Цэс Close

Байнгын хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 6-р сарын 9-нд товлохыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний лхагва өдөр товлох саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байсныг ийн байнгын хороогоор дэмжсэн байна.

Мөн өдөр УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болохоор тогтсон. УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар ажиллах болсонтой холбоотойгоор гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул нөхөн сонгуулийг явуулахаар болоод байгаа юм. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиудыг баталсантай холбоотойгоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой насны босго тавьж, зургаан жилээр сонгогдохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч ирэх зургаан жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах юм. Тиймээс ч улс төрийн намууд энэ удаагийн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаа билээ. 

Одоогоор намууд хэнийг дэвшүүлэх бол гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд халуун сэдэв болж буй. Тухайлбал, эрх баригч МАН-аас одоогийн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэрс эрчимтэй яригдаж байна. Харин Ардчилсан намаас одоогоор тодорхой нэр гараагүй, тус нам дотооддоо үл ойлголцолтой байгаа учраас хэн дэвших, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших үү гээд олон таамаг хүлээлт бий.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах