Барилгын салбарын мэргэшсэн сайд

Барилгын салбарын мэргэшсэн сайд

У.Хүрэлсүхийн танхимын гишүүд дотор төрийн албанд хамгийн удаан ажилласан хүн бол Б.Мөнхбаатар. Өнгөрсөн хугацаанд олон ч салбарын сайдад яригдаж ирсэн.

Гэвч  улс төрийн дэмжлэг “багатай”  гэгддэг. Энэ  удаа салбараа мэддэг, тогоонд нь чанагдсан  хэмээн сайдаар томилсон. Түүний хувьд  Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажилласан туршлага бий.

Улс төрийн замналыг  авч үзвэл тэрээр  1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар нам, улс төрийн ажилд хөл тавьсан байдаг. Магадгүй  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Я.Содбаатар нартай хамт МАСОХ-ноос хамтдаа  улс төрийн гараагаа эхлүүлсэн байж мэднэ.

Үүний дараа буюу  2001-2002 онд  Нийслэлийн МАХН-ын хорооны улс төрийн ахлах ажилтан болсон.  2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллах үеэс олон нийтэд өөрийгөө таниулж эхэлсэн.  2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,   2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогчоор суга дэвшсэн.

2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” компанийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс Оюу толгой” компанийн  гүйцэтгэх захирал, 2019 оноос  Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад  2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд  МАН олонх болсноор салбарын сайдаар томилогдсон.

Б.Мөнхбаатар сайд тамгаа гардаж авахдаа  “Ирэх дөрвөн  жилийн хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарыг шинэ шатанд гаргахад онцгойлон анхаарч ажиллана” хэмээн онцлон тэмдэглэсэн. Албаа хүлээлгэн өгсөн өмнөх сайд Х.Баделхан “Мэргэжлийн хүнд ажлаа хүлээлгэн өгч байгаадаа итгэл дүүрэн байна” хэмээн хэлсэн.

Тэгэхээр  МАН-ын 2020 оны сонгуулийн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан барилгын салбартай холбоотой бүх асуудлаарх хэрэгжилт, үр дүнг нь түүнээс нэхэж болно гэсэн үг. Тухайлбал, энэ удаа МАН-аас  иргэд, сонгогчдод  өгсөн хамгийн том амлалт бол ипотекийн зээлийн тогтолцоогоо өөрчилж, зөв бодлого хэрэгжүүлэх тухай юм. Мөн жилийн 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл бий болгоно гэсэн.  Тэгвэл өнөөдөр Монголын нийт өрхийн 70 хувь  нь гэр хороололд амьдарч байна. Иргэн хүн өөрийн хашаанд тав тохитой  сайхан амьдрах боломжийг нь олгох ёстой. Бага орлоготой, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр бий болгох нь салбарын яамны хүлээх үүрэг,  салбартаа хуучин хүн хэдий ч шинэхэн сайд Б.Мөнхбаатарын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил юм.

Барилгын салбарын балансжуулж, хөгжүүлэх шинэхэн сайд Улаанбаатарын унаган хүүхэд. 1975 онд төрсөн. Мэдлэг, боловсролоор  танхимын сайд нараас дутахгүй, заримыг нь  ардаа орхих нэгэн. Тэрээр 1992 онд Төв аймгийн II дунд сургууль,  1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультет,  2003 онд МУИС-ийн   Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн.

Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Удирдах алба ажил хашсан түүнийг сайн дарга, снаачилгатай, зохион байгуулах авьяастай хэмээн нам дотроо үнэлдэг юм билээ. Энэ удаа хэр итгэл хүлээж, ямар ур чадвар үзүүлэхийг нь  Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт суусан салбарын асуудлаа хэрхэн биелүүлэхээс нь харагдах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.4 БААСАН № 171 (6396)


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.