Төрд орхигдсон ч ЭХ ОРНЫХОО төлөө зүтгэсээр…

Намрын шаргал наран ээсэн баруун хилээс эхэлж, дайны сорви арилаагүй Халхын гол, Ялалтын хөшөө, Баянцагааны өндөрлөг,  Ханан хөшөө, Бурхант, Баянхошуу, Буйр нуур, Мэнэнгээр түүчээлсэн их аяны харгуй МОНГОЛ улсын ХИЛИЙГ 4 тойрсоны дайтай 30 мянган км яваад Хилийн 0277-р ангиас дөрөө мулталлаа.

Он цагийг түүчээлсэн их аяны харгуйн зорилго нь юусан билээ хэмээн асуух хүн бүрт нэг л хариулт өгсөн нь  МОНГОЛ улсын ХИЛИЙН түүхийг үлдээх, ХИЛИЙН хариуцсан хэсэгт байх түүх, соёлын дурсгалуудыг тойрох байлаа.

Дархан хилийн түүхийг өртөөлөн явахдаа МОНГОЛ улсын ХИЛ тайван байх хэдий ч, ХИЛЧДИЙН хэзээ ямагт байгаагаараа байдаг зан он цагийн саалтанд үл хувиран, улам ихээр хүмүүсийн хайрыг татаж байгаа боловч, хилд зорьсон үй олон сэтгүүлчид ХИЛЧДИЙН  сайн, сайхан занг мэдэрч, зочломтгой, дайламтгай хэмээн  магтахаас  бус хичнээн хүн амьдрал руу нь өнгийсөн бол гэж асууя.

Сошиалд эрх чөлөө нэвт ханхалж, юу бичих, эс бичих нь сайн дурын хэрэг боловч,   хилчдийн талаарх ойлголт төдийлөн сайн биш, нэр бүхий албан тушаалтанууд ч, ихэд ухаантай байж болох хэд, хэдэн хүн ХИЛИЙГ сумын ард иргэд манадаг мэтээр “хийрхэж” байхыг харлаа.  

Басхүү Сулинхээрийн асуудалтай холбоотой элдэв янзын үзэл, ойлголт ард түмний дунд байж, тэр хэмжээгээрээ нийгэмд отрядыг нааш нь татсантай холбоо бүхий ХИЛ дотогшоо нүүлээ хэмээн хардагсад ч олон байна.  Монгол улсын ХИЛИЙН тухай хуулийн

4 дүгээр зүйл. Монгол Улсын хил, 4.2.Улсын хил халдашгүй дархан байна. 

6 дугаар зүйл. Улсын хилийн шугамын асуудлыг шийдвэрлэх 

6.1.Улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ хэмээн заасныг  үл мэдэгчид ХИЛИЙН тухай асуудлыг хэсэг бүлэг хүмүүс шийддэг мэт санаан зоргоор бичихийг харахаар урам хугарах юм.

 Сулинхээрийн отрядын хамгийн гол шийдсэн асуудал нь ХИЛЧДИЙН нийгмийн баталгааг хангахад чиглэгдэж байгааг өөрийн нүдээр  харсаны хувьд баттай хэлэх байна.

Үүнтэй холбоотой ХИЛЧДИЙН нийгмийн баталгааг ТӨР хангаж чадаж байгаа юу? хэмээн ТӨРӨӨС асууя.  Тийм болохоор энэхүү нийтлэлээ “ОРХИГДОГСОД” хэмээн нэрлэе.

Тэртээ хол, шувуу л хааяа нисэхээс өөр амьд амьтны бараа үл харагдах хилийн торгон шугаман дээр дөрвөн  цагийн эргэлтэнд манаанд гарч буй ХИЛЧИД зогсож байна. Тэрхүү буйдхан застав,хилийн ангиудад эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилийн цэргүүд манаанд гарсаар байна. Гуравхан жилийн дараагаар түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй ХИЛ хамгаалах байгууллагын түүхэн замнал баян. Зах зээлийн ороо бусгаа  цагт ч ХИЛЭЭ орхиогүй хүмүүс ХИЛЧИД л байлаа.

Гэсэн ч…

Хээгүй гүдэсхэн хилчид минь  хэдхэн үг, даргын тушаалаар хэрээс хэтэрсэн зүйлийг ч болгож явааг та мэдэх үү?

 ХИЛЧИН хүний цалин хангамжийг аваад үзье. Хилчдийн цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 472 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу бодож олгох аж.  Дундаж цалинг бодоод үзэхээр бага юм.Энэ мөнгөөр амь амьдралаа авч яваа хилчин өр,  зээлгүй байж чадах болов уу. Бүгд өр, зээлтэй. Газар бүрт томилогдож, ХИЛ дагаж явсаар амь амьдрал,  биегүй болсон хүмүүс.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 7.1.19.цэргийн алба хаагч ээлжийн амралтаар өөрийн төрсөн нутагтаа очих, буцаж ирэх замын зардлыг хоёр жилд нэг удаа цэргийн анги, байгууллага олгох гэж хуулиар заажээ. Заалтын дагуу гэр бүлээ дагуулан нутагтаа амрахаар явах замын зардал хэд гарахыг эрүүл ухаанаар тооцож үзсэн хүн бий болов уу?   

Хаа байгаа Баян-Өлгий аймгийн хилийн дугаар ангид ажиллаж буй ХИЛЧИН эхнэр, хүүхдүүдээ дагуулан, зүүн хязгаарт байх Дорнод аймагт  амьдран суугаа эцэг, эхдээ 2 жилд 1 удаа очиход өгч буй замын зардал дунджаар 200 мянган төгрөг аж. Хаа хүрэх мөнгө юм бол…

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 7.1.9 дүгээр зүйлд “Офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нь ажлын нөхцөл, албан тушаал, мэргэжил, мэргэжлийн зэрэг, цэргийн цол, алба хаасан хугацаа зэргийг үндэслэж тогтоосон дүрэмт хувцасны болон мөнгөн хангамжтай байхаас гадна байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, дадлага хийх үедээ хүнсний болон эдийн хангамж, түүнчлэн нийслэлээс бусад сум, суурин газарт байрлаж байгаа цэргийн анги, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг үл харгалзан хүнсээр хангагдах”,  ХХЕГ-ын даргын А/151 дүгээр тушаалаар “Хүнсний хангалтын заавар”-ыг баталжээ.

Энэхүү тушаалыг харангуут “төрийн” хувцас өмсөж, хүнсээ бэлдүүлчихээд, цалингаа авчихаад, ажлаа хийж байж, юундаа ялархдаг юм,хилчдийн юун нь мундаг гэж,  үхэн хатан тэдний төлөө яваад байгаа юм бэ, тэд цалин авч байгаа ажлаа л хийж байна, энэ тэдний сонголт  хэмээн ад үзэх хүмүүсийг нэвтрүүлэг хийх явцдаа өчнөөн харлаа. Уучлаарай жилийн 4 улиралд хил дээр зогсож байгаа хилчний хувьд хангалтгүй хангамж. Хилээр явж үзэхээр амь амьдралаа эх орондоо  зориулсан хилчин хүнийг бусад төрийн албан хаагчидтай харьцуулашгүй гэдгийг мэдэх болов уу?

 Баян-Өлгий аймагт байх хилийн ангиар явж байлаа. Цагдаагийн ажилтануудын байр хэдэн давхар орон сууц байхыг хараад атаархам. Харин миний явсан хилийн ангиудын  хилчдийн байр гэж 70,80 аад онд баригдаад, аль хэдийн чанарын шаардлага хангахаа байсан ч өнгөн хэсгийг нь додомдож засаж амьдарсаар байгаа дан ганц орон сууцнууд.  Яаж болгож байдаг юм бол хэмээн өрөвдөн харж, хилээр тойрч үзээч гэж зарим нэгэнд хэлчихмээр…

 Хамаг сайхан залуу насыг нь ЭХ ОРОН хэмээн зүтгүүлчихээд, яг ид хийж бүтээх 40 насан дээр нь, за одоо боллоо, та тэтгэвэртээ гарч болно гэдэг.  40 насандаа тэтгэвэрт гарч байгаа ХИЛЧИНИЙ тэтгэвэрт суусны дараах амьдралын баталгаа юу билээ.

Нэгэн жишээ хэлье. Тэр хол байх хилийн ангиас тэтгэвэртээ гарч байгаа ахлагчтай таарч билээ. Жижигхэн гэрээ портер дээр ачаад их хотын зүг зориглон хөдөлж буй нь тэр. Хил дамжиж ажилласаар тавилга гэх юмгүй, хэдэн хүүхдүүд нь сургууль сольсоор сурлаггүй, гэргий нь үндсэн ажилгүй, бие гэж авах юмгүй 43 настай залуугаас хотод очоод хаана байх уу хэмээн асуухад, таньдаг айлынхаа хашаанд буух санаатай гэсэн юм. 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжээрээ хашаа байшин авч чадах болов уу,заставын бор хүү нь оюутан болж байдаг, тэр хүүгээ дуртай сургуульд нь оруулмаар, төлбөрийг нь хүчрэхгүй болохоор үе удам дамжсан хилчин л болгох байх даа гэх. Шүүрс алдмаар.

Хилчний амь нас үнэгүй…

39.2.Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно гэжээ. Дунджаар 30  сая орчим төгрөгний үнэтэй амьтай аж. Хилчний амь үнэгүй байсаар ирсэн гэвэл үнэн. Учир нь Овоотын цэнхэр хязгаараас нэвтрүүлгээ хийж явахдаа 8 “баатрын”  (үнэндээ 11 хилчин) хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Түүхийг сөхөж үзвээс….

    1938 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус отрядын Хөх усны заставын тасгийн дарга Содном ахлагчтай гурван  хилчин Атасын хар амны постон дүүрэг гүйцэтгэж байхад Халхын баруун өмнөд овоогоор хил зөрчин орж ирсэн хасгийн 500 орчим дээрэмчидтэй хүч тэнцвэргүй тулаанд орж амь хайрлалгүй тулалдаж хилчин Дүрсээ амь эрсдэж, Халтархүү хүнд шархдан ухаан алдаж тасгийн дарга Содном эцсээ хүртэл тулалдсан хэдий ч аргагүйн эрхээр дээрэмчдийн гарт оржээ. Дээрэмчид Содномыг хэрцгийгээр тамлав ч  Содном эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж ямар ч зүйлийг өчсөнгүй. Дайснууд үүнд нь хорсож манай зоригт хилчнийг толгойгоор нь галд шарж алсан байдаг. Үдэш Халтархүү ухаан орж нөхдөө харахад бүгд алагдсан байсан тул хүнд шархтай Халтархүү дан ногоон цамцтай хөл нүцгэн мөлхсөөр 30 гаруй километр явж заставтаа хэл хүргэсэн байна. Заставын дарга Хандын Жүрмэд цагийн байдлын талаар сумагийн дарга Бавууд мэдэгдээд өөрөө 6 хүнтэй грүпп авч тулгаралт болсон Атасын хар аманд 1939 оны 01 дүгээр сарын 02 нд ирж дээрэмчидтэй олон цаг тулалдсаны эцэст хүчээр илүү дайсны гарт арга буюу автажээ.  Ийнхүү Атасын хар аманд манай  эрэлхэг найман хилчин нэн харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрэмчид заставын дарга Жүрмэдийн  чих, хамрыг огтолж цээжин дээр нь таван хошуу сийлэн,  хөлийн шөрмөсийг сугалж , тасгийн дарга Самбуугийн хуруунуудыг нугалан үе мөчөөр нь жиргэн зүрхийг нь сугалж алсан бөгөөд бусад хилчдийг бутанд шатааж шарж алсан байдаг. Дайснууд манай хилчдэд ихэд хорсон тэднийг дэндүү хэрцгийгээр алсан байхыг бодоход тэдэнд багагүй хохирол учруулжээ. Эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж эр цэргийн ёсоор алтан амиа өргөсөн эдгээр хилчдээрээ бахархмаар ч цэл залуу хорин насандаа амь үрэгдэж,  алдар нь мартагдах шахсан аавын хөвгүүдээ бодохоор  харамсмаар.

 Заставын дарга Хандын Жүрмэдийг Монгол улсын баатраар нэхэн шагнах сайн цагийг хилчид хүлээж байна. Гэвч ХИЛЧИН хүний амь үнэгүй учир төрийн сонорт  хүрэхгүй 82  жил улиран оджээ.

39.3.Албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцна хэмээжээ. 20 наснаас 40 нас хүртэлх залуу насаа ХИЛД хатаасан хилчинд өгч буй тэтгэмж нь хэдхэн халтар төгрөгөөр үнэлэгдээд насан туршдаа хилд ажиллаж байсан бахархалаас өөр юмгүй үлдэж буйн жишээ энэ.

39.4.Улсын хил дээр алба хааж байгаа хилчний гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож улсын төсвөөс олгоно хэмээжээ. Энэ заалт хүчингүй заалт гэж би хардаг.

Хилчний гэргий гэж хэн бэ?  Оюутан байхдаа амьдрал хайр дээр тогтдог хэмээн ирээдүйн офицертэй хайр сэтгэлээр гагнагдаж хөтлөлцөн гүйсээр төгсөнгүүт нь гэр орон, аав, ээжээсээ зөрөн байж, ганц чемодантай өмссөн хувцастай залууг даган заставаар эхэлсэн амьдрал. Их, дээд  сургууль төгссөн ч, мэргэжилээрээ ажиллаж үзээгүй гэргий нь ажил олдох юм бол угаагч, буудлын үйлчлэгч, холбоочин хийнэ, ажил бас тэр бүр олдохгүй. Үе, үеийн хилчдийн дүр төрх ийм л  байсан. Харин одоо цагт өнгө мөнгөн дээр тогтож байгаа энэ үед хилчин залууг дагаж, амьдрал хайр дээр тогтдог хэмээн хил рүү зүтгэх бүсгүй хэд болсон бол. Миний ажигласнаар яг одоогийн хилчин залуусын гэр бүлийн асуудал орхигдсон. Өнөөгийн бүсгүйчүүд өөр зүйл хүсэж, өөр зүйлийг мөрөөддөг, өөр амьдралаар амьдрахыг хүсдэг болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл цаг үе өөр болсон. Өнөө цагийн хилчин залуучуудад минь хамгийн гол зүйл гэр бүл. Гэр бүлдээ санаа үл зовох аваас ХИЛЭЭ сайн манана. Гэхдээ гэрт ямар ч асуудал байсан ХИЛЭЭ манасаар ирсэн, манах ч болно. Гэхдээ хэдий болтол тушаалаар явах вэ? Хилчдийн дүр төрх ӨӨР байгаасай, шинэ байгаасай гэж би хүсэж байна. Өөрөөр хэлбэл ХИЛД ажиллах тушаал авсан өдрөөс эхлэн чиний гэр орон, цалин хангамж, амьдралын баталгаа бусад улс орнуудын жишиг биш юм аа гэхэд өнөөдрийн байгаагаас хавьгүй илүү бүүр 100 хувь өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

Хил дагасан заставын бүсгүй нөхөрөө тэтгэвэрт гарахад нь 40 насандаа бас л гэртээ сууна. Түүнд цалин орлого ч байхгүй бас тэтгэвэр ч байхгүй. Харин тэтгэвэрийн доод хэмжээгээр тогтоож өгөх юм бол хэдэн бор хүүхдүүдийнхээ сургууль соёлын мөр хөөхөд нь хоосон хонуулахгүй, хоёр идүүлэхгүй байж байх. Хилчин хүнийг баян гэж сонссон хүн бий  болов уу.Хилийн хуранадаа нарыг бусад төрийн албан хаагч нар, өөр салбарын хурандаа нар шиг мөнгөтэй, эрх мэдэлтэй баян гэж дуулсан болов уу. Өнөө л тавилга гэх юмгүй гэртээ “БИ ХИЛЧИН” гэсэн ганцхан бахархалтайгаар амьдарч явна.

 Хилийн заставын  хүүхдүүд….

Хил дагасан аав, ээжийнхээ гараас хөтлөн, жижүүр,  машин гэж хэлд орж, сургуульд ортолоо хамт амьдарч байгаад, сургуульд оронгуут, аав, ээж, ах дүү нар, дотуур байр хэсэн аав, ээжийгээ харуулдсаар өссөн.  Олон газар төрсөн, олон сургууль сольсон, тогтсон ангигүй, сурлага сайнгүй заставаар өссөн хэдэн бор хүүхдийн ирээдүй бүрхэг. Тэр бас л хилчин болно. Заставын амьдралыг мэдэрч өссөн бяцхан хүүгийн мөрөөдөлд хилчин болно гэсэн мөрөөдөл байж болох ч хурааж хуримтлуулсан юмгүй хүүгээ ТӨЛБӨРТЭЙ сургуульд тэр бүр оруулж чадахгүй. Бас нөгөө талаараа яс маханд нь заставын хүүхдүүдэд ХИЛЧИН болно гэсэн мөрөөдөл байдаг учирт сэтгэлийн дуудлагаараа ч Хилийн сургуульд ордог. Гэвч амьтан ах дүүгийнхээр голдуу өссөн хүүхдүүдийн ирээдүй бүрхэг.  Тэдний өссөн орчин, цэцэрлэг сургууль жирийн бидний хүүхдүүдээс тэс өөр. Тэд нар минь бас л орхигдсон. Нэгэн жишээ татъя.

. “Сайн байна уу? Та хилээр их явах юм. Их сайхан байна. Миний аав, ээж хилчин байсан юм. Сургуулиас хол учир аавын ах дүү нараар би дүү нартайгаа амьдарч өссөн.  Аав, ээж хоёр минь хил дамжин, жилдээ ганц нэг л уулзалдах тэр үед аавынхаа ах дүү нарт ад үзэгдэж, айлаас айл дамжин өссөн болохоор би хилчин болохыг хүсдэггүй, харин миний мөрөөдөл элэг бүтэн амьдрал, хүүхдүүдээ өөрөө өсгөж, өөрөө сургуульд нь хүргэж өгөх, та минь болж өгвөл энэ талаар хилчдийнхээ дуу хоолой болоорой ” гэжээ. Харуусал төрөх.

Тэтгэвэрт гараад, 36  сартай тэнцэх хэмжээний мөнгөө гар дээрээ авч байх үед анх заставд ажиллаж байхад нь төрсөн хүү, охин нь их сургуульд орох болсон байна. Өнөө жаахан мөнгө сургалтын төлбөрт таарна.Эсвэл өр зээлэнд таарах. Хот ороод амьдарнаа, хүүхдүүдээ бодоод гэсэн зориг байх боловч тэр мөнгөнөөс хашаа байшин ч авах мөнгө үлдэхгүй нь ҮНЭН.

Хилээр дамжсаар байгаад тавилга гэх юмгүй, гэр орон гээд байх юмгүй, буйдхан заставаар явсаар эх орныхоо торгон хил дээр зогссоор, халуунд халж, хүйтэнд хөрч явсаар БИЕГҮЙ болдог тэд хэдэн бор хүүхдүүдээ намар болохоор хаана суулгах вэ хэмээн шаналдаг. Аав, ээж нь байгаа бол, аль аймагт байсан ч тэдэндээ аваачиж өгнө. Аймаг ойрхон бол аймагт, суманд суулгана. Ихэнх ангиуд хол. Тийм ч учраас Сулинхээрийн асуудал хамгийн зөв шийдэл байсан. Тэр шийдвэр хилчдийн нийгмийн асуудлыг шийдсэн чухал шийдвэр болсон ч ганцхан анги л энэ шийдвэрт хамрагдсан. Бусад ангиуд Сулинхээр  шиг орон сууцтай, сургуультай, цэцэрлэгтэй болоход лавтай 100 жил болно.

Хаана хүүхдээ суулгах, хэнийд байлгах вэ гээд бөөн асуудал байх атал, нэг л өдөр тушаал гарч өнөө муу хүүхдүүдээ дагуулан, эхнэрээ дагуулан бас л нэгэн шинэ газар луу явцгаана. Үр хүүхдүүд нь ч эхнэр ч хамтдаа хил манасан учир, тэдэнд маань ч адилхан хангалт, тэтгэмж байх ёстой. Застав бүрт туслах багшийн орон тоог, анги бүрт цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлгийн асуудлыг шийдэж, зөвхөн хилчдийн хүүхдүүдийг хамруулдаг цэцэрлэгийг анги бүр дээр байгуулж, хилчин хүн ар гэртээ санаа зовохгүй байх ёстой. Тэгвэл Монгол улсын ХИЛ амгалан байх болно.

 Хилийн застав дээр 2 настай хүүгээ, охиноо гэртээ түгжиж байхаар застав дээр байх туслах багшийн гар дээр хүлээлгэн өгөөд ажлаа хийх сайн цагийг би мөрөөднө. Мөрөөдөл нээг их хол биш гэж найдна.  Ихэнх ангиуд сумаас хол бас арай ойрхон нь зайтай. Шороо тоос орсон, хүйтэн пургонд сууж сургууль руугаа хүргүүлэх бяцхан хүүхдүүдэд улс төрчдийн ЖДҮ ээс иддэг, зувчуулдаг мөнгөнөөс автобус аваад өгөх юмсан. Тойрог бүрт хилийн анги байгаа, тэр ангид ганц автобус аваад өгсөн гишүүнийг сонссон хүн бий болов уу. Үгүй. Угаасаа хилчид юу хэцүү байсан ч,  яаж амьдарч байсан ч,  ямар үе байсан ч гоншигнох эрхгүй хүмүүс. Учир нь тушаал гүйцэтгэ. Гүйцээ…..

Ахмад ХИЛЧИН…

Түүхийн жимээр хэмээх нэвтрүүлгийг санаачилж, жолооч, хөтлөгч, найрууулагчаа хийн 110 мянган км явсанаас 30 мянган км ийг хилд зүтгэлээ. Монгол улсын ХИЛИЙГ бүтэн 4 тойрсоны дайтай явж ирээд дөнгөж дөрөө мулталаад сууж байна. Анги бүрт очих бүртээ ахмад хилчидтэйгээ уулздаг юм. Хил рүү явах зөвшөөрөлөө аваад ахмад хилчдийнхээ хамт Түүхийн жимээр бэдрэхдээ гэрийнх нь гаднаас хичнээн ахмад хилчдийг авч явж, хичнээн удаа харуусан нулимс мэлмэрсэнийг тоолж чадамгүй.

Холын хол байх хилийн ангид машинаа барин очиж,зам зууртаа элдэв саад бэрхшээлийг даван туулж эх орныхоо төлөө зүтгэх бүсгүй миний сэтгэлийн утасыг хөндөх ахмад хилчдийн амьдрал эгэлээс эгэл. Хүүхэд байхад 4 айлын орон сууц, 8 айлын орон сууц гээд 70,80 аад онд баригдсан хэдэн навтгар байшингууд сумын төвдөө л гоё  байшингууд харагддаг байсан бол одоо цагт тэр байшингууд хүний нүдэнд торохооргүй жижигхэн бас өнгө муутай. Тэрхүү байшингуудад ажиллаж байгаа офицерүүд нь амьдрах хэдий ч тэтгэвэрт гарсан ахмад хилчид минь хаа газрынх байсан ч тэтгэвэрт гарсан ангиа бараадаж, нээг их том хашаанд байх хаяа хатгасан хэдэн бор гэртээ амьдарна. Тэр гэрүүдийн гадаа очиж, хичнээн олон ахмад хилчидтай дөрөө нийлэн хилээр явлаа даа. Даанч өрөвдмөөр. Тэртээх 20 жилийн өмнө ажиллаж байсан заставаа харан нулимс нь мэлмэрэх ахмад хилчдийнхээ  хамт явж, тэднийхээ хайраар хичнээн олон нэвтрүүлгүүдийн ард гарсанаа би мартахгүй ч, тэр ангийн хажууд байх гэр хорооллын гаднаас даллан, даллан үдэх ахмад хилчдийнхээ сүү шиг сэтгэлд дэм болох юу ч хийж чадахгүй эрх мэдэлгүй нэгэн жирийн бүсгүй гэдэгтээ гунигладаг юм.

ХИЛЧИД минь 40 насан дээрээ тэтгэвэртээ гарсан өвөө, эмээ нар болж, цээжин дотороо БИ ТОРГОН ХИЛДЭЭ зогссон ХИЛЧИН хүн гэсэн ОМОГШИЛ БАХАРХАЛААС өөр юмгүй үлджээ.   Цастайд ч, шуургатайд ч, бороотойд ч, хүйтэнд ч, халуунд ч ямар ч цаг үед бидний ЭНХ АМГАЛАНГИЙН манаанд зогсож байгаа ХИЛЧИДЭЭ  анхаараач. Тэд минь ОРХИГДЖЭЭ…..

Хилчин хүний цорын ганц эрх бас  үүрэг…

 Хилийн тухай хуулийн 39.1.Хилчин, улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа иргэн нь төрийн төлөөлөгч байж, улсын эрх ашгийн үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих, түүний биелэлтийг хангуулах эрхтэй гэжээ.Үүнээс өөр эрх, үүрэг байхгүй. Тушаал,  Гүйцэтгэ, Мэдлээ.

 Учир нь чи МОНГОЛ улсынхаа төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн учирт…

Гэсэн ч….. Бүх зүйлийг тушаалын дагуу болгох гэж зүтгэсэн ХИЛЧИД, бүх зүйлийг тушаалын дор хийлгэж гэж зүтгэсэн үе, үеийн дарга нар нэг л өдөр мухардалд орно. Үндсээр нь нэг амьсгаагаар өөрчилж, цалин хангамжийг нь нэмэгдүүлж, ХҮН ээ бодсон ХИЛЧИНЭЭ бодсон ТӨР улс байж чадахгүй аваас МОНГОЛ улсын дархан ХИЛИЙН манаанд зогсох ХИЛЧДИЙН минь сэтгэл амар амгалан байж чадах уу….

Харагдах гоё сайхан байдалд нь баярлахаас илүүтэй, нүд рүү хараад, амьдрал руу нь өнгийцгөө….

ТӨР хилчидээ аль хэдийн хаясан…. ТЭД ОРХИГДОГСОД болжээ….

Бодоход зүрх шимширнэ….

Түүхийн жимээр нэвтрүүлгийн санаачлагч, жолооч, найруулагч , түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.