“Миллион алых роз” дууны эзэн ядуу зураач Пиросманигийн түүх
“Миллион алых роз” дууг дунд эргэм насны монголчууд бараг бүгдээрээ сонссон биз ээ. Раймонд Паулс, Андрей Вознесенский нарын бүтээлийг Алла Пугачева амилуулж, алдаршуулсан.
Энэ дуу бол эзэнтэй дуу. Францын алдартай, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйд сэтгэл алдарч, цонхны доор газраар дүүрэн цэцэгс дэвсэж хайраа илчилсэн хүн бол Гүржийн зураач Нико Пиросмани юм.
Николай Аспанович Пиросманишвили буюу одоо цагт Нико Пиросмани гэдэг товчилсон нэрээр нь олон нийт илүү мэддэг болжээ. Тэрбээр 1862 оны тавдугаар сарын 5-нд Гүржийн Тифлис мужийн Мирзаани тосгонд мэндэлсэн байна. Бага насандаа аав ээжийгээ алдсан Нико хүү аавынхаа ажиллаж байсан газар тогоочийн туслахаар ажиллаж амь зогоохын зэрэгцээ уран зурагт их дурлаж, зурдаг болжээ.
Нялхаараа өнчирсөн хүүг нутгийнхан нь эрвийх дэрвийхээрээ харж, халамжилсаар 1890 онд Кавказын Төмөр замд тасалбар борлуулагчаар ажиллаж эхэлсэн байна. Гэвч тэр ажилд татагдах хоргодох зүйл юу ч байгаагүй тул байн байн хоцорч, даргадаа загнуулж, торгууль хүртдэг байлаа. Ингэж дөрвөн жил дуртай дургүйн дундуур ажиллаад эргээр Тифлистээ очжээ.
Нутагтаа очоод найз нараасаа багахан хэмжээний мөнгө зээлж аваад урлан нээж, уран зураг зурж, түүгээрээ амьдралаа залгуулах болов. Никогийн онцлог нь тэр ямар ч зургийг маш хурдан зурдаг. Түүний бүтээлүүд ихэвчлэн хар суурьтай байдгаараа өвөрмөц. Мөн амьтан зурлаа ч нүдийг нь яг хүнийх шиг зурна. Зураач Ладо Гудиашвилигийн олж ажигласнаар бол “Тэр нүднүүд бол Никогийн өөрийнх нь нүд” гэнэ лээ.
Никогийн хамгийн алдартай зураг нь “Жүжигчин Маргарита”. XX зууны эхнээр Тифлист Францын алдартай театр айлчлан тоглолт хийхэд Маргарита де Севр гэж гайхамшигтай үзэсгэлэнтэй залуу жүжигчин бүсгүй байжээ. Түүнийг хармагцаа л Нико анхны харцаар дурласан байна. Зураг дээр цагаан даашинзтай бүсгүй цэцгийн баглаа барин зогсоно. Харин ард нь тайрчихсан хоёр мод харагдах нь Никогийн сэтгэлийн шархыг илэрхийлж буй хэрэг биз ээ.
Нико Пиросмани жүжигчин бүсгүйтэй тэр үеэр танилцаж, хаана амьдарч буйг нь олж мэджээ. Домогт өгүүлдгээр бол нэгэн нартай сайхан өглөө жүжигчин бүсгүйн байрласан зочид буудлын өрөөний цонхны доор газраар дүүрэн цэцэгс алаглуулан дэвссэн байлаа. Жүжигчин бүсгүй цэцгүүдийг хараад эхэндээ огт тоогоогүй гэдэг. Учир нь түүнийг эргүүлдэг, цэцэг илгээдэг эрчүүд олон байсан хэрэг. Гэвч ядуу зураачийн өөрийн бүх хөрөнгөө үрэн байж дэвссэн цэцэгс гэдгийг мэдмэгцээ гүйн очиж, үнссэн гэдэг юм билээ. Гэлээ тэдний хайр сэтгэл удаан үргэлжилсэнгүй. Өөр нэг түүхээр бол жүжигчин бүсгүй залуу дэгжин эр дагаж одсон ч гэх нь бий.
Нико Пиросмани 1918 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Маш ядуу тарчиг амьдралтай байсан учир тухайн үеийн ядуучуудын гэгдэх оршуулгын газар тавьсан учир шарилыг хожим хайгаад олж чадаагүй юм.
Түүнийг нас барсны дараа л урлагийн томчууд хүлээн зөвшөөрч, Пабло Пикасоо хүртэл үнэлж магтсан байдаг. Одоо түүний зарим бүтээл Третьяковын музейд байх бөгөөд Гүржийн олон ресторанд бүтээлүүдийнх нь хуулбарууд хананд өлгөөтэй.
1968 онд Нико Пиросманигийн уран зургийн үзэгсэлэн Луврын музейд гарахад “Жүжигчин Маргарита” бүтээлийг нэгэн ахимаг насны эмэгтэй өдөр очиж харж, харах бүрийдээ эхэр татан уйлсан нь Маргарита де Севр өөрөө байсан гэдэг.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх