Цэс Close

Их Британийн хэвлэлүүд Роман Абрамовичоос уучлалт гуйв

ОХУ болон Израилийн иргэн, тэрбумтан Роман Абрамовичоос Их Британийн нэр хүнд бүхий хэд хэдэн хэвлэл уучлалт гуйсан тухай Английн “Челси”-гийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.

The Times-т өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гарсан нийтлэлд Роман Абрамовичийг ЗХУ-ыг задрахад улсын өмч хөрөнгийг зарж хөрөнгөжсний зэрэгцээ Их Британийн иргэнээс хасагдсан гэж мэдээлсэн нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Роман Абрамович нь хэзээ ч Их Британийн иргэн байгаагүй учир иргэний тооноос хасагдах боломжгүй юм. Тиймээс ийм ташаа мэдээлэл нийтэлснийхээ нөхөн төлбөр болгож тодорхой тооны мөнгийг түүний заасан хандивын санд нийлүүлэхэд бэлэн байна гэж The Times мэдэгджээ.

Мөн The Independent энэ оны хоёрдугаар сарын 6-нд “Владимир Путин бол гранат барьсан сармагчин ...” гэх гарчигтай нийтлэлдээ Путины гол ивээн тэтгэгч нь Роман Абрамович гээд түүнд хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байна.

Тэгвэл тус хэвлэл Путиныг Роман Абрамович ивээн тэтгэдэг гэсэн ямар ч бодит баримтгүй гүтгэлэг нийтэлснээ хүлээн зөвшөөрч, залруулга гаргаад шаардсан мөнгийг нь заасан хандивын сан руу шилжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

MailOnline өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд “200 сая паундын хөрөнгөтэй Роман Абрамовичийн Эзэнт гүрэн илэрлээ” гэх нийтлэлийг The Times-ийн материал дээр түшиглэн гаргаснаа мөн ор үндэсгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ мэтээр Их Британийн нэр хүнд бүхий хэвлэлүүд уучлалт гуйж, залруулга гаргаж, шаардсан нөхөн төлбөрийн мөнгийг Роман Абрамовичт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Одоо Роман Абрамович “Путины хүмүүс” хэмээх номыг бичсэн зохиолч болон мөн тус номыг хэвлэсэн хэвлэлийн газрыг шүүхэд өгөөд байгаа юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах