САНХҮҮГИЙН САЛБАРАА САМАРЧИХГҮЙ ЮМСАН
САНХҮҮГИЙН САЛБАРАА САМАРЧИХГҮЙ ЮМСАН
Өнгөрсөн он дэлхийн улс орны эдийн засагт туйлын халтай жил байв. Сүүлийн 100 жилд тохиолдоогүй их хямрал нүүрлэсэн гэж судлаачид дүгнэж байна. 2020 онд дэлхийн улс орнууд коронавирусын хямралаас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах зорилгоор төсөв, мөнгөний томоохон хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлсэн юм. Хөгжиж буй улс орнууд ч өөр өөрийн боломжоор тахлын нөлөөнд хамгийн их өртсөн эдийн засгийн салбарууд болон ажлын байраа алдсан ажилчиддаа санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлж байв. Ийнхүү төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлснээр ихэнх улсын өрийн хэмжээ үлэмж хэмжээнд нэмэгджээ. ОУВС-гийн мэдээлж буйгаар өндөр хөгжилтэй орнуудын хувьд өрийн хэмжээ ойролцоогоор ДНБ-нийх нь 20 хувь, харин дунд орлоготой орнуудын хувьд ДНБ-нийх нь 10% -иар өссөн дүнтэй байна.
Өр нэмэгдсэн асуудлыг засгийн газрууд хэрхэн шийдвэрлэх нь өнөөдөртөө тодорхойгүй байна. Өрийн дарамтыг бууруулахын тулд инфляцыг нэмэгдүүлэх төсвийн бодлого хэрэгжүүлэх магадлал шинжээчдийн санаа зовоож байна. Төрийн үүрэг бол үнийг тогтмол байлгах буюу инфляцыг нам дор байлгах явдал. Төв банкны үндсэн үүрэг ийм байдаг. Гэвч улсын төсвийн алдагдал ихээр хуримтлагдаж өрийн хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газар инфляцыг өдөөх сонирхолтой болдог. Яагаад гэвэл инфляц Засгийн газрын төлөх ёстой өрийн үнэ цэнийг бууруулдаг. Мөн засгийн газарт өрийг санхүүжүүлэх нэмэлт хөрөнгийг мөнгө хэвлэснээр бий болох инфляцын татвар болон сеньорж хэлбэрээр олгодог. Инфляцын татвар(Inflation Tax) гэдэг нь инфляцын үр дүнд үүссэн капиталын алдагдлыг хэлж байгаа юм. Тухайлбал, таны банканд хадгалсан хуримтлал инфляцын хувиар үнэгүйддэг. Тэр үнэгүйдсэн хувийг ингэж нэрлэдэг байх нь. Сеньораж (SE) нь төрийн мөнгө хэвлэх монополь эрхийн үр дүнд бий болох орлого юм. Мөнгө хэвлэх нь бараг ямар ч зардал шаарддаггүй бөгөөд хэвлэсэн мөнгөн дэвсгэртийг тэр дор нь бараа, үйлчилгээгээр солих бүрэн боломжтой аж.
Хэрэв засгийн газрын өр огцом нэмэгдсэнтэй холбоотой инфляц өсөж эхлэх аваас нэгэнт үүсэн хурдатгалыг зогсоох нь нэн хэцүү. Ийнхүү өнгөрсөн жил улс орнуудын хэрэгжүүлсэн эдийн засгийн хөшүүргүүд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн түвшинд ойрхон буюу сүүлийн 40 жилд ажиглагдаагүй инфляцын дарамтыг бий болгох эрсдэлтэй байна гэж шинжээчид үзэж байна. Тиймээс эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийн үр дагаврыг сайтар хянах, шаардлагатай бол ийм бодлогоо нэн даруй зогсоох ёстой гэж Америкийн Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Харвардын их сургуулийн ерөнхийлөгч, Клинтоны үеийн Сангийн сайд асан Ларри Саммерс анхааруулж байна.
Тэгвэл манай улс ямар байдалтай байна вэ. Дээр дурдсан эрхмийн үгийг сонссон хүн бий болов уу. Бүхэл бүтэн улсыг удирдаж байгаа Ерөнхий сайд нарын боловсролыг харвал маш чамлалттай санагдах юм. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байгаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990-д оны үеийн эдийн засгийн гүн хямралаас хойш Монгол улсын эдийн засаг 5.3 хувьд хүрч агшиж байсангүй. Хямралыг үндэсний нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Үйлдвэр, аж ахуй нэгжүүд дампуурч ажилгүйдэл нэмэгдсэнээр өрхийн орлого буурч, хүн амын амьжиргааны түвшин огцом унах зэрэг сөрөг үр дагавар дагалддаг. Бизнесийн үйл ажиллагаа доголдохтой зэрэгцээд улсын төсөвт орох ёстой татварын мөнгө ч багасна. Засгийн газар, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гадна дотноос зээл тусламж нэмж авахаас өөр гарцгүй болно. Гэтэл манай гадаад өрийн хэмжээ эдийн засагтайгаа харьцуулахад асар өндөр хэмжээнд хүрсэн. Үүнийг ч Дэлхийн банк зарласан. Гадаад өрийн хэмжээ зохих түвшнээс дээш гарах тохиолдолд эдийн засгийн макро үзүүлэлтүүд буурч, нийгмийн тогтворгүй байдал нэмэгдэн, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Тиймээс хямралыг өдөөхгүй байх нь улс, орныг залж яваа удирдлагын багийн анхаарлын төвд байдаг хамгийн чухал асуудал юм.
“Дэлхийн бүх улс хямарч байгаа, манайх ч ялгаагүй” гэж өмөөрч болох л доо. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан хариуцлагагүй олон шийдвэр эдийн засгийн нөхцөл байдал ийнхүү дордоход гол нөлөө үзүүлсэн байдаг. Үүнийг макро эдийн засгийн өнөөгийн үзүүлэлтүүдээс тодорхой харж болно. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давуулж өргөн барьдаг “хуучтай” боллоо. УИХ 2021 оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэтэл өнгөрсөн оны 8 сард 2020 оны төсвийн тодотголыг хийхдээ 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар хуульчилсан. Мөн 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн хүрээний мэдэгдэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Ийнхүү 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Төсвийн алдагдал бол өр! Энэхүү алдагдлыг иргэд, аж ахуй нэгжийн татвараар л барагдуулахаас өөр арга замгүй. Гаднаас зээл авч барагдуулсан ч түүний төлбөр хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж буй иргэдийн халаасыг ухдаг. Тиймээс Монгол улсын нийт өр болон Засгийн газрын өр сүүлийн хэдэн жилд асар ихээр нэмэгдэж олон улсын санхүүгийн байгууллагын анхааралд ороод байгаа билээ.
Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны 2 дугаар улирлаас хойш (Монголбанкны статистик мэдээллээр 2016 оны 2 улиралд Засгийн газрын нийт өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан) дөрвөн жилд 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Үнэхээр онц ноцтой асуудал. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Саяхан Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Ийм их хэмжээний өрийг өмнө нь ямар ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол улсын гадаад өр улс орны эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд аль хэдийн ирчихээд байна.
Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газар COVID-19 цар тахлын үед Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авахаар гэрээ байгуулсан. Үүнээс 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авах юм. Ийм их хэмжээний санхүүжилт хэрхэн зарцуулагдсан талаар тайлан өнөө хүртэл алга.
Өнгөрсөн жилээс эхэлж хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөр, удахгүй хэрэгжүүлэх 10 их наядын төлөвлөгөө дээр миний дээр дурдсан төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээг нэмбэл ДНБ-хээ хэмжээнд хүрч очих нь. Хэрэв эдийн засгийн ийм макро үзүүлэлтийг дээр нэрийг нь дурдсан Ларри Саммерс харвал лав галзуурна байх. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө 37 их наяд төгрөгөөр хэмжигдэх санхүүгийн чадавхтай улс оронд дэндүү ахадсан өр зээлийн хэмжээ. Энэ бол Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал.
Одоо удахгүй хэрэгжүүлэх 10 их наядын талаар авч үзье. Өнөөгийн банкны салбар ямар байдалтай байна вэ. Тэд ихнаяд төгрөгөөр хөтөлбөр хэрэгжүүлэх хүчирхэг байна уу гэвэл огт үгүй. Ганц жишээ хэлэхэд, 7 их наяд төгрөг салбарын хэмжээнд асуудалтай зээлд орж байна. Үүнд, 2 их наяд төгрөгийн чанаргүй зээл, 1.3 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл , 3.7 их наяд төгрөгийн цар тахлын нөлөөнд өртсөн зээл байна. Тэгвэл нийт салбарын хэмжээнд зээлийн үлдэгдэл нь 17 их наяд төгрөг байна. Тэгэхээр 2020 оны байдлаар банкны зээлийн 100 төгрөг тутмын 60 төгрөг нь хэвийн, 40 төгрөг нь асуудалтай гэж ойлгож болно. Энэ нь банкны салбар амиа тавьж байгаатай адилхан гэсэн үг юм.
Тэгвэл ийм их хэмжээний эх үүсвэр хаанаас гараад ирэв? Одоохондоо Монголбанкны өөрийнх нь чөлөөт эх үүсвэр хөтөлбөрт ашиглагдахгүй. Өнгөрсөн оны эхнээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, бизнесийн тодорхой бус байдал нэмэгдэж зээлийн чанар муудаж эхэлсэн. Ийм үед шинээр зээл гаргах эрсдэл огцом өссөн. Мөн хөл хорио нь шинэ зээлийн эрэлтийг бууруулсан. Иймээс арилжааны банкууд шинээр зээл гаргахын оронд төгрөгийн хадгаламжийнхаа хүүнээс бага хүүгээр буюу 2-4 хувийн алдагдалтайгаар Төв банкны үнэт цаас(ТБҮЦ)-нд эх үүсвэрээ байршуулж эхэлсэн. Ийнхүү ТБҮЦ хуримтлал 8 их наяд төгрөгт хүрсэн байсныг шинээр байгуулагдсан Засгийн газар эргэлтэд оруулахаар шийдсэн байна. Хэрэв эх баригчдын ярьж байгаачлан эдийн засаг сэргэлээ гэхэд арилжааны банкууд Төв банканд(Монголбанк) байгаа эх үүсвэрээ буцаан авч ашиглаж таарна. Тэр үед Монголбанк ямар үйлдэл хийх вэ? Мэдээж хөтөлбөрөө зогсоохгүй. Харин мөнгө хэвлэж таарна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг шинээр нэмнэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй инфляц өсөж таарна.
Зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд буюу 2016 оны 3 сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) нь 10.1 их наяд төгрөг байжээ. Гэтэл дөрөвхөн жилийн дотор буюу 2020 оны 12 дугаар сарын эцэст 24.2 их наяд төгрөг болсон байна. Зөвхөн дөрвөн жилийн хугацаанд 14 их наяд төгрөг мөнгөний зах зээлд нийлүүлсэн.
Инфляц гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөний ханшийн үнэгүйдэл юм. Инфляцад нөлөөлдөг чухал хүчин зүйл бол мөнгөний нийлүүлэлт. Үүнээс гадна төсвийн алдагдал инфляцыг хөтөлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ хоёр эрсдэл манай улсын хувьд хэрээсээ хэтэрчхээд байгааг би бодит статистик тоогоор жишээ татлаа.
Одоо ханш ямар учраас нэмэгдэхийг хэлье. Монголбанк ханшаа амжилттай барьж байна гэж хэлж байна уу. Тэгвэл ямар их хөрөнгө зарцуулж байгааг та лав мэдэхгүй. Монголбанк ханшаа бууруулахын тулд ямар ч үр дүнгүй интервенц хийж ирлээ. 2016 оны сүүлийн 6 сард 1 тэрбум, 2017 онд 670 сая, 2018 онд 1.5 тэрбум, 2019 онд 2.9 тэрбум, 2020 онд 3 тэрбум гаруй ам.доллар буюу нийтдээ 9 тэрбум гаруй ам.долларыг интервенцэд зарцуулжээ. Дөрвөн жилд ханшаа 40 хувиар алдахын тулд бараг 25 их наяд төгрөг зарцуулжээ. Аймшигтай тоо. Энэ салбар хаашаа явж байна вэ гэж дуу алдмаар. Ханшид нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бий. Тэр нь ирэх жилээс эхлэн дараалан гурван жил 2 тэрбум ам.долларын бонд төлөх асуудал биднийг хүлээж байгаа юм. Ер нь эдийн засаг идэвхжээд ирвэл өнгөрсөн жил шиг импорт экспортоосоо тэрбум гаруй ам.доллараар бага байхгүй нь мэдээж. Тэгэхээр ханш зайлшгүй өснө. Тэгэхээр ноён Ларри Саммерсын анхааруулаад байгаа шок монголын санхүүг самарчих байх гэсэн анхааруулгыг Л. Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхаарлын төвд байх учиртай юм.
2020 оны 3 сарын 29
Сэтгэгдэл үлдээх