Цэс Close

Коронагаас үүдэлтэй хямралыг давж дижитал хөрөнгөтний нийгмээ хөгжүүлье...

Д.Ганхуяг

Ийм утгагүй зүйлд төсвийг ихээр зарцуулдаг учраас сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн үр өгөөжөөр дэлхийд сүүл мушгих болсон. Мөн авлигын үзүүлэлт ч муудсаар байна.

Төрийн байгууллагын контор нэмэг­дэхээр  ашиглахын тулд төрд ажиллаж байгаа хүний тоо, тэдний цалин хангамж, НДШ, мөн байшингийн ашиглалтын зардал нэмэгдэж төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлдэг... ингэж контор улс...данхар төр бий болсон. Ер нь парламент дээрээ цэцэрлэгийн зэрэг барилгын төсөв яриад суудаг, яамд нь тендер шалгаруулдаг улс орон ховор.Парламент ийм асуудалд биш хөгжлийн асуудал, иргэн баян бол улс баян байх зорилгыг хэрэгжүүлэх бодлого гаргах зэрэгт илүү анхаардаг.Шаардлагагүй байшин барих нь сонирхол их байгаа нь хувийн ашиг сонирхол, нөгөө талаас дараагийн сонгууль бодсон арга хэмжээ байх талтай. Улстөрчид очиж тууз хайчилдаг. Энэ бүхэн бол томоохон хоцрогдол. Парламентын засаглалтай орнуудад “Улс төрийн нам, улстөрчид нь дараагийн сонгууль биш улсын эрх ашиг, мөн арай холын ирээдүй бодож  шийдвэр гаргадаг  болсон  цагт, тэр  улс хөгждөг” гэж гадны нэгэн улстөрч хэлсэн байдаг.

Вакцинжуулалт хоёр сараар хоцорч байгаад төр, засаг буруутай болвоос, үүнээс улбаатай иргэд, айл өрхүүдийн амьдралд учирсан эдийн засгийн хохирлыг хэн нөхөн барагдуулах вэ?

Хөл хорио зэрэг нь бизнесийн үйл ажиллагааг хумьж иргэд, ААН-үүд  орлогогүй болсон үед цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах болсон нь сайн боловч, яагаад хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дуусссан байх долдугаар сарын 1 байдаг билээ гэдэг нь анхаарал татсан асуудал мөн. Хэрэв вакцинжуулалтаа хурдан хийсэн бол тавдугаар сарын 1, сунжирлаа гэхэд зургаадугаар сарыг 1 гэхэд хөл хорио, ямар нэг хязгаарлалт байхгүй болох байсан гэсэн тооцоо, байр суурь гарч байна. Цаг хугацаа гэдэг хэзээ ч нөхөгдөхгүй тул үүнээс үүдсэн хохирол ч их байх нь ойлгомжтой.

Дэлхий даяараа XXI зуунд биотеррозимм­тэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах тодруулбал, нүүрсхүчлийн хийг багасгах асуудал хамгийн чухал байна гэж бичсээр, ярьсаар байна. Иймд энэ халдварт өвчинтэй тэмцэхэд санаатай, санаагүй алдаа гаргаж нийт иргэдийг эдийн засгийн эрх ашгаар нь хохироож байгаа улстөрчидтэй хариуцлага тооцох­гүй байж боломгүй. Хэрэв өнөөг хүртэл энэ халдварт өвчнийг тархаахгүй  байхын тулд  зарцуулсан  цаг хугацаа, гадны орон, олон улсын байгууллагаас авсан 1.9 их наядын зээл тусламж, нийт 5 их наядын төсвийн хөрөнгийг улс төрийн зорилгоор, эсхүл буруу зүйлд хууль бусаар зарцуулсан эсэхийг тайлагнах, тайлагнуулах шаардлагатай байна. Нийгэмд энэ талаар шүүмжлэл ихээр гарсаар байхад УИХ дуугай байгаад байгаа нь хачирхалтай байна. Хэрэв “Муу хүн чөлөөнөөр, Чоно борооноор” гэдэг шиг халдварт өвчинтэй тэмцэх хөрөнгийг буруу зорилгоор ашиласан,цаашид энэ нь даамжирвал эдийн засгийн аюулгүй байдалд заналхийх болно.

Одоо Өмнөд хөршөөс авахуулаад олон улсын хэмжээнд эдийн засаг хурдацтай сэргэх нь ойлгомжтой  болж байна. Халдварт өвчиний асуудал нь цаашид ч их багаар үргэлжлэх нь  тодорхой учраас зарим орнууд шийдвэрийн хурдац, чанартай судалгаа, бодлогын тогтвортой байдал, хариуцлагатай байх зэрэг хүчин зүйлийг тооцож Парламент дээрээ “Халдварт өвчинтэй тэмцэх бодлого гаргах” зорилго бүхий түр хороо байгуулж байна.

Түүхээс  харахад олон улсын хэмжээ­ний халдварт өвчин, эсхүл дэлхийн дайны дараа олон улсын нийгэм, эдийн засгийн амьдралд шинэ дэглэм бий болох, өмнө нь байсан зарим зүйл огт үгүй болж, шинэ зүйл, хөгжлийн шинэ чиг хандлага бий болж иржээ. XVIII зууны Англид гарсан аж үйлдвэрийн хувьсгалаас улбаалсан хөрөнгөтний нийгэмд зохицуулалтын чанартай өөрчлөлт орж олон хүндхэн сорилт давж  өнөөг  хүртэл  200 гаруй жилийн хугацаанд  үргэлжилсээр байна. Энэ  удаа ч  коронагийн  дараа ч хөрөнгөт­ний нийгэм үргэлжлэх нь тодорхой болчих­сон байна.

Коронагаас үүдэлтэй эдийн зас­гийн хям­ралыг  ухаалгаар давахын тулд ард­чил­сан, хуулийн загаглалтай ор­нууд дотроо харьцангуй залууд тооцогдох, шинэ зүйлд дасах чадвар өндөртэй,  мэдрэмжтэй, авьяастай ард түмэнтэй,баялаг ихтэй Монгол Улс энэ хямралыг боломж болгох төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй байна. Ийм төлөвлөгөөг гадны зарим улс орнууд аль хэдийнэ гаргаад хэрэгжүүлээд явж байна.

Коронагийн дараах Монгол Улсын Шинэчлэл, хөгжлийн дунд хугацаа (4 жил хүртэлх)-ны төлөвлөгөө (Post Corona, medium-term“until four years” plan reform and development of Mongolia) гэх төлөвлөгөө. Саяхан Засгийн газар нийлүүлэлт тодруулбал бараа, үйлчилгээ үйлдвэрлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих 10 их, наядын төлөвлөгөө гаргаснаа зарлалаа.

Энэ бол сайн үйлс, сайн хэрэг. Дэлхийн улс орнууд  коронагийн ид үед төсвийн зарлагыг эрс  их тэлсэн ч одоо бол  аль болох төрийн эдийн засаг дахь оролцоог хумих, хувийн хэвшлийг шууд дэмжих бодлогоо идэвхжүүлж байна. 10 их наядын бодлогоо хэрэгжүүлэхдээ гарах сөрөг үр дагаварт онцгой  анхаарах. Гол нь  төгрөгийн ханшны уналтаа тавиад туучихдаг гашуун туршлагаа давтахгүй байх,энэ эрсдэлийг тооцож удирдах.Өнгөрсөн 17 жил,тусмаа сүүлийн жилүүдэд сонгуулийн амлалтаас болж их хэмжээний бэлэн мөнгө хэвлэж тарааснаас төгрөгийн ханш огцом унаж доллараар тооцоход эдийн засагт өсөлт огт гараагүйгээр зогсохгүй, сүүлийн 10 жилд нэг хүнд оногдох ДНБ дунджаар 4100 ам.долларын түвшинд хэлбэлзэн, дундаж цалин 400 ам.доллароос дээшилсэнгүй.  Ингэснээр өргөн хэрэглээний  бараандаа импортын барааны агууламж ихтэй манай орны хувьд юмны  үнэ байнга өсч монгол айл өрхүүдийн 40 хувь  нь ядуурлын байдалтай, гурван иргэний нэгээс илүү нь ядуурлын хүрээнд баг­тах болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.

Дээр дурдсан дунд хугацааны төлөвлөгөө хэрэгж­сэнээр “Ухаалаг төр засаг (жижиг, авсаархан) бий болж дижитал шилжилт хурдацтай” явагдах юм. Хямралын төлөвлөгөөг гаргахдаа ч, хэрэгжүүлэхдээ ч зөвхөн иргэд, хувийн хэвшлийн санал, оролцоонд үндэслэж хийх зайлшгүй шаардлагатай. Тодруулбал, Хөрөнгөтний  нийгмийн төр, засгийн үйл ажиллагаанд тогтмол  ашигладаг  bottom up менежмэнтээр энэ ажлыг явуулах нь зөв байх.

Шалтгаан нь сүүлийн жилүүдэд эдийн засаг дэх төрийн оролцоо, түүнчлэн төрд ажиллаж байгаа хүний тоо ихээр нэмэгдэж, улс төрийн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэн далд эдийн засаг нэмэгдэж 30 гаран хувьтай гэсэн судалгаа гарсан байна.

Ер нь хувийн хэвшлийн татвараар үйл ажиллагаа явуулдаг ардчилсан төр, засаг хувийн хэвшлийн хийж чадах “компаниуд дангаар буюу хамтраад хийчих” ажлыг булаан авч төрийн өмчит компани байгуулан тэдэнтэйгээ өрсөлдөнө гэдэг нь ардчилсан хөрөнгөтний нийгэмд байж болохгүй зүйл. Тэгээд төрөөс олон тооны олигархиуд төрнө, төрийн түшээд нь баялаг бүтээгчидээсээ илүү контор, тавилга, өндөр үнэтэй машинаар тансаглана. Энэ  байдлаас  улбаалж  авилгал гаарч, үзүүлэлт нь үргэлж буураастай. Ийм нийгэм нь тогтолцоо болон шинжлэх ухааны тодорхойлолт  талаас нь авч үзвэл  коммунизм ч биш феодалын нийгэмд илүү ойрхон юм.

Бид ийм л нийгэмд амьдарч байна.

Энэ  бүхнийг  Үндсэн хуулиа баримталж шинэчлэн өөрчлөлтийг хийх боломж ядахдаа хөгжилтэй орны хэл устай залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд л байна... Ийм ажлыг хийхдээ ихэнх орнууд Үндэсний хэмжээний бүтэц, эсхүл ажлын хэсэг байгуулж байсан туршлагууд зөндөө бий.

Үндэсний гэдэг нь бүх намуудаас гол нь УИХ-д суудалтай намуудаас ярьдаг биш, ажил хэрэгч бага ч болов мэргэшсэн хүмүүсийг нь оруулах гэсэн санаа юм.

Хөрөнгөтний нийгмийн талаар яагаад энд ярих болов...?

Хөрөнгөтний нийгэм гэдэг нь өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм юм. Ердөө л иргэн баян бол улс баян гэсэн уриаг хэрэгжүүлэх зорилготой нийгэм. Иргэд хуулийн дагуу бий болгосон хувийн өмчтэй, энэ өмчөө өсгөж үржүүлэх, өвлүүлэхийг төр, засаг нь дэмждэг, хамгаалдаг нийгэм. 1992 оны Шинэ Үндсэн хуулиараа (ҮХ гэх) Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ, иргэддээ тэгш боломжийг олгоно, үзэл бодлоор нь ялгаварлахгүй, төр, засаг зөвхөн хуулийн хүрээнд ажиллаж эрх зүйт төрийн зарчмаар ажил­­лана (хуулийн засаглал), өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч хуулиар хамгаална, шударга өрсөлдөөнөөр хөгжих хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засагтай хүмүүнлэг, чинээлэг ир­гэний ардчилсан нийгмийг цогцлоон хөг­жүүлнэ хэмээн тунхагласан. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний дотор иргэд хувийн өмчтэй байх эрх нь чухал байр суурийг эзэлдэг. Монголчууд бид өнөөг хүртэл шинэ Үндсэн хууль, түүнчлэн  сонгуулийн хуулийн дагуу иргэд нь төр, засгаа сонгох ардчилсан чөлөөт сонгуулийг найман удаа явуулсан. Энэ бол том амжилт. Шат шатны сонгуулийн үр дүнгээр төр, зөсгийн улс төрийн бай­гууллагад сонгогдсон төлөөллөөрөө дам­жуулан иргэд төрийн эрхийг барилцаж, мөн  тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, тангаргаасаа няцвал буцаан татах эрхтэй. Энэ хугацаанд алдсанаасаа оносон гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Гэвч Ардчилсан, хуулийн засаглалтай Монгол улсад байж боломгүй асуудлууд сүүлийн үед их гарах болов. Тодруулбал, өнөөгийн төр засаг Үндсэн хуульд заасан эрх зүйт төрийн зарчмаар ажиллахгүй бол Ардчилалд аюул учирхад ойртсон байна. Тухайлбал, төрд  ажиллаж  байгаа  Ерөнхий  сайдаас эхлүүлээд хэн ч байсан Үндсэн хууль бусад хууль тогтоомж зөрч­­сөн нь тодорхой байхад хариуцлага хү­лээл­гэхгүй бол эрх зүйт төрийн зарчим (хуулийн засаглал) алдагдаж байна гэж үздэг.

Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ? Дээр өгүүлсэн асуудлын гол шалтгаан нь улстөрчид, зарим улс тө­рийн хүчин 30 жилийн өмнө даван туулж (капитализмыг алгасч) ард хоцорсон коммунист нийгмийн үзлийг иргэдэд сур­талдаж иргэдийн сэтгэл зүйгээр тоглох, эсхүл  сэргээж улс төрийн зорилгоор болон сонгуульд ашиглах явдал гарах болов. Ухарсан, байрандаа хий эргэлдсэн энэ номлол нь Ардчилсан Монгол Улсын хөгжлийг чөдөрлөсөөр байна.

Монгол Улсад ер нь хуучин социалист орнуудад Хөрөнгөтний нийгэм гэхээр дур­гүй хүмүүс их байдаг. Энэ нь урт хуга­цаанд хүйтэн дайны үед дэлхийн улс гүрнүүд капиталист болон социалист лагерт хуваагдан  үзэл суртлаар тэмцэж байсантай холбоотой. Энэ үзэл суртлыг нам (нэг намын тогтолцоотой үед), засгаас нь  зохион байгуулалттайгаар  явуулж ирсэн учир хүмүүсийн оюун ухаанд илүү гүнзгий суусан нь ч ойлгомжтой. Гэхдээ өнөөгийн бид коммунист нийгмээр 70 жил явж өнөөгийн энэ нийгмийн суурийг бүтээсэн өвөг дээдэс, аав, ээж ахмадууддаа үргэлж хүндэтгэх  учиртай. Коммунист үзэл сур­талд тэр үеийн монголчууд буруугүй. Мөн Хүний тархинд сайтар суусан үзэл суртал жижигхэн доргиолтоор амархан сэргэдэг гэдэг. Тэр үед коммунист ор­нуудад үзэл сурт­лыг хамгийн чадварлаг эзэмшсэн хүмүүс эвлэлийн залуус ялангуяа цэргийн эвлэлийн сэтгүүлчид (продагандист) байсан гэдэг.

Хөрөнгөтний нийгмийг (капиталист) улс төрийн шинжлэх ухаанд “Хувийн өмчтэй иргэн банк зэргээс мөнгө зээлж үл хөдлөх хөрөнгө(газар хөгжүүлэлт) болон үйлдвэрлэлийн байгууламж зэргийг бий болгож үйл ажиллагаа явуулахдаа хүмүүст цалин  болон  урамшуулал  ол­гон ажиллуулж бүтээгдэхүүн үйлчил­гээ үйлдвэрлэн борлуулж, олсон орлогоо­соо дахин хөрөнгө оруулалт хийж үйлд­вэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засгийн тэлэлт болон өсөлтийг дэмжих тогтолцоо” гэж тодорхойлжээ. Эндээс Хөрөнгөтний (капиталист)нийгэм гэдэг нь товчхондоо иргэдийн хувийн болон бусадтай хоршсон өмчтэй( компани) байхыг дэмжинэ, хуулиар хамгаална гэсэн агуулгатай болох нь тодорхой байна.

Монгол Улс одоо хүчинтэй мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хуулиараа Хөрөнгөтний нийгмийн зарчмаар хөгжинө гэдгээ тунхаглаад  30 жил болж байна. Гэтэл саяхан “Эрхзүйт төрийн индэр дээрээс Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага УИХ-н өмнө Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн биелэлтийг хариуцаж, хэрэгжилтийг улс орон даяар зохион байгуулах эрх, үүрэгтэй, төрийн сүлдэндээ тангарагласан цорын ганц улс төрийн алба тушаалтан Ерөнхий сайд нь намаа доромжлуулахгүй шүү гэж Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн  УИХ дахь цөөнхийн гишүүдийг дарамтлав... Чөлөөт эдийн  засаг  гэж байхгүй гэсэн мэдэгдэл хийв... шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад  байсхийгээд л хэн нэгэн буруутанг оллоо гэж УИХ, Засгийн газрын гишүүд мэдэгдэл хийнэ, уг нь Үндсэн хуульд  зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч ингэж зарлаж болохгүй, Төрийн ордонд эсхүл олон нийтийн газар төрийн албан хаагчдыг дуудаж авчирчхаад зайлцгаа та нар гээд загнах зэргээр маш харамсалтай үлгэр дуурайлалгүй байдал гаргана.. нөгөөдүүл нь юу ч дуугарахгүй, хүн болсон хойно гэр бүл, найз нөхдөөсөө санаа зовж нь мэдээж байх,угтаа  бол ардчилсан оронд улс төрчид болон төрийн албан хаагчид хоорондын харилцаа зөвхөн хуулиар зохицуулагдах учиртай... Энэ одоо юу болоод байна? Хэдэн он бэ? аль нийгэм бэ? Хойд Солонгос уу, төрийн албан хаагчид нь улстөрчдийн боол юм уу гэсэн асуултууд гарч ирэх нь ойлгомжтой!  Хэрэв  бидний  ярьдаг, дуурайхыг оролддог ардчилсан оронд  улстөрийн албан ту­шаалтан Үндсэн хууль зөрчсөн ийм мэдэг­дэл хийсэн бол шууд огцордог. Энэ нь ухамсар оюун санааны хувьд санаа зовмоор хоцрогдсоныг л нотолж байна. Эрх баригч МАН-ын дарга нарын ийм мэдэгдлүүд нь бүгд Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Гэтэл Үндсэн хууль болоод бусад хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж нийт иргэдийн өмнөөс ардчилал, хуулийн засаг­лалыг  хамгаалан бэхжүүлж  Үндсэн  хууль  зөрчсөн этгээдтэй улстөрийн ха­риуц­лага тооцох үүрэгтэй УИХ юу хийж бна вэ?

Энүүгээр би улстөржиж МАН, энэ намын дарга нарыг харлуулах зорилго байхгүй. Монгол Улсад хам­гийн нийц муутай сонгуулийн тогтолцоо бий бол­гож,сонгогч иргэдийн 44.6 хувийн буюу цөөнхийн санал авсан ч төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын 83.3  хувийг бүрдүүлж байгаа МАН-ын дарга нар муу байх нь Монгол Улсад, монголчууд бидэнд яагаад ч сайн биш ээ. Парламентын засаг­лалтай улсад олонх нь цөөнхөө сон­сох, иргэдийг төлөөлж төрийн эрх барьж  байгаагийнхаа хувьд иргэдийнхээ шүүмжлэлийг сонсож алдаагаа зассанаар л сайн засаглаж, Монгол Улсаа хойшоогоо биш урагшаагаа хөгжиж, өнөөгийн бид хойч үедээ хүн амьдрахад сайн орчинтой нийг­мийг хүлээлгэн  өгөх боломжтой болно.Үүнийг сэтгэлээсээ хүсч байгаа учраас эрх баригч дарга нарт ил тодоор шүүмжлэлтэй хандаж байна.

Хойшид яах вэ? Ингээд коммунист нийгэм ч юм шиг, феодалын нийгэм ч юм шиг яваад байх уу. Үндсэн хуулийг холбиролтгүй мөрдөж ажиллах нь төрийн эрхийг барьж байгаа улстөрийн  нам, улстөрчдийн Ард түмэнтэй байгуулсан гэрээ тул хуулиа мөрдөхөөс гадна  Ард  түмнийг  төлөөлж  төр, засгийн эрхийг барьж байгаа гэдгээ умартаж болохгүй ээ... Ямар сонгуулийн тогтолцоог сайн тогтолцоо гэх вэ гэвэл сонгуульд ялсан улстөрийн нам нийт сонгогчдын 60-аас доошгүй саналыг авах, хүчтэй цөөнхтэй тогтолцоог хэлнэ гэж бичсэн байна.

Цаашид Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа ядахдаа Үндсэн хуулийг судлуулдаг байя... Мөн бусад орон шиг шинэ УИХ бүрэлдэнгүүт Үндсэн Хуулиар сургалт хийдэг баймаар байна.  Ер нь  улстөрийн  намууд  ардчиллын мөн  чанар, улмаар Үндсэн хуулиа ч ойлгох чадваргүй хүмүүсийг төрд илгээж улс, нийгмийн хөгжлийг хэд хэдэн жилээр хойш татаж, бусниулуулдгаа болимоор байна. Улстөрчид хуулиа мэддэггүй, мөрддөггүй, илт хууль зөрчсөн байхад улс төрчидтэй хариуцлага тооцохгүй болохоор эрх зүйт төрийн зарчим алдагдаж иргэдийн төр­дөө итгэх итгэл алсарсаар байгаа нь бодит үнэн... Одоогийн дарга нарын Ард­чиллын 30 гаруй жилд улс төрийн то­гоонд чанагдчихаад Үндсэн хуулиа мэдэхгүй байгааг юу гэж ч хэлмээр юм бэ? Дээрээ суудлаа олохгүй бол Доороо гүйдлээ олохгүй” гэдэг л болоод байна. Бүх ард түмний дэмжин байгуулсан хуулийн засаглалтай ардчилсан төрийг аль XIX зууны коммунист  арга барилаар удирдан чиглүүлэх нь хойч ирээдүйд ихээхэн хор учруулах болно. Энэ дэлхийн дээр тогтолцооныхоо хувьд жинхэнэ утгаараа коммунист орон гэвэл ганцхан Солонгос улс л байх шиг байна...

Халдварт өвчин, дэлхийн дайн хоорон­доо хэрхэн уялдаж, эдгээр сорилтын өмнө хойно хөрөнгөтний нийгэм, дэлхийн эдийн засаг хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн бэ?

XIV зуунд Хар тахал гарч Европт 50 ор­чим сая хүн нас  баржээ. Энэ өвч­ний дараа ХАА-н салбарт ажиллах хү­ний тоо цөөрсний ул­маас боолын нийгмийн тогтолцоо суларч Англи улсад аж үйлдвэрийн хувьсгал гарах нөхцөл бүрдсэн гэдэг. XV зуун хүртэл боолын нийгэм үргэлжилж, тариаланчид Хааны албатуудын эзэмшлийн газар дээр ажиллаж амиа зогоож амьдарч байв.

Энэ үеэс  эрх мэдэлтэй болсон Солон­­гос зэрэг орны хаадууд гадаад худал­даагаар хөрөнгөжиж эхлэв. Мөн Англи болон Нидерланд улсад хувийн хэвшлийн  компани  байгуулагдаж, хувь­цаат компани бий болох тогтолцоо үүсэв.

Гэхдээ гадаад худалдааг XII, XIII зууны үед энэ дэлхийд Чингис хааны Монголын эзэнт гүрэн эхлүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

XVI зуунд “Салхин цэцэг өвчин” дэлхийг бүрхэж ойролцоогоор 1.9 сая хүн нас барсан гэдэг. Энэ үед эрдэмтэн Колумб Америк тивийг нээжээ. Энэ XVI зуунд шашны ертөнцөд шинэчлэл явагдаж лам нар хоол хүнсээ өөрсдөө зохицуулахын тулд ажил хийж орлого олох боломжтой болов.

Ийм байдлаар Хөрөнгөтний нийгмийн үндэс болох ашиг, орлогын төлөөх сонир­хол эрс нэмэгдэж XVIII зуунд аж үйлдвэрийн хувьсгал гарч Хөрөнгөтний нийгэм цэцэглэн хөгжиж эхлэв. Аж үйлд­вэрийн салбарт Тоног төхөөрөмжийн хувьсгал явагдан тариаланчид үйлдвэрт ажиллах болов.

Энэ үед эдийн засгийн шинжлэх ухааны эцэг Английн эдийн засагч Адам Смит-ийн “Үл үзэгдэгч гар” нь эдийн засгийн өсөлтийг бий болгоно, төр хувийн хэвшлийн хийж чадах ажилд бүү оролц, битгий садаа бол гэх номлол гарч ирэв. Энэ номлолын дагуу Аж үйлдвэрийн хувьсгалтай залган капиталист эдийн засаг хөгжсөн.

XIX зуунаас XX зууны эхэнд зургаан удаа холери өвчин дэлхийд тархсан байна.

Энэ өвчнөөр ойролцоогоор 1 сая хүн нас барсан гэдэг. Энэ үед Бохирын шугам болон нийтийн эрүүл ахуйн хөгжүүлэх үзэл баримтлал идэвхжсэн байдаг.Одоогоос 100 жилийн өмнө Испани улсад шувууны ханиад өргөн хүрээнд тархаж, 40 сая орчим хүн нас барж байжээ. Энэ өвчин нь дэлхийн I дайныг зогсооход нөлөөлсөн гэдэг. 2008 оноос хойш шувууны ханиад “Сарс” өвчнөөр найман сая хүн нас барж, энэ өвчин дэлхийд тархаад байна.

2019 оноос цар тахал өвчин гарч өнөөгийн байдлаар 130 сая өвчилж, 74 сая хүн буцаж эдгэрэн, 2.83 сая хүн нас барсан байна.

XIX зуунд Их хямралууд ар араасаа даган гарсан.

Германы эдийн засагч Карл Маркс капитализмыг эсэргүүцэн, социализм гэх засгийн газрын төвлөрсөн удирдлагат эдийн засгийн тогтолцооны санааг дэвшүү­лэв. Энэ үед Дэлхийн I дайн эхэлсэн нь эдийн засгийн шинэ тогтолцоо бий болоход түлхэц болсон гэдэг. Дайнд ихээр туйлдсан Орос улсад хувьсгал гарч, социалист Зөвлөлт Холбоот Улс төрөв.Тухайн үед улс төрийн  манлайлал  ихтэй  үйлдвэрлэлийн уламжлалтай гэгддэг АНУ-ын нөхцөл байдал сайн байсан боловч 1929 онд хөрөнгийн зах зээлийн уналтаар ажилгүйдэл ноцтой байдалд  хүрсэн. Энэ үед эдийн засгийн “үл үзэгдэх гар”-н номлолыг зогсоож чадсан нь Английн эдийн засагч Кейнс байсан. Тэрээр Засгийн газрыг эдийн засагт оролцох оролцоог нэмэгдүүлэх явдлыг хүчтэй шаардаж байсан. Энэ үед Ерөнхийлөгч Рузвельт улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлсэн бо­ловч, эрсдэлд орж 1939 онд дахин дэлхийн II дайн дэгдэв. Дайны дараа капиталист улс АНУ болон  Социалист Зөвлөлт Холбоот Улсын сөргөлдөөн ширүүсэв. Хүйтэн дайны үе эхлэн Герман улсыг зүүн, баруун хоёрт хувааж Берлиний хана баригдав. Энэ үед Америкийн төс­вийн алдагдал нь эдийн засгийн дарамт болж, 1970-аад оны газрын тосны хоёр дахь хямралд нэрвэгдэв. Эдийн засгийн уналт болон үнийн өсөлт хоёр зэрэг явагдах стагфляци  үүсэв.  Энэ байдлаас үүдэн “Үл үзэгдэх гар”-ыг дахин сэргээх оролдлого дахин идэвхжсэн билээ.

Энэ үед Германы эрдэмтэн Хайек Эдийн засгийг чөлөөтэй зах зээлд нь даат­гах хэрэгтэй, АНУ-ын Фридман Зас­гийн газ­рын  зохицуулалт байхгүй байсан нь дээр ч бидний хүсч байгаа нь неоли­берализмын бодлого гэсэн ном­­лолыг дэвшүүлсэн.Энэ үзэл баримт­лалд суурилан бодлого явуулсан нь Английн ерөнхий сайд Тэтчер болон АНУ-ын ерөнхийлөгч Рейган нар байв. Нөгөөтэйгүүр социалист улсуудын эдийн засаг шалдаа буун, төлөвлөлт эдийн засагт дур­гүйцэх хүмүүс нэмэгдэн 1989 онд Берлиний хана нурж, үзэл суртлын дайны төгсгөл ирэв. Капиталист орнууд үндсэн суурь нь болж эдийн засаг даяарчлагдах явц хурдсав. Даяаршлал үндэс нь болсон капиталист эдийн засаг тогтвортой хөгжих болов. Гэвч 2008 оны АНУ-ын хөрөнгө оруу­лалтын сан болох Риманы цочролоор нөхцөл байдал орвонгоороо эргэв. Өөрч­лөлтийн давлагаа үүгээр зогссонгүй. Мөн цаг уурын өөрчлөлт нь бизнес эрхлэгч­дэд зайлшгүй туулах бэрхшээл болж ирлээ. Их гүрнүүдийн удирдагчид чөлөөт өрсөлдөөнөөс болгоомжилсон бодлого явуулах боллоо.Баян ядуугийн ялгаа ч нэмэгдэх болов.

Гэвч яг одоо Эдийн засагт дижитал мэдээлэл нь том үнэ цэнийг бий болгож, IT-ын  хувь  хүн гэж хэлэгдэх мэдээлэлийн технологийн компаниудын хөгжил илт онцгойрон тасарч, түүнчлэн эдгээр ком­паниудын үнэлгээ маш ихээр түүхэнд байгаагүй өссөөр байна. Коронагийн үед орон зайнаас үл хамаарах онлайн бизнес асар хурдацтай хөгжлөө.

Энэ үед гарч ирж буй номлол нь “авсаархан төр, дижитал шилжилтийг хурдацтай явуулах, энэ IT-н салбарт төрийн хувийн хэвшлийн ажил үйлчилгээ авах худалдан  авалтыг шударгаар ил тодоор нэмэгдүүлэх...” болж байна.

Эцэст нь манай улсын өнөөгийн эдийн засаг дахь төрийн хэт их оролцоо, эдийн засаг аж үйлдвэрийн бодлогын тодор­хой бус байдал, үр өгөөжөөр мууд тооцогдох улсын төсвийн бодлого, баял­гийн оновчгүй хуваарилалт, төр, төр ба хувийн хэвшил хамтарч хийх  учиртай дэд бүтцийн асуудал, уул уурхайн бус болон уул уурхайн салбарт боловсруулах аж үйлдвэрийг дэмжих бодлого,хөрөнгө оруулалтын бодлогын тогтворгүй байдал зэргийг яаралтай өөрчлөн шинэчлэх шаардлагатай болсон байна гэж үзэж байна.

ДНБ-ий 35 орчим хувьтай жилийн улсын төсвийн зарлага нь тэнцэж байгаа нь өндөр үзүүлэлт. Үүнээс гадна төрийн өмчит 500 гаруй ААН (ТӨҮГазар ороод) үйл ажиллагаа явуулж тэнд 100 гаруй мянган хүн ажилладаг гэсэн мэдээлэл гарсан. Дээр нь улстөрийн бодлогоос хамаарч далд эдийн засаг ихээр болсон. Энэ ААН-үүд нь асар их алдагдалтай үйл ажиллагаа явуулж байна. Хотын төвд ойрхон эдгээр ААН-үүдэд шахаа хийгээд байнга ажиллах сонирхолгүй олон хүмүүс байдаг гэх. Угаас Монгол Улсад ажиллах хүчин багатай, дээр нь цалин багатай тул олон залуус гадаадад ажилладаг. Энэ төрийн өмчит ААН-жээ одоо хувьд шилжүүлэх. Гэхдээ энэ нь зүгээр өгөх биш ХБиржээр хувьчлах нь шударга. Ингээд харахаар амьдралаа авч явдаг, татвар төлдөг хувийн хэвшилд үсрээд 500 мянган хүн ажиллаж байх шиг бна. Хөдөлмөр эрхлэх боломжтой олон арван мянган хүн халамж авч байна. Улстөрчид “Ард түмний амьдрал ийм муу байна” гэж популизм хийдгээ болж өгвөл зогсоож “Хөдөлмөр эрхэлж зүтгэж байгаа иргэд, ААН-ээ сайн жишээ болгож ярих” тийм цаг ирсэн байна. Тэртээ тэргүй өөрсдөө хичээхгүй бол сайн явахгүй хөрөнгөтний нийгэмд амьдарч байхад, төр, улстөрч ярихаар сайн болгоно гэж мөс долоологодогоо болимоор байна. Сайн зүйл яривал үйлс сайн байна. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэсэн онч мэргэн үг байдаг.

Одоо төрийн байгууллагын зардлыг эрс бууруулах цаг нь болсон.

Энэ ихээр барьсан төрийн байгууллагын контортоо тооллого хийж ихэнхийг нь уралдаант шалгаруулалт, эсхүл урт хугацааны түрээсээр хувьд шилжүүлэх. Энэ  барилгууд тэр чигээрээ төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлдэг. Үндсэн хууль болон төсвийн тухай хуульд заасны дагуу Төсвөөс төрийн чиг үүрэгт үл хамаарах барилга байгууламжид хөрөнгө оруулалт хийхээ зогсоох. Мөн хувийн хэвшлийн хийж чадах бизнесийг төр эрхэлдгээ болих. Хэрэв ингээд байвал хувийн хэвшлийнхэн татвар төлөхгүй байх эрх зүйн үндэслэл бүрдэнэ. Төсвийн хөрөнгө  оруулалтыг нийгэм, эдийн засгийн  ач холбогдлоор нь эрэмбэлэхийг хатуу хуульчлах. Монгол Улсад одоо хамгийн туламдсан асуудал нь эдийн засгийг тэлэх, тулгамдсан томоохон асуудлуудаа шийдэх, төр бизнес хийдгээ зогсоож хувийн хэвшлээ дэмжих.

Тулгамдсан асуудал гэхээр минийхээр бол Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол. Хотын нэг иргэн энэ түгжрэлд жилд 36 өдрийг зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь жилийн нийт хоногийн 10 хувь, Монгол Улсын жилийн ДНБ 33-34 их наяд төгрөг, үүний 10 хувь нь 3.3-3.4 их наяд төгрөг. Ийм дүнтэй тэнцэх бүтээмжийг алдаж байна гэсэн үг. Хотын агаарын бохирдлын түвшингээрээ дэлхийд айр­гийн тавд орж байна. Одоо бол зүгээр бая­жуулсан нүүрс хэрэглэж байгаа учир утаа буурсан, энэ бол сайн хэрэг. Гэхдээ технологио сайжруулж тэр хорт бодисыг арилгаж сайн чанартай хагас коксжсон шахмал түлш хэрэглэх хэрэгтэй. Ер нь ийм төслийг төрийн өмчит компани хийдэг нь маш буруу. Хурдхан хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. Ийм асуудлууд байсаар байтал хамаг төсвөө төрийн байгууллагын контор барихад зарцуулдаг нь харамсалтай.

Гурав дахь хөрш болон өмнөд хөршийг оруулаад өөрсдөө ороод ганц ган үйлд­вэрлэх цогцолбор барихад эдийн засаг дахин тэлэхээр тооцоо бий. Гэтэл түүхий эдийн экспортыг дэмжсэн татварын орчныг бүрдүүлчихээд сууж байдаг.

Хувийн хэвшлийг дэмжихэд эхлээд төр шаард­лага­гүй зүйлд огт оролцохгүй байх. Оролцвол зөвхөн бизнесээ дэмжсэн бусад оронтой харьцуулсан өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах.

Бизнeсийнхэн маань авлигач улс­төрчдийг ил далд дагаж давхихгүй байвал ихэд сайн. Энэ тал дээр ажил олгогч эздийн холбоо, МҮХАТэнхим, баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нэгдэж сайн ажилламаар байна.

Монгол Улс ДНБ-ээсээ давсан га­даад худалдааг  хийж бна. Дотооддоо ч  худалдаа үйлчилгээ сайн хөгжиж бай­­на. Гэтэл эдийн засаг, худалдаа,аж үйлд­­вэрийг дэмжсэн яам байхгүй явж ир­лээ. Яаж байгаа юм бол оо...Нэгдсэн тех­ник, технологийг хөгжүүлэх бодлого ч алга...

Дэлхийн ардчилсан зах зээлийн эдийн засагтай орнуудын 90 гаруй хувь ийм бодлогын яамтай бна. Энэ яам нь эдийн засагт оролцох биш, хувийн хэвшлээ тогтвортой бодлогоор дотоод, гадаадад дэмжиж түншилж ажилладаг яам.

Улс төр, дипломатын мэргэжилтэй ГХЯ болон  дотоодын ХАА-гаа дэмжих мэргэ­шил зорилготой төрийн албан хааг­чид орчин үеийн худалдаа, эдийн засаг, аж үйлд­вэрийн бодлого гаргана гэж байхгүй...

Хуулийн засаглал шударга ёс...

Ер нь энэ Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой, Оюу толгой түүнчлэн улсын төсвөөс хайгуул хийсэн стратегийн 15 ордод  лав гараа  дүрж  хууль  бусаар бая­жиж олигархи болсон улстөрчдөөсөө улс­ төрийн намууд нэн хурдан салах хэрэг­тэй. Нам цэвэрлэгдэж байвал сонгуульд ялна. Нам цэвэр байвал улс төр цэвэр байдаг гэж энэ нийгэмд ярьдаг нь ийм учиртай.

Шударга ёсыг тогтоохын төлөө Х.Баттулга Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нар тэмцэж эхэлсэн. Гэтэл У.Хүрэлсүх нь замын дундаас тодорхой бус шалтгаанаар явчих шиг боллоо. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгч энэ тэмцэлд ганцаардаж байгаа нь илт харагдаж байна.

Хэрэв төрийн өмчит компанийг цаа­шид зайлшгүй байлгая гэж байгаа тохиол­долд хуулийн орчныг  сайжруулах менеж­мэнтийг сайжруулах хэрэгтэй. Өмнө нь бизнес хийж байгаагүй улстөрчийн цүнх баригч компани удирдаж болохгүй. Хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад Төрийн  өмчит компаниудын бүтээмж нь 3-4 дахин бага, харин удирдлагын зардал нь бол 4-5 дахин их байгаа гэнэ.Ийм байхад яаж хол явах билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах