ХЭВЛЭЛИЙН НИЙГМИЙН ҮҮРЭГ

ХЭВЛЭЛИЙН НИЙГМИЙН ҮҮРЭГ

Улаан бал бол манай  өнөөгийн хэвлэлийн нүүр царайг тодорхойлох, хамгийн их үзэгчтэй контэнтуудын нэг. Ямар нэг сэдэв шуугиан тарьж, баримт дэлгэгдэн, эсэргүүцэл өрнөхтэй зэрэгцэн тухайн үйл явдалд холбогдогч тал Улаанбалын хоймор заларна. Эцэст нь өнөөх холбогдогч ер гэмгүй, харин ч ухаантай, мундаг, бараг баатар хүн болж дуусах нь цөөнгүй. Харин бусад оролцогч талын байр суурь орхигдсон чигтээ үлдэж, ил далд маргаан, талцал үргэлжилнэ. ЗХУ-н бутралын үед оросын сувгууд “Масктай хүн”, “Миний гэр бүл” гэхчлэн иймэрхүү ток шоугаар дүүрч байсныг санах хүмүүс өнөө хэр бий. Аливаа улсын хэвлэл ямар статустай байхаас үл хамааран нийгмийнхээ өмнө хүлээсэн нэгдмэл үүрэгтэй байх нь түгээмэл. Харин манайд?

1990-ээд оны дундуур ОХУ-н телевизийн нэг томоохон сувгийн хувьцаа эзэмшигч олигарх Москвагийн Их Сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ “Мэдээ, хөгжөөн цэнгүүлэх контэнт бол бараа. Манай телевиз арилжааны суваг. Ард түмний соён гэгээрэл, хүмүүжлийн асуудлаар бидэнд хандах ч хэрэггүй” (Телевизийн сэтгүүл зүй. Сурах бичиг. Москвагийн Их Сургууль 2005. 10-р хуудас) хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл сэтгүүл зүйн сургуулийн багш нарын дунд халуун маргаан дэгдээж, Ростовын Их Сургуульд суралцаж байсан манай ангийнхны дунд ч ширүүн мэтгэлцээн болж билээ. Тэрхүү цаг үе өнөөдөр бидний өмнө тулжээ.

Хэвлэлийн нийгмийн үүргийг олон нийтийн хүлээлттэй уялдуулан шинэчлэн тодорхойлохоор мэтгэлцэж байсан хойд хөрш маань асуудлаа хэрхэн шийдсэн бэ? Октябрийн хувьсгалаас хойш ил тод байдал, өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэх хүртэл “Хэвлэл бол нийтийн суртал нэвтрүүлэгч, нийтийн ухуулагч төдийгүй нийтийн зохион байгуулагч мөн” хэмээх В.Т.Лениний үг энэ салбарын үүргийг тодорхойлж байв. Энэхүү тодорхойлолт манай хэвлэл мэдээллийн түүхтэй мөн нягт холбоотой. Олон талт хэдий ч нэгдмэл нийгмийн тогтолцоог бэхжүүлэхэд суртал ухуулагч хэвлэл үүргээ муугүй гүйцэтгэж ирсэн. Гэвч суртал ухуулга нь үйлчилж буй улс төрөөсөө дээгүүр орших боломжгүй. Улс төр  өөрчлөгдөж, хэвлэл ч байр сууриа шинээр, бие даан тодорхойлох боломж нээгдсэн юм.

ЗХУ-н их бутралын дараа буюу 1990-ээс 2000-аад оны эхэн хүртэл оросын хэвлэлийн нийгмийн үүрэг алдагдан, удирдлагагүй болж, арилжааны шат руу шилжсэн. Телевизүүд хандалтаараа өрсөлдөн, “түмний юу хүссэнийг үзүүлэх” уралдаан өрнөж байв. Зурагтын эфирийг оюун санааны элитүүд биш харин цаг үеийн элитистүүд эзэгнэн ханхалзаж байлаа. Тэдний худалдаж авсан, бүлэглэн хувь эзэмшдэг сувгууд борооны дараах үүл мэт олширсон. Хэн дуртай нь нэвтрүүлэг хөтөлж, ашиг сонирхлын бүлгүүдийн гар хөл болж, болж бүтэж байгааг ч үгүйсгэн харлуулах арга саам олж, өөрсдөө сайн муу алинаар боловч нэрд гарч, тэр хэрээр нийгэм нь хагаран бутарч, хүмүүс итгэл найдвараа алдан, уруудан доройтож байлаа.

Удалгүй эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө тэмүүлж буй ард түмний ашиг сонирхол бол оюун санааны эрхэмлэл шингэсэн хэвлэл юм хэмээн ухаарч, хэн тэрнийг зохицуулах тухай өргөн хэлэлцүүлэг өрнөв. Энэ агшныг төр нь овжноор ашиглан, хэвлэл мэдээллээ чөдөрлөж авах аян эхэлсэн. Бүлэглэл, бизнесийн нэгдлүүдийн өмч болоод байсан сувгуудыг төр хүчээр буцаан авч, шинээр суваг нээх зөвшөөрөл олгохдоо үндэсний эрх ашигт нийцүүлэх тодорхой болзлуудыг тулгадаг болов. Эдүгээ ихэнх том сувгуудын тавиас дээш хувь төрийн мэдэлд, үлдэх хэсгийн ихэнхийг Олон нийтийн мэдээллийн корпорац хэмээх төрийн мэдлийн байгууллага эзэмшиж, үлдсэн багахан хувийг нэгдэл, компани, хувь хүмүүс эзэмшдэг. Үр дүнд нь үндэсний томоохон сувгууд санхүүгийн асуудлаа бүрэн шийдсэн. Гэвч үндэсний эв нэгдэл, язгуур ашиг сонирхлоор бамбай хийсэн төрийн хяналт дахин үйлчилж эхэлсэн. Эдүгээ нийгмийн сүлжээ л оросын хэвлэлийн эрх чөлөөг төлөөлж буй.

Манай урд хөршийн хувьд бас өөр. Хэвлэл нь бие даасан тогтолцоо болон бүрэлдсэн цагаасаа коммунист намынхаа дуу хоолой болж, төрийн бүрэн мэдэлд хэлбэржиж ирсэн. Сэтгүүлчид нь амьдралын баталгаатай, нэр хүндтэй, бүтээлч байхын эрэлд хатах шаардлагагүй. Нийгмийн задрал, шилжилт гээд хойд хөрш манай хоёрынх шиг өөрчлөлт нэрвэчихгүй л бол тэд ая тухтай амьдрангаа ухуулгаа хийж, соён гэгээрүүлж, хөгжөөн баясгасаар байх болно.

Хоёр хөршөөс гадна нийгмийн байгууллын  тоймгүй олон үе шатуудыг туулж, тэр хэрээр хэвлэл мэдээлэл нь хэлбэржин төлөвшиж ирсэн барууны сэтгүүл зүй бидний бас нэг ажиглах өнцөг. Олон тэмцлийн дунд бойжсон тэд бие даасан сэтгүүл зүйн сонгодог хэлбэрийг тодорхойлж буй. Барууны хэвлэл нийтийн эрх ашигт үйлчлэх суурь зарчимтай. Энэ зарчим нь тэдний амжилт, нэр хүндийн баталгаа болдог учраас тэр. “Сөргөлдөөнийг хэлэлцүүлэгт урвуулах” явдал бол барууны хэвлэлийн үндсэн дүрэм. Олон нийтийн статустай хэвлэлийн нийтлэлийн бодлого бүр ч тодорхой. Энгийнээр бол  хүний амьдралд ямар мэдээллүүд хэрэг тустай, харин ямар мэдээллүүд ач холбогдолгүй вэ гэдгийг ялгаж салган мэдээлнэ гэсэн үг. Жишээ нь АНУ-н олон нийтийн статустай PBS-г зарим хүмүүс уйтгартай гэдэг ч олон нийтийн дунд хамгийн итгэгдсэн сувгаар нэрлэгдэж ирсэн. Ковидын халдварын мэдээллийг PBS дамжуулахдаа тархалт, шинж тэмдэг, хэрхэн сэргийлэх, вирус нэгэнт илэрсэн тохиолдолд хаана хандах, эдгэрэлтийн хувь, вакцин бүтээх үйл явц гэх мэтээр бүх л талбаруудаа ашиглан олон нийтийг тэгш, хүртээмжтэй мэдээлэлжүүлэх замаар халвараас сэргийлэх, хэвийн ажиллаж амьдрахад нь туслах байр суурьтай ажиллаж байна. Харин арилжааны сувгуудын хувьд дээрх мэдээллүүдээс гадна Ерөнхийлөгчийн авч буй арга хэмжээ, алдаа оноо гэхчлэн өөр өөрсдийн бодлогыг давхар шингээж буй нь анзаарагддаг.

Телевизийн сэтгүүлч байна гэдэг өөрөө зөрчилтэй ойлголт. Нэг талаар мэдээ, төсөрхөн энтэртаймэнтийг эхлэн суралцагч ч хийчиж дөнгөнө. Гэвч нөгөө талаар, олон талын байр суурийг чадмаг тусгасан, анхаарал татахуйц хэр нь ёс зүйн мэргэжлийн хэм хэмжээг чанд мөрдсөн мэдээ тогтмол бэлдэнэ гэдэг  оюуны хийгээд сэтгэл зүйн асар их ачаалал билээ. Хэн ч хийчихэж чадах мэт ажлыг хэн хүнгүй туршиж үзсэнийхээ дараа ямар цөөхөн жинхэнэ сэтгүүлч байдгийг ухаарсан гэж хойд хөршийн Журналист сэтгүүлээс уншиж байв.

Нийгмээсээ дээр сэтгүүл зүй гэж үгүй. Сэтгүүл зүй бол нийгмийнхээ толь гэх нь бий. Гэвч эдүгээх дэлхийн эмзэг мэдээллийн орчилд үндэстнийхээ ашиг сонирхолд нийцсэн хэвлэлийн бодлоготой болж, хэвлэл мэдээлэл нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байх нь аль ч улсын хувьд чухал. Жижиг оронд чухам чухал. Тал талдаа суурь асуудлаа ойлгож, сэтгүүл зүйн нийгмийн үүргийг тодорхойлох цаг болжээ. Төвөгтэй ч зайлшгүй! Хэвлэлийн нийгмийн үүрэг тодорхой газар сэтгүүлч өөрөө байр суурь, хариуцлага, эрхэмлэл, ёс зүйн асуудлаа ухаарчих боломжтой.

 С.Энхцэцэг


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.