийн аяга мөн үү? Ромын цэрэг алсын алс Дорнодод Хүннү нартай хамтран Хан улсын цэрэгтэй байлдсан уу? Түүхийн энэ учир битүүлэг тааврын хариу илрэх өдрөө хүлээсээр л байна.

Энэ үйл явдлаас хойш даруй 16 жилийн дараа МЭӨ 20 онд Ромын эзэн хаан Август Октавиан Парфяны хаан V Фраатыг бутцохисны эцэст Крассын легионуудын алдсан туг, штандартуудыг буцаан авчээ. Энэ туг, штандартуудыг Ромд хүргэн ирсэн цэргүүдийн дунд буурал толгойтой нэгэн өвгөн хүрэлцэн ирсэн нь анх Крассын цэрэгт яваад сураггүй алга болсон нэгэн байсан гэлцдэг. Хүний нутгаар бух насаараа тэнүүчилсэн тэр өвгөнөөс алс холын хүчирхэг дайчин Хүннү гүрэн, хязгааргүй баян Хан улс, эд баялаг, торго дурдангийн тухай ам ангайн сонссон Август Октавиан хаан тэр үлгэрийн юм шиг баян Хан улстай наймаа хийх элч томилохыг зарлигдаж байсан түүхтэй…

Марк Крассын алдагдсан легион Их торгоны замаар 33 жил тэнүүчилсэн гунигт түүх энэ буюу…

Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.