МАНАЙД ЗОЧИЛСОН САНСРЫН НИСГЭГЧ

Тэр орой аав минь дүү бид гурвыг хэд хоног нойргүй хо­нуулж мөрөөдөлд умбуулах үг хэллээ. “Сансрын нисгэгч Ж.Гүр­рагчаа манайд ирнэ” гэж хэлсэн тэр үг бидэнд ямар ч том бэлэг авч өгс­нөөс илүү гайхал­тай сайхан сон­согд­сон юм. Бид түүнийг ирнэ гэж догдолж, байд­гаараа л бэлтгэл базаав. Тэр ирсэнгүй. Орой нь аав “ажилтай байсан гэнэ” хэмээн тайлбар хэлэв. Дахиад л маргааш нь хичээлээ эртээ тараад гэрээ цэмцийтэл цэвэрлээд хүлээ­лээ. Ирсэнгүй. Нас ойрхон болоод ч тэр үү дүү бид гурав байнга хоорон­доо муудалцдаг байсан ч сансрын нисгэгчийг хүлээсэн тэр өдрүүдэд бид хэзээ ч бай­гаа­гүйгээрээ эвтэй байв. Би эгч шиг эгч байж, дүү нар маань ч хэлсэн үгнээс гарахгүй жигтэй­хэн чих зөө­лөнтэй болчих­сон байж билээ. Гурвуулаа хэрэн­дээ гангалж, үс зүсээ янзлав. Ши­рээн дээр зассан тавагтай чихэр өөр өдөр бол нүд ирмэх зуурт алга болох байсан биз. Бид харин тэр өдрүүдэд ил орхисон чихэрт ам хүрэх нь бүү хэл гар ч хүрээгүй юм даа.

Яагаад гэвэл тэр чих­рийг сансрын нис­гэгч ахад амсуулах учраас. Гэвч түүнд дахиад л ажил гараад ирсэнгүй. Бидний тэвчээ­рийн хүлээс тасрах шахлаа. Юунд ч юм итгэл алдарч, гомдол төрөөд байлаа. Өрөөнүүдийнхээ хаал­ганы шилийг тэсгээдэггүй сахил­гагүйтдэг байсан бид олиг­тойхон чанга ч дуугарахгүй болчихсон байсан юмсан. Санс­рын нисгэгч ахыг тэвчээр­тэйхэн хүлээ­сэнсэн. Хүлээсэн өдрүүд бараг гарын та­ван ху­руунд багтах шахлаа. Орой болж унтах тал руугаа хандаж байтал аав нэг хүнтэй дуу шуу болсоор ороод ирлээ. Сансрын нисгэгч манайд хүрээд иржээ. Тэвчээр алдаг­даад гэрээ жаа­хан муухай бол­госон бид хэсэг ал­майрч зогсоод гэнэт хурдан хөдөл­гөөнд оруул­сан юм шиг хэнийг ч хэлээгүй байхад дуул­га­вартай нь аргагүй хамаг юмаа эмхлэв.

Монголд тэр үед түүнээс өөр алдартан байгаагүй биз. Одоо­гийнхоор бол Ж.Гүррагчаа жин­хэнэ од байсан юм. Түүний тухай дуу шүлэг цээжлэн холын одны тухай орчлон дээр тэр л ган­цаараа мэдэж байгаа гэж итгэдэг байлаа. Гэтэл од, сар­тай уул­заад ирсэн дэлхий­гээс гадуур нисээд ирсэн нөгөө мундаг ах манайд иржээ. Тэв­хийсэн дү­рэмт хувцастай түү­ний өмдний улаан кант хичнээн гоё харагдаж байсан гээч. Бас аймаар том бие­тэй санагдав. Зөөлөн инээм­сэг­лэсэн тэр ах шиг тийм том биетэй хүнийг би урьд өмнө нь хэзээ ч хараагүй юм шиг. Дөнгөж сансраас буу­гаад манайд ирсэн юм шиг, нэг л хачин шинэ мэд­рэмж төрөөд болдоггүй ээ. “Санс­рын нисгэгч Гүррагчаа” амандаа ингэж шив­нэ­сэн бид сэтгэл ханасан аятай тэрүүхэн буланд нөгөө хүний хөдлөх бүрийг ажиглан суув. “Ма­най хүүхдүүд. Таныг ирнэ гэж хэд хоног нойргүй шахам хүлээж бай­гаа юм” гэж аав бидэн рүү дохингоо хэлж нөгөө ах бидний толгойг илээд “За тэгээд одоо санаа амрав уу, яг ирэх гэхээр ажил ихтэй байж таараад удчих­лаа” гэж өөрийгөө буруут­гах, биднээс уучлал эрэх хоёрын аль нь мэдэгдэхгүй тайлбар хэлээд ширээнд суув. Ээж мөнгөн аяга­тай цай барьж нэлээд санд­рангуй үйлчилж байлаа. Аав тэр хоёр элдвийг хуучлах боловч тэдний яриа­наас илүү тэр хүн л бидний анхаарлын төвөөс га­рах­­гүй бай­лаа.

“Цайгаа уучих­лаа. Хийц­тэй цайны будааг идэж бай­на” гэж дүү маань чихэнд шивнэв. “Бууз гараараа барьж идэж байна” гэж би бас шивнэв. Бид гуравт тэр жирийн хүн шиг байгаа нь илүү хачин санагдаж байв. Яагаад ч юм бусдаас өөр байна. Ямар нэг юм нь өөр л байх учиртай шиг хараад л байлаа. Сайхан хоолойтой тэр хүн аав­тай минь элдвийг хүүр­­нэ­сээр л суув. Сансрын нисгэгчийг амь­даар нь харсан, биширч алмайр­сан тэр орой дуусч тэрээр явах боллоо. Түүнийг явснаас хойш нойр хулжжээ. Аав дүү бид гурвыг нэг их хайрласан харцаар хараад ээжид хандан “Энгийн сайхан хүн байгаа биз” гэлээ. Ээж дуугүй л толгой дохив. Сансрын нисгэгчтэй уулзах мөрөөдлийг минь биелүүлж, тэр мундаг хүнийг гэртээ авчирсан боло­хоор аав их л додигор бай­лаа. Хурдан өглөө болоосой. Ангийн­хандаа очоод ярих юм­сан. Юунаас нь эхэлж ярих билээ.

Өглөө ч боллоо. Сэтгэл дог­дол­­сон амьтан сургууль руугаа цагаа­саа эртээ очив. Мэнд ч мэдэлгүй шууд л нэг ширээнд хамт суудаг Викторт “Өчигдөр манайд санс­рын нисгэгч Гүр­раг­чаа ирээд” гэж хэлтэл тэр огт гайхаж биширсэн шинжгүй ха­рин ч намайг худал хэллээ гэсэн шиг “Нэртэйгээр нь Бат­мөнх дарга ирсэн гээд залчи­хаач” гэдэг байгаа. Ж.Бат­мөнх дарга тэр үед Сайд нарын зөвлө­лийн дарга, Намын төв хорооны на­рийн бич­гийн даргын алба хашиж байсан үе. Ингээд шөнө­жин мө­рөөд­сөн сайрхал маань бү­тэл­­гүйтэв. Бүгд гайхаж биш­рээд би өөрөө сансрын нисгэгч шиг л олны анхаарлын төвд байна гэж бодсон байсныг хэлэх үү.

Дэмж­лэг авах гээд ангийнх­наа той­руулан хартал надад итгэж, намайг дэмжих хүн тэдний харц­наас хайгаад ол­сон­­гүй. Би яаж ч хаш­гираад хэн ч сонсохоогүй байлаа. Яагаад гэвэл Гүррагчаа жирийн нэг айлд очно гэдэг тэдний санаанд багтамгүй зүйл байв. Ангийнхны минь тэр тоом­жир­гүй байдал намайг гом­доо­сон ч дүү бид гурав манайд зочил­сон сансрын нисгэг­чийн тухай нэг хэсэгтээ л ярих сэдэв­тэй болж, са­наа­гаар ч юм уу сахил­гагүйтэх маань багассан юм шиг санаг­даж билээ.

Хожим би Ж.Гүррагчаа гуай­тай тааралдаж зургаа хамт татуу­лав. Багынхаа дурсам­жийн талаар ганц ч үг хэлсэнгүй. Сэт­гүүлч болчихоод төрийн ордонд олон ч таарч бай­лаа. Одоо гайхаж биширч байсан тэр үе маань ард хоцорсон ч багын маань тэр их хүндэтгэл алга болоо­гүй ээ. Одоо ч тэр санс­рын нисгэгч хэвээрээ л байгаа шүү дээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.