Цэс Close

ЦАР ТАХАЛ ДУНДАЖ ДАВХАРГАД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

Цар тахал хүн төрөлхтөнд олон таагүй “гэнэтийн бэлэг” барьсаар байна. Үүний нэг жишээ нь дэлхийн хүн амын дундаж давхаргын хүрээ хумигдаж, ядуу иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа талаар Pew Research судалгааны төвийн эдийн засагчид тооцоо хийжээ. Pew Research төв нь Вашингтон  хотод байрладаг судалгааны байгууллага юм. АНУ болон дэлхий дахинд анхаарал татаж буй нийгмийн асуудал, олон нийтийн санаа бодол, хүн ам зүйн чиг хандлагын талаар санал асуулга явуулах, даацтай судалгаа хийж гарсан үр дүнг олон нийтэд танилцуулсаар иржээ. Хэдхэн хоногийн өмнө тус байгууллага сүүлийн хорин жилийн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн олон зуун арга хэмжээний үр дүн өнгөрсөн ганц жилд үгүй болсон талаар судалгаа танилцуулав.

Коронавирусын цар тахал дэлхийн өнцөг булан бүрд амьжиргааны түвшинг бууруулж, дундаж орлоготой олон зуун сая хүмүүсийг ядуусын эгнээнд шилжүүлж байна. Pew Research судалгааны төвийн тооцоогоор 2020 онд дэлхийн хүн амын амьжиргааны дундаж давхаргад хамрагдах иргэдийн тоо цар тахлын өмнөх төсөөллөөс 54 саяар буурч, ядуусын эгнээ 131 саяар нэмэгджээ. 2011-2019 онуудад дэлхийн дундаж давхаргын хүмүүс ойролцоогоор 54 саяар нэмэгдэж байсныг цар тахал, ийнхүү үгүй хийж орхив.  Дэлхийн дундаж давхаргын гуравны нэг орчим хувь Хятад улсад оногддог бөгөөд хэрэв энэ улсын эдийн засаг хурдан сэхэл аваагүй байсан бол гарах дүн нь  шокод оруулах байсан нь эргэлзээгүй. Шинэ зуун гарснаас хойш ядуу иргэдийн тоо анх удаа нэмэгдсэн байна. Одоо манай гаригийн арван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд багтах болжээ. 

Дэлхийн нийт хүн амыг орлогын түвшингээр нь таван бүлэгт хувааж үздэг. Үүнд,  

  • ядуу (2011 оны худалдан авах чадварын үнэлгээгээр өдөрт 2 доллар хүртэл орлоготой хүнийг энэ ангилалд оруулж тооцно), 
  • дунджаас доогуур (өдөрт 2,01-10 ам.долларын орлоготой),
  • дундаж  (өдөрт 10.01-ээс 20 хүртэлх ам.долларын орлоготой), 
  • дунджаас дээгүүр (өдөрт 20.01-ээс 50 хүртэлх ам.долларын орлоготой), 
  • чинээлэг (өдөрт 50-аас дээш ам.долларын орлоготой) гэж ангилж байна.

Цар тахлын өмнө, дэлхийн ядуу бүлэгт хамрагдах хүний тоо нийт амьдарч буй хүмүүсийн 8.7 хувь, дундаж орлоготой нь17.8 хувь, чинээлэг нь 7.6 хувийг эзэлж байв. Цар тахлын дараа энэ  харьцаа тус бүр 10.4 хувь буюу 0.8 тэрбум, 17.1 хувь  буюу 1.32 тэрбум, 6.8 хувь буюу 0.53 тэрбум иргэн болж өөрчлөгдөөд байна. Харин дундаж орлоготой бүлэгт тооцогдох иргэд өндөр хөгжилтэй орнууд болон Европод 16 саяар, Төв Азийн бүс нутагт 1 саяар  нэмэгджээ. Энэхүү өсөлт нь амьжиргааны түвшин дээшилсэн гэсэн үг ердөө биш. Харин өндөр орлоготой   байсан хүмүүс дундаж давхарга руу унасан гэж ойлгож болно.

Өндөр хөгжилтэй орнуудад дундаж давхаргын стандарт дэлхий нийтэд мөрддөгөөс өөр байж болно. Жишээлбэл, 2020 онд АНУ-ын 4 гишүүнтэй гэр бүлийн нэг хүнд оногдох орлогын хэмжээ өдөрт 15.9 доллароос доош байвал ядуу гэр бүлд тооцогдож байна. Энэ нь  АНУ-д ядуу ангилалд багтдаг иргэн дэлхийн жишгээр дундаж орлоготой бүлгийн төлөөлөл болохоор байгаа юм. Өндөр орлоготой буюу чинээлэг хүмүүсийн дийлэнх нь (80% -иас дээш) хөгжингүй орнуудад амьдардаг. Хямралын улмаас эдгээр улсын өндөр орлоготойд тооцогдох иргэд 10% буюу 47 саяар багасчээ. Энэ дүн дэлхийн хэмжээнд 62 саяар бууралттай байгаа юм. 

Өмнөд Азид дундаж давхарга хамгийн ихээр буурч, ядуу иргэдийн тоо хамгийн их буюу 78 саяар (дэлхийн хэмжээнд 131 сая хүн) өссөн байна. Ийнхүү 1.86 тэрбум хүн амьдардаг энэ бүс нутагт дэлхийн нийт ядуу иргэдийн дөрөвний нэг нь оногдох боллоо. 2020 онд дэлхийн хамгийн ядуу буурайд тооцогдох Өмнөд Африкын орнуудад ядуу иргэдийн тоо 40 саяар нэмэгджээ. Сахараас өмнүүр орших улсуудад нийт 1,14 тэрбум хүн ам амьдарч байгаа бөгөөд ядуу иргэдийн тоо 0.5 тэрбумаас давсан үзүүлэлттэй байна.

Дунджаас дээгүүр орлоготой хүмүүсийн тоо 36 саяар буурч (1.14 тэрбум), дунджаас доогуур орлоготой хүмүүсийн тоо 21 саяар (3.96 тэрбум) өсжээ. Харин бага орлоготой буюу ядуу иргэдийн тоо огцом өссөн. Одоо манай гаригийн хоёр иргэн бүрийн нэг нь энэ ангилалд багтаж байгаа юм. Дэлхийн хэмжээнд ингэж статистик тоо гаргаж байгаа нь олон улсын байгууллагууд дараа дараагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөхөд чухал алхам болох юм. 

МОНГОЛ УЛС БА ДУНДАЖ ДАВХАРГА

Харин манай улсын хувьд ийм бодитой статистик үзүүлэлтийг хараахан гаргаж амжаагүй байна.  Уг нь аймаг, сум, дүүрэгт төлөөлөл нь ажилладаг данхар бүтэцтэй статистикийн байгууллага нь дундаж давхаргын талаарх тодорхой үзүүлэлтийг гаргах боломж байх л учиртай. Энэ үзүүлэлт маш чухал. Учир нь улс орныг удирдаж байгаа улс төрийн хүчний үйл ажиллагааг энэ үзүүлэлтээр дүгнэж болдог юм. Хятад улс хүн амын дундаж давхаргын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Урд хөршийн төрийн тэргүүн ч үүнийг аливаа олон нийтийг хамарсан хурал, цуглааны үеэр дурдах дуртай. Зөв бодлого хэрэгжүүлж байгаагаа харуулах чухал статистик учраас аргагүй биз. Харин манай улсад энэ тоогоо мэддэг улс төрчид байна уу? Үгүй л болов уу. Уг нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нь дундаж давхарга юм л даа. Нийт хүн амынх нь дийлэнх нь энэ давхаргад багтах тусам улс орон хөгжиж байгааг илтгэж байдаг.

2019 оны есдүгээр сард “Алсын хараа 25” хэмээх хэлэлцүүлгийн үеэр манай статистикчид Монгол Улсын хүн амын 59 хувь нь дундаж давхаргад орно хэмээн график үзүүлж байв. Одоогийн ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Монгол улсын дундаж давхарга 16 хувь байгааг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ гэж амлаж байсан санагдана. Дэлхийн банкны судалгаагаар, өдрийн орлого нь 10.1-20 ам.долларын  хэрэглээтэй иргэдийг дундаж бүлэгт хамруулдаг. Хэрэв ийм  аргачлалаар тооцвол манай улсын дундаж давхарга нийт хүн амын ердөө 10 гаруй хувийг эзлэх дүн харагддаг.

Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн 2 жил тутам “Ядуурлын дүр төрх” тайланг боловсруулж, нийтийн хүртээл болгож байна. Хамгийн сүүлд 2018 онд ядуу ангилалд нийт иргэдийн 28.4 хувь буюу 905 мянган хүн байна гэж тооцсон. Үүн дээр 475 мянган иргэн дундаж давхаргаас доош унах магадлал өндөр гэж анхааруулж байв. Цар тахал олон хүнийг ажилгүй, орлогогүй болгож улмаар дундаж давхаргаас хагас сая иргэн  ядуусын эгнээнд шилжсэн байх магадлал өндөр байна.  Ер нь манай төр дундаж давхаргын нийгэмд эзлэх жинг өсгөж үзүүлэхийг чармайдаг. Гэвч эдийн засгийн бусад үзүүлэлтээр нь дундаж давхаргын хувь хэмжээг таамаглах боломж бий. Өөрөөр хэлбэл, статистикийн байгууллагын гаргаж буй үзүүлэлтийг ойролцоогоор боловч хянаж болдог.

Монгол улсын төсвийн орлого сүүлийн 4 жилд огцом өссөн. 2016 онд Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5 их наяд 835 тэрбум төгрөг байв. Тэгвэл 2020 онд энэ тоо 12 их наяд 900 тэрбум болж хоёр дахин нэмэгджээ. Энэ хэмжээгээр татвар, хураамж  өссөн байж байна. Өөрөөр хэлбэл татварын дарамт нэмэгджээ. 

Энэ хугацаанд өрхийн орлого дорвитой нэмэгдээгүй атал гадаад валюттай харьцах төгрөгийн ханш түүхэнд байгаагүй хэмжээнд буюу 40 орчим хувиар суларчээ.Төсвийн зарлага 13 их наяд 872 тэрбум төгрөг болж, өмнөх оноосоо 19.7 хувиар өсөв. Энэ нь мөн л татвар төлөгчдийн үүрэх ачаа улам хүнд болсон гэдгийг сануулах үзүүлэлт. Ажлын байрыг тогтвортой бий болгох томоохон хэмжээний мега төслөөс нэг нь ч урагш алхсангүй. Ийм бодлогын хэлмэгдэгч нь дундаж давхарга болдог. 

Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90 гаруй хувийг татварын орлогоос бүрдүүлдэг атал хүн амын орлогын татвар үүний 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа явдал нь миний дээр дурдсан бүхнийг батлах бас нэгэн үзүүлэлт юм.  Өөрөөр хэлбэл, дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлого огт хэрэгжсэнгүй. Энэ нь Монголын төр өмнөө тавьсан тодорхой зорилгогүй, урсгалаараа хөвж явна гэсэн үг. Үүнийг Монгол улсын нийгмийн дийлэнх хувийг бага орлоготой иргэд бүрдүүлж байгаагаас ч анзаарч болно. Тэгэхээр, халамжийн бодлого хэрэгжүүлэхээс өөр арга арга одоохондоо энэ улсад алга. 

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 5.1 их наяд төгрөгийг зарцуулах эрх өвөртөлсөн. Ингэснээр ямар ч шийдвэрийг бие даан гаргах санхүүгийн чадвартай  Засгийн газар бий болсон. Гэвч 1.7 тэрбум ам.доллараас  иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийг хэвийн байдалд нь оруулахад нэн шаардлагатай коронавирусын эсрэг вакциныг захиалаагүй байсан нь өнөөдөр ил боллоо. Хамгийн үнэтэй вакцин авахад 40 сая ам.доллар хангалттай юм. Гэтэл ийм хэмжээний мөнгийг УИХ-ын сонгуульд санал авахад зарцуулсан байх юм. Тухайлбал, цар тахлаас иргэдээ хамгаалахад биш харин ямаанд мөнгө өгсөн байна. 2020 оны 5 сарын 1-ний өдрөөс ямааны 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгөөр тооцож, нийт 203,441 малчин, мал бүхий иргэдэд 175 тэрбум төгрөг тараажээ. Дээр нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж нийт 242,992 иргэнд 27.5 тэрбум төгрөг, халамжийн  тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 67.3 мянган иргэнд олгожээ. “Сонгогчид хэдий чинээ ядуу байна, тэднийг худалдаж авах замаар төр барих амархан” гэдэг ойлголт Африкийн ядуу орнуудад л хэрэгждэг юмсан. 

Коронавирусын цар тахал ийнхүү халамжийн бодлого хэрэгжүүлдэг зүүний чиглэлийн намын хувьд “аманд нь орсон шар тос” болж хувирчээ. Тэтгэврийнхэн банкны зээлээ тэглүүллээ, зээл авч байгаагүй ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгөх аж. Монгол улсын хүүхэд бүр 100 мянган төгрөг, иргэн бүр 300 мянган төгрөг аваад зогсохгүй өрх бүр цахилгаан дулаан, хогны төлбөрөө төрд даатгав. Уул нь бусад улсууд цар тахалтай холбоотойгоор ажлын байраа алдсан, нэн ядуу иргэддээ бэлэн мөнгө өгч байгаа юм. Манайд ядахдаа судалгаа нь ч алга. Хоёрхон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. “Сэнсэрсэн” эдийн засгийнхаа хүч чадлыг шавхан байж сонгуульд ялалт байгуулах нь, эрх баригчдад хамгаас чухал ажээ. Харин дараа нь энэ улсын ирээдүй хаашаа чиглэх, олон мянган ядуу иргэд юу хийж амьдралаа залгуулах нь огт хамаагүй болж таарлаа. Бид чухам хаашаа явж байна вэ?

2020 оны 4 сарын 12

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах