Цэс Close

Хүн чанарын тунг харамгүй түгээгч Ц.Алтанцэцэг

Анхны алхмаа анхдагчдын нутгаас

1981 он монгол хүн анх сансарт ниссэн жил гэдгээрээ хүн бүрийн сэтгэл, зүрхэнд мартагдашгүй. Монголчууд, тэр тусмаа Булган хангай нутгийнхан тэр жил магнай хагартлаа баярлаж байв. Ц.Алтанцэцэг тэдний нэг байлаа. Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гэргий Батмөнх түүний ангийн багш нь. Тиймээс монгол хүн сансарт ниссэн үйл явдал их сургуулиа дөнгөж төгссөн залуу бүсгүйн сэтгэлд их л ойр дотно бөгөөд гэгээн дурсамж үлдээжээ. Морин дэл дээр өссөн монгол хүн сансар огторгуйн уудамд дүүлэн нисч, шинжилгээ судалгаа хийсэн нь амьдралын анхны алхмаа хийж буй залуу хүний сэтгэл, зүрхийг ер бусын увдислаг эрчим  хүч, хүсэл тэмүүлэлд автуулж, хийж бүтээхийн урам зориг хайрласан ажгуу.

Булган нутгийн бүсгүй Ц.Алтанцэцэг 1981 оны долдугаар сард АУДэС-ийн эм зүйн ангийг төгсөөд улаан диплом өвөртлөн төрсөн нутагтаа очсон нь түүний хувьд ажил, амьдралын их сансарт жигүүр дэлгэн ниссэн зүйрлэшгүй баярт үйл явдал байв.

Дээд сургуулиа улаан дипломтой төгссөн залуухан эм зүйч ажиллах газраа өөрөө сонгох боломжтой, тэр тусмаа Улаанбаатарт үлдэн ажиллах зам нээлттэй байсан гэдэг. Гэвч тэрээр өсч төрсөн Булган аймгаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхээр шийджээ. Ингээд Булган аймгийн Эмийн сангуудыг удирдах конторт эм шинжигчээр ажилд орсон байна. Хөдөө орон нутгийн эмийн сангуудын эд  хөрөнгө, эм барааг тоолж бүртгэлжүүлэх ажлыг хариуцсан залуу эм зүйчийн зүрх, тархинд эмийн сангуудын ажлыг сайжруулах юмсан гэсэн бодол, сэтгэл байнга эргэлддэг байсан нь хожмын бизнесийнх нь дүр зураг тэр үед бүрэлдэж, анхны учгаа татаж байсан хэрэг ээ.

”Би 1980-аад оны оюутан төгсөгч. Бидний үед нийгэм маань ч, сэтгэлгээ ч өөр байж. Бид сайн сурахын төлөө чармайж, төгсөөд эх орныхоо хэрэгцээтэй газар очиж ажиллана гэсэн эх орон ч үзэл эрмэлзлэлтэй байсан даа. Тийм ч учраас миний бие сургуулиа онц төгсөөд Булган, Дархан-Уул аймгуудад 10 гаруй жил ажиллаж, эрдэмтэн багш нарынхаа зааж сургасныг амьдралд хэрэгжүүлж, мэргэжилтэн болсон юм” хэмээн Ц.Алтанцэцэг хожим даруухан өгүүлсэн нь бий.

Ачаа үүрэх нас

Тэр үед мэдлэг чадвартай, идэвх зүтгэлтэй залуу хүнийг үнэлж, итгэл хүлээлгэдэг цаг байв. Ц.Алтанцэцэг эм зүйч сургуулиа төгсч нутагтаа очоод нэг жил ажиллаад аймгийнхаа Эмийн сангуудыг удирдах конторын даргаар томилогдсон нь тэр л үнэлэмж, шалгуурт бүрэн дүүрэн нийцсэнийх байв. Даргын албыг нэг жил хашаад Дархан хот руу өөрийн хүсэлтээр шилжжээ. Энэ бол дээр өгүүлсэн ирээдүйн ажил хөдөлмөр, бизнесийнх нь учиг улам батжиж, амжилт бүтээлийнх нь зам мөр аяндаа тийш хөтөлсөн хэрэг байжээ.

Улаанбаатарт очиж ажиллана гэж зоримог шийдсэн бүсгүй “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голж болохгүй” гэсэн ээжийнхээ үгийг дагаж залуучуудын хот найрамдлын Дарханыг зорьсон нь алдсангүй. Энэ л сайхан хотоос тэрээр өнөөгийн амжилтын гараагаа эхэлжээ. Дархан хотын хоёр, ес дүгээр эмийн сангуудын эрхлэгчээр ажиллаж, улмаар хотын нэгдсэн эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч болов.

Ц.Алтанцэцэгийн  хувьд удирдах ажлын дөр сууж, хүнтэй ажиллах арга ухаанд суралцаж, эзэмшсэн мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон он жилүүд гэвэл 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үе байлаа.

Нийгэм, улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлд шилжсэн тэр үед аль ч салбарыг мэдлэг, боловсрол, туршлага жигдэрсэн мэргэжилтнүүдийн нуруун дээрээ үүрч өнөөдөрт хүргэсэн юм. Тийм л хүмүүсийн нэг нь Ц.Алтанцэцэг. 1992 онд улсын эмийн сангуудыг хувьчлах шийдвэр гарч, Монголд анх удаа гурван эмийн санг дуудлага худалдаагаар хувьчилсны нэг нь Дархан хотын нэгдүгээр эмийн сан байв. Ц.Алтанцэцэг уг эмийн санг хувьчилж авч “Байгаль” хэмээх нэр өгч үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь өнөөгийн “Мөнхийн тун” ХХК-ийнх нь эхлэл болжээ.

Хувьчлал нүдээ олж, өмч зөв хүндээ очвол хэрхэн өсөн дэгжиж, өрнөн хөгжиж, бизнесийн гараа нь амжилттай байдгийг тэрээр харуулж чадсан нэгэн.

1980-1990-ээд онд төгссөн эм зүйч нарыг азтай, бас хувь тавилантай хүмүүс гэж би боддог тухайгаа Ц.Алтанцэцэг захирал нэгэнтээ хэлсэн байдаг. Яагаад гэвэл 1990-ээд онд Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжихэд мэргэжлээрээ 10-аад жил ажиллаж туршлага суучихсан, бодол санаа тэгширч, боловсрол мэдлэг нь жигдэрч төлөвшсөн нэг үгээр хэлэхэд юм үзэж, нүд тайлсан мэргэжилтнүүд эм, эм зүйн салбарынхаа түүчээ, зүтгүүр нь болсон юм. Тэдэнд шинэ нийгэмд эм зүйн тогтолцоог олон улсын чиг баримжаагаар, зөв голдирлоор хөгжүүлэн хувийн хэвшилд шилжүүлэх хувь тавилан, үүрэг хариуцлага ногдсон ч гэж болно. Нэг үгээр хэлбэл Ц.Алтанцэцэг захирлын үеийнхэн 1990-ээд оны эхээр ачаа үүрэх ид дунд насан дээрээ ирээд байв.

Зүтгэлийн хариуд амжилт

Эмийн сангууд хувьчлагдсаны дараа бүх юм сайхан болчихсонгүй. Хувийн хэвшлийнхэн энэ салбарыг хөл дээр нь босгож, өнөөгийн хөгжлийн түвшинд хүргэхийн тулд саад бэрхшээл бүхнийг туулжээ. Ц.Алтанцэцэг захирал ийм л дардан бус замыг туулан өнөөгийн өндөрлөгт хүрсэн аж. Тухайлбал,

хойт хөршөөс эмээ татна. Жороо өөрсдөө бичээд эмийн сангуудаар явж, эмээ цуглуулж, зарж борлуулан хуримтлал үүсгэдэг байсан гэдэг. Ингэж явахдаа алхам алхмаар урагшилж, бага багаар туршлага суусаар л байж. 

Удалгүй эмийн сангаас биш үйлдвэрээс нь эмээ худалдан авах болов. “Красфарм” эмийн үйлдвэртэй гэрээ байгуулан дуслын шингэн, антибиотик, ампициллин, пенициллин зэрэг эмүүдийг авч авто машинаар Хиагт, Алтанбулагийн боомтоор оруулж ирж байсан нь “Мөнхийн тун”-гийн хөгжлийн нэг шинэ үеийн эхлэл байв.

Зах зээлийн ороо бусгаа цагт хувийн хэвшлийг удирдан эм зүйн эмзэг бөгөөд нарийн мэргэжил, мэдлэг  шаарддаг бизнест хөл тавина гэдэг эмэгтэй хүнд ахдахаар ажил байв. Гэвч Ц.Алтанцэцэг захирлын  хувьд хөл алдсангүй. Үүнд сайн ханийнх нь түшиг тулгуур, дэмжлэг туслалцаа, сэтгэл бий.

Түүний хань Д.Батхишиг Дархан хотын Залуучуудын холбоонд ажиллаж байгаад гэргийнхээ хамт бизнест хөл тавьжээ. Тэд хувийн компаниа байгуулж, тохиролцооны дэлгүүр ажиллуулан, Москва явж наймаа хийж эхэлжээ. Дарханы нэхий, савхийг Улаан-Үдэд аваачин борлуулж, олсон мөнгөөрөө эм тариа худалдан авч Монголдоо оруулж ирнэ.

Энэ мэтээр эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж зүтгэж олсон ашгаа эмийн сандаа зарцуулдаг байсан гэдэг. Бизнес хийж байгаа хүн ганцхан салбарт хязгаарлагдах аргагүй. Цаг үе нь ч тийм л олон талтай, хөрвөх чадвартай байхыг шаардаж байсан хэрэг. Тиймээс гэр бүлийн хоёр бизнесээ өргөжүүлэхийн тулд Дарханы анхны бялдаржуулах клубыг байгуулж, хүнсний дэлгүүр нээж, мал аж ахуй эрхэлсэн гээд хийгээгүй юм үгүй. Бүх бололцоогоо дайчлан ажиллаж төрөл бүрийн чиглэлээр бизнест хүчээ сорьж хөрөнгө босгосон ч эмийн сангийн үндсэн үйл ажиллагаагаа орхисонгүй.

Ц.Алтанцэцэг захирлын хувьд эм хангамж, эм зүйн салбар гэдэг зүрх сэтгэлээ өгсөн салбар, эзэмшсэн үндсэн мэргэжил нь учир ямар ч хүнд хэцүү үедд тэр бүхнээсээ нүүр буруулаагүй ажээ. 

Харин ч эмийн сангаа улам өргөжүүлэн эм ханган нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ажлаа гол зорилт болгож хичээсний үр дүнд “Мөнхийн тун” ХХК-ийн үйл ажиллагаа Дархан-Уул аймгаасаа хальж, нийслэл Улаабаатар хотод салбаруудаа нээж эхэлсэн нь 1996 он. Улсын эмийн санг хувьчилж аваад дөрөвхөн жилийн дотор ийм амжилтад хүрчээ.

Амжилт бүрийн цаана хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл бий. Ц.Алтанцэцэг захирал эмийн сангаа хувьчилж авснаас хойш жил гаруйн дотор бизнесээ өргөжүүлэн хүнсний худалдаа, үйлчилгээний салбарт хүч үзэж, улмаар хоёр жилийн дараа гэхэд компани нь Дархан хотын шилдэг компани болж, хань Д.Батхишиг нь “Шилдэг бизнесмэн” цол хүртэж байв. 

Ц.Алтанцэцэг захирал эмийн сангийнхаа салбарыг нийслэлд анх нээж байх үед хотын эмийн сангууд нэг дор байрлаж, тус бүртээ 6 м.кв-аас ихгүй жижиг талбайд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Монголын анхны хувийн эмийн сангууд өөр өөрийн олж ирсэн эмийг хоорондоо солилцон, хөдөө орон нутгаас ирэгсдэд захиалгаар олгож бие биеэ дэмжин, нэг ёсондоо эм зүйн үйлдвэрлэлийн шинэ зууны хөгжлийн суурийг тавихаар бужигнаж байсан гэдэг.

Харин өнөөдөр эм хангамжийн компаниуд хөл дээрээ босч, дэлхийн өндөр хөгжилтэй улс орны эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч пүүс компаниудтай хамтран ажиллаж, чанартай баталгаатай эм, тоног төхөөрөмж импортолж, дэлхий нийтэд нэвтэрч буй инновацийн бүтээгдэхүүн, эмчилгээ оношилгооны шинэлэг арга барил, шилдэг технологийг Монголын хөрсөнд нутагшуулж байгаа нь 20 гаруй жилийн тэртээх хүнд хэцүү үеийг хамтын хүчээр даван туулж чадсаны нь үр шим юм.

Дархан хотын төмөр замын өртөөний харьяа орон сууцны байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулан хувийн хэвшлийн эмийн сангийн түүхийг бичилцэж эхэлсэн “Мөнхийн тун” ХХК эдүгээ Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эм зүйн чиглэлд өөрийн тод өнгөөр гялалзаж, манлай татвар төлөгчдийн нэг болсон нь хичээл зүтгэлийг бурхан амжилтаар шагнадгийн нэг илрэл билээ.

“Мөнхийн тун” ХХК Монголдоо эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг анх удаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоо ч энэ төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж байгаа.

“Мөнхийн тун” ХХК эдүгээ эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, 10 аймагт салбар эм ханган нийлүүлэх байгууллага, нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудыг нэгтгэсэн “Мөнхийн тун-Мед” ХХК, Сайн дурын дархлаажуулалтын төв, хүүхдийн эмнэлэг, энгийн болон ажлын хувцасны үйлдвэр  зэрэг 20 гаруй  салбар нэгжтэй болж өргөжжээ.

Тус компани дэлхийн 30 гаруй орноос  чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн 3000 орчим нэр төрлийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн дагалдах бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулан иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж байгаа аж. Мөн өөрийн Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрт 100 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис, эмнэлгийн нэг удаагийн хэрэглээний хувцас, энгийн болон ажлын хувцас үйлдвэрлэдэг болжээ.

Удам дамжсан эм зүйчид

Ц.Алтанцэцэг захирлын аав Д.Цэвэгжамц Сэлэнгэ аймгийн Эмийн сангуудыг  удирдах конторт нягтлан бодогчоор ажиллаж байсан бол ээж М.Хорлоо Сэлэнгэ аймгийн Эмийн сангуудыг удирдах конторт шил угаагчаар ажиллаж байжээ. Том ах Ц.Нуваанбал нь Булган аймгийн Эмийн сангуудыг конторын эрхлэгчээр, бага ах Ц.Санжаасүрэн нь Дархан-Уул аймгийн Эмийн сангуудыг удирдах конторт ажиллаж байв. Тэгэхээр Ц.Алтанцэцэгийн хувьд эм зүйн мэргэжил сонгосон нь тохиолдлын хэрэг биш, гэр бүлийнхнийх нь нөлөө, хар багаас дурласан ажил нь байв.

Эрүүл энхийн манаанд зогсох эм зүйч гэр бүлийнхний удам одоо ч үргэлжилсээр. Д.Батхишиг, Ц.Алтанцэцэг нарын том охин Б.Номин АШУҮИС-ийг төгсч, Сингапурт магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “Мөнхийн тун” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хүү Б.Нармандах нь Олон улсын гадаад харилцааны мэргэжилтэй. Одоо компанийнхаа гадаад харилцааг хариуцан ажилладаг. Хүү Б.Сайханбаяр, Б.Сайханбилэг нар нь АШУҮИС-ийн оюутнууд юм.

Хүн чанарын тун

Ц.Алтанцэцэг захирлын тухай ярихад яах аргагүй л эм хангамж, эм зүй салбарын тухай яриа хөөрөө өрнөдөг. Энэ бичвэрт ч гэсэн социализмын сүүлийн он жилүүд, Монголын эмийн сангууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлд шилжин, хувьчлагдсан тэр үе, эм зүйн салбар хөл дээрээ босч орчин үе, дэлхий нийтийн жишигт хүрсэн өнөө үеийн тухай нэгэн  хүний, нэг компанийн жишээн дээр өгүүллээ. Өөрөөр хэлбэл “Мөнхийн тун” ХХК-ийн 26 жилийн түүхийг товчоолон хүүрнэв.

Харин одоо Ц.Алтанцэцэг гэдэг хувь хүнийг цөөн үгээр зурах гээд үзье. Түүний үүсгэн байгуулсан компани нь “Мөнхийн тун”. Хүн зондоо эрүүл энхийн жаргал хайрлах энэ тун улам арвижин дэлгэрч байгаа. Түүн лүгээ адил Ц.Алтанцэцэг захирал “хүн чанарын тун”-гаар баян хүн.

Хувийн эмийн сан байгуулахаас эхлээд эм зүйн салбарын тэргүүлэгч том компанийг удирдах хүртлээ 26 жилийн туршид түүний баримталж ирсэн зарчим нь хүн чанар, итгэл, сэтгэл гэсэн  гурван үгэнд зангидагдаж иржээ. Түүнийг таньж мэддэг хүмүүс, найз нөхөд нь шуналгүй, тусархуу, даруу гэсэн гурван үгээр тодорхойлдог юм билээ.

“Мөнхийн тун” ХХК нэг ёсондоо хүн чанарын тун дээр тогтдог гэхэд болно. Бизнес гэдэг мөнгөн дээр биш итгэлцэл, хүндлэл дээр тогтдогийг Ц.Алтанцэцэг захирал өөрийн биеэр үлгэрлэж чаджээ.

Түүнийг ажлаас хүн халдаггүй гэж ярьдаг нь үнэний ортой. Үнэхээр өнгөрсөн 26 жил ажлын байрыг маш тогтвортой барьж ирсэн учраас үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жилийн турш тогтвортой ажиллаж буй хүн тэдний компанид цөөнгүй бий аж. Анх мөнгө хураагчаар ажилд ороод орлогч захирал болтлоо дэвшин ажиллаж байгаа хүн ч бий. Алдаа гаргасан хүнийг хүртэл ажлаас нь халдаггүй. Гэхдээ энэ нь түүний толгойг илж, эвлэрч байгаагаас өөр. Хүнд итгэж чадаж байгаа хэрэг. Тэр итгэлийг нь ямар ч хүн зүтгэлээр хариулдаг аж.

Хамт олондоо, ажиллагсаддаа төдийгүй хамтран ажиллагч түншүүддээ, үйлчлүүлэгчдэдээ ч гэсэн тэрээр ийм л сэтгэлээр хандаж иржээ. Тиймдээ ч хүн чанар, итгэлцэл дээр тулгуурласан бизнес нь өөдрөг бүтэмжтэй яваа аж. Үүнийг Ц.Алтанцэцэг захирал эм зүйч мэргэжлээ сэтгэл зүйч, хүн зүйч болгож чаджээ  гэлтэй. Үнэхээр тэр бол хүн чанарыг тунг харамгүй түгээгч юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах