Цэс Close

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг уу, гуулиар арилждаг уу

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг уу, гуулиар арилждаг уу

    Ямар нэгэн сонгууль ойртох бүрт хэн нэгний “нууц” бичлэг, зураг сүүлдээ бүр цахим захидал хүртэл задардаг боллоо. Бичиж буй имэйл, захиагаа хүртэл хажуу дахь “урвагч”-даасаа хамгаалахгүй бол нэг өдөр л нийтэд задардаг цөвүүн цаг ирсэн байна.  

    Бохир “улс төрийн тоглоом”-д гаршиж, мэргэшиж буй хэсэг бүлгүүдэд  хүний эрх, эрх чөлөө, хувийн нууцад халдах, хууль дүрмийг уландаа гишгэлэх, бусдын нэр хүндийг гутаан доромжлох мэдээж юу ч биш.  Тэд ямар нэгэн аргаар бусдын “мэдээллийг” гартаа оруулж, олон нийтэд шуугиан тарих замаар асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлэх нь л чухал.

   Гэхдээ одоо монголчууд нэг үеэ бодвол тун “хэрсүү” болсон.  Монголчуудын ихэнхи нь асар ихээр цацагдаж буй мэдээллийн урсгалаас аль нь зөв, бурууг ялгаж салгахтайгаа болж байгааг “шуугиан таригчид” өөрсдөө ч мэдээгүй яваа биз. Жишээ дурдвал, хамгийн сүүлд нийгмийг шуугиулаад амжсан хоёр “кэйс”-ийг эрүүл ухаанаар ялгаж, салгах гээд үзье. Нэг нь лифтэн дэх шүүгчдийн “бөөгнөрөл”, нөгөөх нь эрх чөлөөний оронд  эх орноо төлөөлөн сууж буй Элчин сайдын “задарсан” гэх захидал.  

    Эхнийх нь хүний хувь заяаг шийддэг эрхэм шүүгч болон хуулийнхан  улс орон даяар хөл хориотой байхад шөнө оройн цагаар олуулаа цугларч, охид хүүхнүүдтэй “зугаацаж” буй нь олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргэсэн.  Тэднийг “өмөөрөх” өнцөг олдохгүй байсан, үнэндээ. Тиймдээ ч энэ асуудал нэгэнт өндрийг авч, өнөөдрийг хүртэл яригдсаар буй. Дараагийнх нь АНУ-д суугаа манай элчин сайд нэгэн эрх мэдэлтний хүүхдийг сургах талаар нэр хүнд бүхий их сургуулийн захиралд илгээсэн  гэх “захидал”.  Энэ цахим захидлыг хүлээн авагч тал яагаад ч задруулахгүй нь хэнд ч ойлгомжтой. Яагаад гэвэл тэнд хувь хүний нууцийн асуудал маш өндөр түвшинд яригддаг. Тэгээд ч манайхан л шүүрч авч, сүржигнээд байгаа болохоос  АНУ-д бол хэн нэгнийг сургуульд сургахын тулд итгэж найдаж болох өндөр албан тушаалтнаас “Энэ хүн ийм тийм хүн шүү, би сайн мэднээ” гээд тодорхойлох нь энгийн л харилцааны асуудал болохоор тоох ч үгүй.

 Монголд ч ялгаагүй, гайгүйвтэр ажилд орох гэж, эсвэл магистр, доктороо хийхийн тулд бид аль л итгэлтэй, найдвартай, нэр хүндтэй  удирдагч багш, ажиллаж байсан газрын удирдлагаасаа, хамт олноосоо   “Би тун дажгүй нөхөр шүү” гэх маягийн  тодорхойлолтыг хүсдэг   биз дээ.  Угаас зарим газар тодорхойлолт шаарддаг л даа.  Яагаад нэг ч гэсэн Монгол залууг сайн сургуульд сургахын төлөө тухайн улсад суугаа Элчин сайд нь батлан дааж, захидал илгээж болдоггүй билээ. Тийм л сүрхий захидал, харилцааны “нууц” задалж чадсан юм бол Ё.Отгонбаяр сайдын бусад хүүхдүүдийг сургахын төлөө бичсэн “захидал”-уудаас  бас задалчихвал зүгээр байгаа юм.  Даанч тэд нь олны танил эсхүл улстөрчийн хүүхэд биш  л бол баргийн “нууц задрахгүй” байх л даа.

    Анх Ерөнхийлөгчийн Тамгын газар хавиас сураг чимээ нь дуулдсан энэхүү захидлыг тэгвэл хэн “задруулав” гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Явж явж хамгийн том дайсан хажууд л байдаг гэгчээр ЭСЯ-ныхан сайдынхаа бичиг баримт, компьютер төхөөрөмжийг онгичсон байх магадлал тун өндөр.

   Ер нь хэн ч бай, энэ захидлыг задалсан этгээд хувь хүний нууцын тухай хуулийг ноцтой зөрчсөн нь нэгэнт тодорхой байна.  Хувь хүний захидал харилцаа буюу  улс орноо гадаадад  төлөөлж буй  элчин сайдын цахим шууданг дураар ухаж төнхөж, бусдад дамжуулж, нийтэд задалсан процесст явж явж “төрийн албан хаагчид” л  шууд болон шууд бусаар хамаарч байгаа нь хэнд ч ойлгомжтой болж байх шиг.  Тэгвэл Хувь хүний нууцын тухай хуулийн 4.2.3-т хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана гэж зохицуулсан байдаг.  Хувь хүн тэр тусмаа төрийн хүний нууцад дураар нэвтрээд, бусдад дамжуулаад улмаар олон нийтэд түгээж байгаа нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч гэж хэлж болохоор байна.

    Тэгэхээр энэ захидлыг ямар нэг аргаар гартаа оруулж, улмаар нийтэд бахархалтайгаар “мэдээлсэн” ЕТГ-ын даргад ямар хууль үйлчлэх бол? Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг хууль, дүрэм үйлчлэх болов уу?!

    Ё.Отгонбаярыг Элчин сайдаар ажиллах хугацаанд нь АНУ, Монголын түншлэл илт сайжирч, эдийн засаг, худалдааны бүх үзүүлэлтүүд өмнөхөөсөө ахиж, өөлөх гоочлох юм үнэндээ  гарахгүй болоод ирэнгүүт ганц олдсон “сэжим” нь энэ захидал бололтой.  Энэ захидал тэдэнд “сэжим” төрүүлж байж болно, харин бидэнд “итгэл” төрүүлж байна.  Яагаад гээч, хэний хүүхэд нь хамаагүй,  Монголоор овоглогдсон олон залуус дэлхийн нэр хүндтэй сайн сургуульд суралцаж баймааж нь  Монголын ирээдүй гэрэлтэй болно.

    Ё.Отгонбаяр сайд  болж өгвөл зуун зуун бүр мянга мянган монгол залуусыг  сайн сургуулиудад “тодорхойлж”,  эрдэм соёлд нэвтрээд эх орондоо  ирэх “элч” нь болж өгөөрэй.

Д.Мөнгөндалай

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах