Цэс Close

Соёлын өвд нөхөн олговор өгөхөд буруу зүйлгүй

УИХ-ын 54 гишүүний гарын үсгээ зуран Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд “Нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг  өргөн барьжээ. Хуулийн төслийг өргөн барихтай зэрэгцэн зөв, буруу гэлцэн шаагиад эхэллээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд  хамгийн их хэлмэгдсэн нь лам нар бөгөөд тэд Монголын оюун санааны түүчээ болсон хүмүүс байв. Өөрөөр хэлбэл, хамаг л эрдэм чадалтай, мэдлэг боловсролтой хүмүүс нь лам нар байлаа. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд монголчуудын шүтдэг шашныг устгах зууртаа Монголын оюун санааны их өв болон сүм хийд, уран баримал, уран зураг, ном бүтээлийг давхар устгасан байдаг. Учир нь 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монголын оюунлаг сэхээтэн болох лам нарыг хоморголон устгасан төдийгүй дэлхийд гайхагдах үнэт өв соёл, түүхэн барилга байгууламж, урлаг, боловсрол, анагаах ухааны суурь нураагдаж сүйтгэгдсэн. Энэ нь асар их хохирол дагуулсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Монголын төрөөс хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль баталж байсан бол одоо Монголын биет болон биет бус өв соёлыг сэргээхэд төрөөс нөхөн олговор олгох, өв соёлоо сэргээх хууль батлагдан гарах гэж байна.

Их хэлмэгдүүлэлтийн үед Монголын Бурхан шашны амссан хохирлоос дурдвал:

1. 1920 оноос эхлэлтэй Их хэлмэгдүүлэлтийн үед үндэсний шашин соёл тээгч, нийгмийн оюун санааны сор болсон эрдэмтэн лам, хуврагуудыг устгаснаар уламжлалт бурханы шашны залгамж үеийг үндсээр нь устгасан.

2. Уламжлалт анагаах ухаан, бурхны шашны шинжлэх ухааны ололтыг үгүйсгэж устгасан юм.

3. Соёлын биет өв, уран барилгын цогцолбор болсон 1000 орчим сүм хийдийг устгажээ. Сүйтгэгдсэн сүм хийд, бурхан тахилын үнэ цэн, хохирлын хэмжээг тооцохын аргагүй асар их юм. Тэдгээр сүм хийд нь боловсрол гэгээрэл, сургалтын төвүүд байв. Мөн Бурханы шашны эрдэм ухааны зэрэгцээ, Бурханы шашны 10 ухааны их хөлгөн судрууд, дэлхийд хосгүй гайхамшигт урлагийн үнэт бүтээл болох уран зураг, цаасан шуумал, цутгуур, сийлбэр, оёдол, зээгт наамал зэргийг бүтээж ирсэн соёл урлагийн сургалтын төвүүд, хийд орныг ор мөргүй шахуу устгаж үгүй болсон.

Ийнхүү Монгол дахь бурхны шашин, соёл устгагдсанаар манай үндэстний оюун санааны өв тээгч хувилгаан, лам хуврагууд хилсээр ял хүлээж, соёлын биет болон биет бус өвийг устгаж хойч үедээ үнэлж баршгүй хохирол учирсан юм. Улс төрийн шалтгаанаар хилсээр хэлмэгдэж устгагдсанаар:

  • Монголчуудын оюун санааны үндсийг тасалсан
  • Эдийн засгийн үндсийг тасалсан
  • Боловсон хүчний нөөцийг нь шавхсан
  • Соёлын биет болон биет бус өвийг сүйтгэсэн.

Монголын түүхэн дэх  их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн Монгол Улс уламжлалт бурханы шашин, соёлдоо нөхөн олговор олгож түүхэн залруулга хийх үндэслэл нь энэ юм. Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурханы шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн төлбөр олгох тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Аливаа улс орны хүчирхэг байх эсэх нь нийгмийн оюун санааны нэгдмэл байдал, өвөг дээдсээс хадгалж ирсэн үнэт өвийн уламжлал байдаг. Үүний нэгэн тод жишээ бол өнгөрсөн жил Францын Парисын эх дагинын сүм шатахад дэлхийн нийтээрээ эмгэнэн харамсаж өдрийн дотор л сүмийг сэргээн босгох хандив мөнгө 270 сая еврод хүрч байсан нь хүн төрөлхтний хувьд биет болон биет бус өв соёл нэн чухал болохыг харуулсан юм. Монголчууд хаа байсан холын Францад Дарь эхийн сүм шатахад харамсан гашуудаж байсан хүмүүс. Нийтээрээ дуун алдаж, сошиалаар нэг юм болсон.  Түүн лугаа адил үнэ цэнтэй, урлаг, уран бүтээл, үүх түүхийн үнэт өв соёл устсан гэхээр зөвхөн шашин гэсэн утгаар нь хүлээж авалгүйгээр монголчуудын өв соёл, үнэт зүйлс гэж харах ёстой юм. Гадны уран баримал, сүм хийд, түүхийн бүтээл үнэ цэнтэй, Монголынх үнэ цэнгүй болж таарах уу. Мэдэгдэж байгаагаар 750 гаруй сүм хийдийг устгасан гээд бод доо. Францын нэг сүмийн дэргэд Монголын 750 сүм түүнийг дагасан цогцолбор төв, үнэт баялаг Монголд байсан юм.  Дэлхийн баячууд Францын баячууд дээр нь төр засаг нь мөнгөө зориулан байж сэргээн зассан. Харин Монголынх яагаад болохгүй гэж. Мэдээж энэ хуулийн төслийг өргөн барихаар өөр шашин шүтлэгтэй болон, зарим шашингүй үзэлтнүүд шүүмжлэх нь дамжиггүй. Зарим нь бүр зохион байгуулалттай дайрч давшилж байгаа нь ч харагдаж байна. Энэ бүх дайралтыг ирнэ гэж  эрхбиш хууль санаачлагч 54 гишүүн мэдсэн л байж таараа. Гэвч зоригтойгоор хуулийн төсөл   өргөн барьж байгаад нь харин ч баяр хүргэмээр байна.

Энэ хуулинд тусгагдсан нөхөн олговрыг хэдэн лам хувааж авах гэж байгаа мэтээр зориудаар мушгин гуйвуулж байна. Энэ бол хэдэн ламын цалин нэмэх гээд байгаа асуудал биш. Соёл түүхийн биет болон биет бус өвийг сэргээхэд зориулсан нөхөн олговор гээд цагаан дээр хараар тодоос тод бичсэн байна. Бүх л улс орнууд уламжлалт эсвэл нийгмийн зонхилох хэсэг шүтдэг шашин, соёлоо тал бүрээр нь дэмждэг. Тэр нь үндэсний эв нэгдэл бэхжихэд ч тустай юм. Тэр бүү хэл шашиндаа цалингаасаа тогтмол татвар төлөөд явдаг улс орнууд олон. Манайхны шүтээд дагаад байх дуртай Европчууд ингэдэг. Гэснээс өнөөх дэлхийгээрээ шүтээд байдаг Холливиудын одод чинь бүгд буддын шашин руу  шуурч байна.  Хамгийн энэрэнгүй, дайн самуун хийдэггүй, хэрүүл маргаан үүсгэдэггүй шашинтай улс шүү дээ, бид. Шинжлэх ухааны охь оргилуудын нэг Эйнштейн “Буддын шашныг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” гэж хэлсэн байдаг. Ийм шашин, түүх соёлын  биет болон биет бус өвд нөхөн олговор олгох нь түүхэн талаасаа ч,  эв нэгдэл талаасаа ч эсэргүүцээд байх ноцтой зүйл биш юм.

 Х.Өлзийбаяр

эх сурвалж gogo.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах