Путиныг эсэргүүцэгч А.Навальныйг суллахыг шаардаж Оросууд нэгдэж жагсав
ОХУ-д хүчээ авч буй эсэргүүцлийн жагсаал юунаас үүдэв. Гол шалтгаан нь Алексей Навальныйг хордуулж, баривчилсантай холбоотой юм.
Улс төрийн идэвхтэн, ОХУ-ын тогтолцоо, авлигыг хүчтэй шүүмжлэгч, Путиныг эсэргүүцэгч, блогер, хуульч Алексей Анатольевич Навальныйг суллахыг шаардаж оросууд нэгдэн жагссан. Энэхүү жагсаалд оролцсон түүний эхнэр Юлия Навальнаяг ч баривчлаад байгаа юм.
Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилж, авлигын эсрэг хөдөлгөөн өрнүүлдгээрээ алдартай.
Алексей Навальный гэж хэн бэ, түүний талаарх мэдээллийг орчуулан тоймлон бичсэн инженэр, нийтлэгч Э.Алтангэрэл https://www.facebook.com/AEnkhAmgalan бичсэнийг дор хүргье.
Алексей Навальный гэж хэн бэ?
Навальный гэж юу хийдэг, хэн болох, дунд нь ямар скандалууд болоод одоо яагаад ийм үймээн үүсээд байгаа, мань эрийн хүсэл тэмүүлэл, тулаад байгаа асуудлын талаар тоймлон бичлээ.
Александр Анатольвич Навальный 1976 онд Москва хотод төрсөн, Оросын сөрөг хүчний лидер, Авилгын эсрэг сангийн үүсгэн байгуулагч, хуульч, улс төрч, олон нийтийн зүтгэлтэн. Владимир Путины толгойлсон Оросын өнөөгийн удирдлагын гол өрсөлдөгчийн байр суурийг эзэлдэг хүн. Тэрээр Youtube-д өөрийн томоохон 2 сувгаар мэдээллийг хүргэдэг. Үүнд:
1. Алексей Навальный
2. Навальный LIVE
Тэрээр 2013 онд Москва хотын мэр-ийн сонгуульд оролцож, сонгогчдоос 27,24% санал авч хоёрдугаар байрт орж Сергей Собянинд ялагдсан. 2013 оны 11-р сараас хойш тэрээр “Россия будущего” улс төрийн намын Төв Зөвлөлийг толгойлж байв. 2016 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа олон нийтэд ил зарлаж бүтэн жил сонгуулийн сурталчилгаа хийсэн ганц улс төрч байсан хэдий ч 2017.12.25-ны өдөр Кировлесийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсантай холбогдуулан ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэхээс татгалзсан юм. 2017-2018 онд ОХУ-д болсон олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний гол зохион байгуулагч Алексей Навальный байв.
2010 оноос эхлээд Навальный болон түүнийг дэмжигчдэд улс төрийн шалтгаанаар эрүүгийн, иргэний болон захиргааны хэрэгт яллагдагч, гэрчээр татан оролцуулж шийтгэсэн байдаг ч тэрээр Европын хүний эрхийн шүүхэд хандсаны үр дүнд Оросын эрх баригчдын эсрэг нийт 225.000 еврогийн олговор авах 6 хэрэгт ялалт байгуулж байсан.
2012 онд Time сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад, 2017 оны 6-р сард Интернет дэх хамгийн нөлөө бүхий 25 хүний жагсаалтад оруулсан байна. 2017, 2019 онд тэрээр "Ведомости" -гийн мэдээлснээр оны шилдэг улс төрчөөр сонгогджээ. Судалгааны "Ромир" төвийн мэдээлснээр 2020 оны намар тэрээр оросуудын дунд итгэлцлийн үнэлгээгээр 4-р байр эзэлж, зургаан сарын хугацаанд 19-р байрлалаас өсжээ. 2020 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн.
Тэрээр 2020.08.20-ны өдөр хордлогын улмаас комд орж Герман улсад 2020.08.22-09.22-ны хооронд сэргээн засах эмчилгээ хийлгэж үхлээс аврагдсан байдаг. Олон Улсын Химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэдээлснээр түүнийг “Новичок”бүлгийн химийн дайны бодисоор хордуулсанг илрүүлсэн. 2021 оны 01-р сарын 17-нд Герман улсад эмчлүүлсний дараа Навальный болон түүний эхнэр Берлинээс Москвад газардсан даруйдаа баривчлагджээ. Түүнийг хорлогдсон мөчөөс л Олон улсад шуугиан дэгдэж энэ талаар хэвлэн нийтэлж байв. Европын холбоо, Их Британи нь ОХУ-ын өндөр дээд албан тушаалтнууд болон Оросын Органик хими, технологийн улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн оролцоотойгоор Навальныйгийн амь насыг хохироох оролдлогод оролцсон гэж үзэж тэдэнд хариу арга хэмжээ хүртэл авсан. Гэвч ОХУ-ын эрх баригчид түүнийг хордуулсан хэрэгт холбогдсон гэх мэдээллийг эрс няцаасаар байгаа юм.
Гэвч тэрээр 2020 оны 12-р сарын 21-нд дээр дурдсан өөрийн www.youtube.com сувгаар түүнийг хороох үйл ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байгаа ОХУ-ын аюулгүй байдлын албаны бүлгийн гишүүн дайны химик Константин Борисович Кудрявцев гэгчтэй холбогдож Холбооны аюулгүй байдлын зөвлөх Н.П.Патрушев-ийн туслах байна гэж ярьсан ярианы бичлэгийг олон нийтийн сувгаар цацсан ба өөрийг нь хорлохыг завдсан хүмүүс бол өнөөгийн ОХУ-ын төрийн эрх баригчид буюу Путин гэж тодорхой зарласан юм. Уг ярианд К.Б.Кудрявцев Омск хотод очиж түүний дотуур хувцсанд үлдсэн химийн хорыг арилгах арга хэмжээ авсан талаараа тодорхой ярьдаг. Уг бичлэгийг үзэхийг хүсвэл дараах линкээр үзэж болно.
Түүний удаах бичлэг www.youtube.com сувгаар 2021 оны 01-р сарын 19-ний өдөр “Путины ордон. Дэлхийн хамгийн том хээл хахуулийн түүх” гарчигтайгаар цацагдаж одоогийн байдлаар 77,1 сая хүн үзсэн үзэлттэй байна. Навальный олон жил өнөөгийн эрх баригчдийн хээл хахуулийн сүлжээг илрүүлэх, тэднийг илчлэх үйлсэд зүтгэж байгаа бөгөөд энэ бичлэгт тодорхой баримттайгаар өнөөгийн төрийн тэргүүний хээл хахуулийн сүлжээ болон олон нууц мэдээллийг ил болгохын сацуу уг бичлэгэнд Оросын нийт ард иргэдэд Навальный олон жил бидний төлөө тэмцлээ, одоо бид түүний төлөө тэмцэх цаг боллоо гэсэн уриалгыг дэвшүүлж 2021 оны 01-р сарын 23-ны 14.00 цагт орон даяар төв талбайдаа гарч жагсахыг уриалснаар өнөөдрийн их жагсаал цуглаан өрнөж байгаа билээ. Бичлэгийг яагаад түүний баривчлагдсаны дараа цацсан нь сонин байгаа биз. Учир нь Навальный өнөөдрийн эрх баригчид буюу Путинаас айхгүй байгаа бөгөөд гадаадад байхдаа биш гэртээ очсоны дараа уг бичлэгийг олон нийтэд цацаж айж зугтаагаагүй гэдгээ нотолж байгаа юм байна.
1-р зураг дээр Алексей Навальный
2-р зураг дээр Комд орсны дараа Герман улсад эмчлүүлэхээр ирэх үед
3-р зураг дээр Орос орон даяар түүний уриалсан эсэргүүцлийн жагсаал
4-р зураг дээр Одоо жагсаал өрнүүлж буй Оросын хотуудыг газрын зурагт харуулснаар
Хэрвээ та бүхнийг хүсвэл, дараагийн удаа тухайн бичлэгт ямар ноцтой баримтууд дэлгэсэн болоод Оросын ард иргэд ингэж их эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн талаар нийтлэх болно.
Сэтгэгдэл үлдээх