Прессингийн машин буюу шорттой дипломатч Горецка
2020 оны хоёрдугаар сарын 17-нд Леон Горецка автомашинаа асаагаад тамын зүг давхижээ.
Еврейчүүдийг хоморголон хорьж, устгасан аймшигт түүхийг агуулсан Дахау хот Мюнхенээс 17 километрийн зайд оршдог. Энэ хотод өсвөр насандаа Леон Горецка гэр бүлийнхээ хамт байж үзсэн юм.
“Тэгэхэд би 12-13 настай байлаа. Өөрийгөө бусдаас илүү ухаантай гээд бодчихсон жирийн л нэгэн жаалхүү. Бүгдийг мэддэг, чаддаг юм шиг бодож явлаа. Гэвч Дахауд очоод, тэнд болж байсан аймшигт явдлуудын тухай сонсож, гэрэл зургуудыг харсныхаа дараагаар маш их цочирдсон. Тийм аймшигтай юм энэ хорвоо дээр байж болдог гэдгийг ч мэдээгүй явж. Тэр зургуудыг хараад, түүхийг бодоод нулимс минь өөрийн эрхгүй урсаж билээ. Одоо би Мюнхенд амьдардаг ч гэсэн Дахауд буцаж очихыг хүссэн тул замд гарсан юм” хэмээн Горецка өгүүлжээ.
Дахау бол “Байерн Мюнхен”-тэй түүхээрээ холбоотой хот. Клубын анхны ерөнхийлөгч, анхны цомд 1932 онд хүргэсэн Курт Ландауэрийг энэ хотын хорих лагерьт 33 хоногийн турш байлгасан гэдэг. Харин Дэлхийн Нэгдүгээр дайнд байгуулсан гавъяаг нь хэлж дуулгаж байж нэг юм суллуулжээ. Суллагдсаныхаа дараагаар Ландауэр шууд Швейцарь руу дүрвэн гарсан юм. Харин 1945 онд дайн дууссаны дараагаар буцан ирж, дахин “Байерн”-аа толгойлжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр гэр бүлийнх нь дөрвөн гишүүн амь үрэгдсэн тухай Ландауэр ярьсан байдаг. Дахау хотын хорих лагерьт “Байерн Мюнхен”-тэй холбоотой 16 хүнийг хорьсныг түүх гэрчилнэ. Үүний дотор өмгөөлөгч Альфред Штраус байсан бөгөөд түүнийг цаазаар аваачсан юм.
“Байерн Мюнхен” хуучны аймшигт дурсамжаа сөхөхөөс цэрвэж олон жилийг үдсэн. Гэвч эцэстээ Ландауэрийн хөшөөг бэлтгэлийнхээ баазын дэргэд босгож, түүхийг дахин сөхсөн. Мюнхений клубын фанатууд нацистуудын золиос бологсдын тухай төдийлөн ихийг мэдэхгүй.
2009 онд Карл-Хайнц Румменигге анхны ерөнхийлөгч Ландауэрийн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан Дахау хотноо очсон байдаг. Харин хөлбөмбөгчдөөс бол тэр түүхийг сөхөж, тэнд очсон ганц хүн нь Горецка юм. Яагаад заавал ганц Горецка тэнд очив гэсэн асуулт эндээс урган гарна.
“Эцэг эх маань түүхээ мартаж болохгүй гэж надад байнга хэлдэг. Хорих лагерьт хүмүүсийг тамлан зовоож, хоморголон устгасан тухай сургуулийн сурах бичгээс эсвэл сошиал ертөнцөөс олж мэдэж болно. Эсвэл кино ч үзчихэж болно. Гэхдээ хорих лагерьт өөрөө очвол яг юу болоод өнгөрснийг биеэрээ мэдрэх шиг болдог юм” хэмээн Горецка өгүүлжээ.
“Тэнд очсон хүн бүр аймшигт явдал эрт дээр үед бус саяхан болсныг мэдэрдэг. Хоморголон устгаж, тамлан зовж байсныг гэрчлэх хүмүүс одоо ч амьд. Тэд өөрсдийнхөө нүдээр харж, биеэрээ мэдэрсэн. Германы дунд сургууль бүр сурагчдаа энд авчирч, харуулах хэрэгтэй” хэмээн Горецка нэмж өгүүлжээ.
Горецка бол Германы Бохум хотноо төрсөн нэгэн. Энэ хотод Польшийн цагаачид олноор суурьшсаны нэг нь түүний аав юм. Аав нь фабрик, уурхайд ажилладаг байжээ. Олон үндэстэн, түмэн цагаач цугласан Бохум хотын хөвгүүдийн хувьд “Бохум”, “Дортмунд”, “Шальке” гэх гурван багийн аль нэгийг дэмжигч болж өсдөг.
Горецкагийн постын дор олон хүн түүнийг зөв зүйл бодож, түүхийг сөхөж таниулж буйд талархснаа илэрхийлдэг ч үе үехэн неонацистуудын хараал зүхэл ч үзэгдэнэ. Гэхдээ Горецка сошиалд хэт өргөлт өгөөд байх дургүй. 1954 оны Дэлхийн аварга Фриц Вальтер хөлбөмбөгчдийг шорттой дипломатчид гэж хэлсэн байдаг. Энэ үг Горецкад голыг нь олоод хэлчихсэн юм шиг санагддаг ажээ. Тиймээс ч хөлбөмбөгчид түүх, нийгмийн шинж чанартай асуудлуудыг сөхөн гаргаж ирж, хүмүүсийг соён гэгээрүүлэх үйлсэд оролцох ёстой гэж тэр үздэг байна.
Горецка одоо хоморголон устгасан аймшигт түүхийг хангалттай сайн судалсан учир түүнээс айхаа больж, харин бусдад тэр тухай ярьж, ойлгуулж өгөхийг хүсдэг.
2018 онд түүнийг “Шальке”-гаас “Байерн Мюнхен”-д очиход хуучин багийнх нь фанатууд хараан зүхэж байлаа. “Намайг тэгэхэд шуналтай, ач санаж мэддэггүй адгийн новш гэх мэтээр зөндөө харааж зүхсэн. Би өөрөө фанат байсан бол мөн л тэгэх биз. Тиймээс фанатуудын тэр хандлагыг ойлгодог. Гэхдээ их уур хилэнгээ хэтрүүлж л болохгүй” гэж Горецка ярьж байна.
Тухайн үед Горецка Английн “Ливерпүүл”-д очих боломж гарсан юм билээ. “Тийм ээ, тийм яриа хөөрөө болсон. “Ливерпүүл” бол аугаа түүхтэй клуб. Клопп тэнд очоод маш амжилттай ажиллаж байна. Клоппыг тэнд очоод цом өргөсөнд бид энд их баярласан. Гэхдээ би тухайн үед сайтар тунгаан бодоод “Байерн Мюнхен”-ийг зөв сонголт гэж шийдсэн юм” хэмээн тэр өгүүлжээ.
Одоогоор түүний сонголтыг буруу байсан гэж хэлэхийн аргагүй үр дүнд хүрээд байна. Шинэ багт очиж, өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж яваа. Локдаун зарласны дараагаар Горецка гэртээ зүгээр суулгүй биеийн хүчний бэлтгэлд шамдан орсон нь гарын зангирсан булчингаас нь шууд харагддаг. “Цаашид юу болохыг хэн ч хэлж чадахгүй тул би ирээдүйдээ бэлдэж, илүү сайжрах ёстой гээд биеийн бэлтгэлдээ анхаарсан юм” гэж тэр хэлж байна. “Зөвхөн булчиндаа анхаарсан юм биш ээ. Өөр олон хандлагаа би өөрчилсөн” гэж тэр мэдэгдсэн байна.
Булчинлаг, хүчирхэг Горецка талбайд гарснаар “Байерн” түүнийг прессингийн машин болгон ашиглах болсон. Өөрийнх нь эсрэг хэн ч тоглосон зовж зүдрэхээр болсон гэж үнэлж яваагаа ч нуудаггүй.
Гэхдээ цар тахал Горецкаг ганцхан биеийн хүчний бэлтгэл хийхээд хүргээгүй. Мөн Киммихтэй хамтран We Kick Corona хэмээх сан байгуулж, 5.5 сая евро хандивт цуглуулж, хэцүү цагт өлсөж ядарсан 570 хүнд тусалжээ. “Хамгийн гол нь бид тусламж яг хэрэгтэй хүмүүст л хүрч ажиллах ёстой. Энэ бол хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн асуудал. Ямар ч найдваргүй болоод цөхөрчихсөн суугаа хүмүүст туслахад ямар сайхан байдаг гэж санана” хэмээн тэр өгүүлжээ.
Одоо дэлхийн даяар хэцүү байна. Германд ч мөн адил. Цар тахлын халдвар авч буй хүмүүсийн тоо нэмэгдэж, өнөөх неонацистуудын дуу чоно борооноор гэгчээр өмнөхөөс ч тод сонстох болжээ. Ийм цаг үед Леон Горецка ядарсанд тусалж, задарсныг дарах ажлыг өөрийнхөө үүрэг хариуцлага гэж бодож, хөндлөнгөөс хөшөө шиг хараад зогсохгүй нь тодорхой.
Р.Гэгээ
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх