Охиноо алдсандаа шаналж амиа хорлосон Роберт Энкегийн эмгэнэлт түүх

Охиноо алдсандаа шаналж амиа хорлосон Роберт Энкегийн эмгэнэлт түүх

Үхлийг хүний төгсгөл гэж бодвол Роберт Энке өөртөө хамгийн зовиурт төгсгөлийг оноосон. Бяцхан охиноо алдсанаас хойш гурван жилийн хугацаанд дотроо шаналж, өр эмтэрч явсан нь хурдан галт тэргэнд дайруулж амиа алдах тэр хэдхэн агшнаас хавьгүй урт, зовиур шаналантай байсан биз. Зовлон гашуудалд унасан хүн гадагшаагаа бус дотогшоогоо хашгирдаг гэх үг бий.

2009 оны арваннэгдүгээр сарын 10-нд Германы “Ханновер”-ийн хаалгач Роберт Энке гэрийнхээ ойролцоо галт тэргэнд дайруулан амиа хорлосон. Тэрээр 2008/09 оны Бундеслигийн шилдэг хаалгачаар нэрлэгдэж, 2010 оны ДАШТ-д шигшээ багийнхаа үндсэн хаалгачаар очих боломж байв. Гэвч 32 настай Энке Дэлхийн аваргыг зорих замыг бус харин ертөнцөөс явах замыг сонгосон юм.

“Шигшээ багийнхаа манлайлагчдын нэгийг бид алдлаа. Үүнд эргэлзэх ч юм үгүй. Ирэх ДАШТ-д түүнийг л Германы нэг дугаарыг авна гэж би бодсон” хэмээн Дитмар Хаманн өгүүлжээ.

Харин “Ханновер”-ийн ерөнхийлөгч Мартин Кинд “Аймшигтай явдал боллоо. Яагаад ингэснийг би бодоод ч олохгүй юм. Ямартай ч хөлбөмбөгтэй холбоогүй байх” гэж мэдэгдсэн.

“Ханновер”-ийнхан Энкегийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, багийнхаа 1 дугаарыг үүрд дархалсан юм.

Харин гэрт нь түүний эхнэр, мөн хэдхэн сарын өмнө үрчлэн авсан бяцхан охин нь үлдэж хоцров. Өргөмөл охин нь Энкегийн сэтгэлд төрсөн охин Ларагийнх нь орон зайг нөхөж чадаагүй хэрэг.

2004 онд Энке охинтой болж, хөл газар хүрэхгүй баяртай явлаа. Гэтэл охиных нь бие муудаж, 2006 онд зүрхний хагалгаа хийлгэх болжээ. Бяцхан зүрх хагалгааг даасангүй…

“Ийм хагацалтай эвлэрэхийн аргагүй. Ийм зовлонг хүн дотогшоогоо залгиж л чадна уу, гэхээс хэзээ ч мартаж чадахгүй. Талбай дээр гарахдаа л би охиноо мартдаг. Тэнд би ялалтын төлөө өөрийгөө хурцалдаг” гэж Энке нэгэнтээ өгүүлсэн удаатай. Охиноо өөд болсноос хойш Энке эзэнгүй, хоолгүй нохдыг хооллож зогсоог хөршүүд нь олонтаа харсан гэдэг.

Роберт Энке гэр рүүгээ харих замдаа машинаа галт тэрэгний замаас арваадхан метрийн зайд тавиад гарч алхжээ…Түүний амийг160 км/цагийн хурд авсан галт тэрэг авч одсон юм. Энкегийн амиа хорлосон газраас хэдхэн зуун метрийн зайд охин Лараг нь хөдөөлүүлсэн оршуулгын газар байлаа.

“Гэнэт л нэг хүн зам дээр гараад ирсэн. Хичнээн чадлаараа тормоз татлаа ч гэсэн галт тэргийг зогсоох аргагүй байлаа” гэж машинист хэвлэлд ярьсан.

“Хөлбөмбөгөөс өөр юм хорвоод байдаг гэдгийг би түүнд мөн ч олон удаа ойлгуулахыг хичээсэн. Гарцгүй үе гэж байдаггүй гэж хэлдэг байлаа. Хоёулаа хамтдаа охиноо алдсан зовлон гашуудлыг давж гарахыг хичээсэн. Магадгүй тэр минь охиноо алдсандаа мөн ажлаа алдахвий гэсэндээ хэтэрхий их шаналж, дэндүү өндөр хариуцлагаар өөрийгөө тамладаг байсан байх” гэж бэлэвсэн эхнэр нь өгүүлжээ.

Роберт Энкег эхэндээ золгүй тохиолдлоор нас барсан байж магадгүй гэж таамаглаж. Гэвч гэртээ зурвас үлдээсэн нь бүхнийг тодорхой болгожээ. Захидалдаа Энке гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсээс уучлалт хүссэн үгсээ бичсэн байна.

“Тэр өдөр Энке над руу залгасан. Ер нь 2003 оноос хойш сэтгэлзүйчид хандах болсон. Гэр бүл, ажлаа алдахвий гэх айдас түүнийг бүрэн нөмөрсөн байлаа. Гэлээ ч эмнэлэгт хэвтэхээс татгалзсан. Олон мянган фанатуудынхаа өмнө дорой доожоогүй нэгэн болж харагдахыг хүсээгүй. Тэр өдөр ч гэсэн ярихад нь би эмнэлэгт хэвтэх хэрэгтэйг нь сануулсан. Гэлээ ч бас л татгалзсан” гэж сэтгэлзүйч Валентин Марксер өгүүлсэн ажээ.

Роберт Энкегийн үхэл олныг цочирдуулж, хүмүүс өөрийн бодлоо хэлцгээсэн. Тухайн үед “Штутгарт”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан нэрт хөлбөмбөгч Маркус Баббель ингэж хэлсэн юм. “20 жилийн өмнө миний ах яг ингэж амиа хорлосон. Тэгэхэд би 17-той, ах 21-тэй байсан. Галт тэргэнд дайруулахыг тэр илүүд үзсэн” гэж Баббель хэлжээ.

Бразилын нэрт довтлогч Адриано ч мөн амиа хорлох сэдэл санаа байнга төрдөг байсан үеэ дурсчээ. “Спортын ертөнцөд сэтгэл хямрал их байдаг. Тамирчид түүнийгээ нуудаг. Тэд олны өмнө баатрууд шиг харагдахыг хичээдэг. Гэвч үнэндээ жирийн л хүмүүс шүү дээ. Надад ч гэсэн амиа хорлох бодол байнга төрдөг байсан үе бий. Эцгээ алдсаны дараагаар би өөрийгөө алдсан. Хэн болох, юу хийхээ ч мэдэхээ больсон. Архи ууж, бүхнийг мартахыг л хичээх болсон. Тийм үед ухамсар хариуцлагын тухай ярих ч хэрэггүй болдог” гэж Адриано ярьсан юм.

Жозе Моуриньо ч үг хэлсэн. Тэр цагтаа Энкетэй хамт ажиллаж байсан учраас бодлоо дэлгэжээ. “Энэ тухай сонсоод би балмагдалд орсон. Үнэхээр төсөөлөөгүй зүйл. Энке их тайван, бүр флегматик темпераменттай залуу шиг надад санагддаг байсан. Энкег бухимдуулах ямар ч боломжгүй мэт санагддагсан. Үнэхээр төсөөлөхийн аргагүй юм” гэж Моуриньо өгүүлжээ.

Энке “Барселона”-д байхдаа л сэтгэл зүйчид ханддаг байж. Тэр хөлбөмбөгчийн хувиар тоглох боломжгүй болох, гараанд гарахгүй байх зэрэгт их ач холбогдол өгч, үүнтэй холбоотойгоор шаналдаг байсныг эмч нь ярьсан байдаг.

Энкед юу байгаагүй гэх вэ? Сайхан эхнэр, үнэтэй машин, алдар нэр, хайртай хөлбөмбөг, айсуй ДАШТ гээд бүгд л байж. Гэвч тэр энэ бүхнээс татгалзсан.

За, одоо гашуудалт түүхээс жаахан хальж Энкегийн сайхан дурсамж руу хамт өнгийе.

“Би хар багаасаа л хөлбөмбөгт дурласан. Эмээ аав хоёр маань хөлбөмбөг тоглоно. Би хаалгач хийнэ. Хаалга маань жирийн нэгэн цэцэрлэгт ургасан хоёр модны хоорондын зай. Эргэн тойрон амар амгалан, аз жаргалтай байж билээ” хэмээн тэр ярьсан нь бий…

Эмээдээ, хайртай бяцхан охин Ларадаа Энке очоод хамтдаа цэцэрлэгт хөлбөмбөгөө тоглож, бяцхан охиныхоо өшиглөсөн бөмбөгийг хаахаар үсэрч, инээж зогсоо ч юм билүү…

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.